Шууд Chart

Ормузын хоолойг тойрсон АНУ, Ираны сөргөлдөөн хурцдав

2026-08-14 11:57:50

АНУ, Ираны Ормузын хоолойг тойрсон цэрэг, улс төрийн сөргөлдөөн үргэлжилж байна. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал наймдугаар сарын 13-нд агаар, усан гадарга болон усан доорх нисгэгчгүй байлдааны төхөөрөмжийг нэгтгэн ашиглах олон улсын тусгай хүч байгуулснаа зарлаж, “Жорж Вашингтон” нисэх онгоц тээгч хөлгийг Ойрх Дорнод руу илгээж, “Авраам Линкольн”-ыг орлуулахаар төлөвлөсөн байна. 

Мөн Ираны тал Ормузын хоолойг өөрийн хяналтад байлгаж буйгаа дахин мэдэгдэв. Ираны цэргийн командлалын мэдээлснээр тус улсын зөвшөөрөлгүйгээр ямар ч хөлөг онгоц аюулгүй нэвтрэх боломжгүй аж.

Харин Вашингтон үүнтэй эсрэг байр суурь илэрхийлж, Ираны эсрэг хэрэгжүүлж буй тэнгисийн бүслэлтийг удаан хугацаанд үргэлжлүүлэх цэргийн чадавхтай гэдгээ мэдэгджээ.

Хоёр талын маргаан зөвхөн хоолойн хяналтаар хязгаарлагдахгүй байна. Вашингтон эхлээд усан замын хөдөлгөөнийг хэвийн болгохыг шаардаж байгаа бол Тегеран АНУ Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ цуцалж, өмнө тавьсан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр суурь баримталж буй.

Эдийн засгийн дарамт ч нэмэгдэж байна. АНУ Ираны боомт, далайн тээвэр болон санхүүгийн урсгалд тавих хязгаарлалтаа өргөжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд нэмэлт арга хэмжээг ойрын хугацаанд зарлах төлөвтэй.

Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тээврийн гол гарцуудын нэг учраас сөргөлдөөн удаан үргэлжилбэл олон улсын эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлөх эрсдэлтэй.

Шинжээчдийн үзэж буйгаар одоогийн гол зөрчил нь хоолойг хэн хянах вэ гэдгээс илүүтэй, ямар нөхцөлөөр дахин нээх вэ гэдэг дээр төвлөрчээ. Хоёр талын байр суурь ойртохгүй хэвээр байгаа тул бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэл ойрын хугацаанд буурах шинжгүй байна.


Ормузын хоолойг тойрсон АНУ, Ираны сөргөлдөөн хурцдав  
Үзсэн: 47 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй