
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд энэ оноос дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон албан байгууллагуудын дэргэд цусны төв байгуулж эхлээд байна. Тухайлбал, “Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт Цус Сэлбэлт судлалын төв ЭМЯ хамтран цусны шинэ төвийг нээлээ. Өндөр хөгжилтэй орны 1000 хүн тутмын 36.4 хүн нь цусны донор байдаг бол манайд 7.4 хүн л цусаа өгч байна. Цаашид иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс иргэдэд тэр дундаа улсын цусны нөөцийн 60 хувийг бүрдүүлдэг оюутан залууст цусаа бэлэглэхийн ач тусыг ойлгуулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг хийнэ гэдгээ ЦССТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр мэдэгдлээ. Цусны донор иргэдийн тоо тогтвортой өсөж өнгөрөгч онд 9378 хүн цусаа өгчээ. ЭМЯ энэ онд хоёроос дээш удаа цусаа өгсөн 170 байнгын донорыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулсан байна. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 133 удаа цусаа өгсөн иргэн Д.Бум-Эрдэнийг “Шударга журам” медалиар шагнаж байсан билээ. Зөвхөн иргэн төдийгүй хамт олон, анги нэгтгэлээрээ цус хандивлах үйл хэрэгт идэвхитэй оролцож эхэлсэн бөгөөд өнгөрөгч онд цусны донор хамт олноор ХААИС, ЗХЖШ-ын салбар ангиуд шалгарчээ. Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэй хүн гурван сард нэг удаа цусаа өгч болно. Цус өгч сэтгэлийн буян хийх хүсэлтэй иргэд үнэ төлбөргүй цусны оношилгоонд хамрагдан, цусныхаа бүлгийг мэдэж болно. Мөн та 17 - 60 насны, 45 дээш кг жинтэй, элдэв төрлийн өвчин эмгэггүй, сарын тэмдэг ирээгүй, ойрын 2 өдөрт антибиотик хэрэглээгүй бол цусны төвд ирэх эсвэл явуулын хөтөлбөрт хамрагдан амьдрал бэлэглэж ачтан болох боломжтой юм.
Цусны нөөцийн 60 хувийг оюутнууд бүрдүүлдэг | ||
Үзсэн: 1499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.