Шууд Chart

Монголын шилдэг гэрэл зурагчдын үзэсгэлэнг Стокхольм хотод дэлгэнэ

2017-10-06 09:06:47

"Mongolian Landscape Photography" гэрэл зурагчдын клуб нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 100 орчим гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл энэ сарын 14-ний өдөр Итали улсын Бассано-дель-Граппа хотноо нээлтээ хийх олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнд тус клубын гэрэл зурагчид шилдэг бүтээлүүдээрээ оролцох гэж байна. Хоёр жил тутамд зохиогддог тус арга хэмжээнд манай уран бүтээлчид хоёр дахь удаагаа оролцож байгаа аж.

Энэ жилийн "Bassano-2017" үзэсгэлэнгийн дараагаар эдгээр шилдэг уран бүтээлчийн фото-аялал Скандинавийн орнуудаар үргэлжлэх бөгөөд Швед улсын нийслэл Стокхольм хотод 21-23-ны өдрүүдэд очихоор төлөвлөөд байна. Энэ үеэр буюу аравдугаар сарын 22-ны ням гарагт Шведэд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан зургаан гэрэл зурагчны хамтарсан "Монгол орон-2017" бэсрэг үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

Энэхүү үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын Нэгдсэн холбоо, Байгалийн гэрэл зурагчдын клуб болон Стокхольм хот дахь Монгол гэрэл зургийн "СлаваФото" студи хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Швед дэх Монголчуудын Үндэсний холбоо, Монголын Соёл Мэдээллийн төв, Хэл соёлын "Төгс Билэгт" төв зэрэг байгууллага ивээн тэтгэгчээр ажиллах юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр эдгээр залуусын дурандаа буулгасан Монгол орны байгалийн шилдэгийн шилдэг 50 орчим бүтээлийг нийтэд үзүүлэх бөгөөд худалдаа явагдана. Фото аялалынхаа хүрээнд ердөө нэгхэн өдөрт багтаан уг үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах аж. 

Үзэсгэлэн энэ сарын 22-ны ням гарагт "Төгс Билэгт" сургалтын төвийн байранд 10.00-18.00 цагт болно.

Нийтэлсэн: Р.Слава

Монголын шилдэг гэрэл зурагчдын үзэсгэлэнг Стокхольм хотод дэлгэнэ   
Үзсэн: 1760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй