Шууд Chart

Монгол гэрэл зурагчдын бэсрэг үзэсгэлэн Стокхольм хотод амжилттай зохион байгуулагдлаа

2017-10-29 12:49:35

Монгол гэрэл зурагчдын бэсрэг үзэсгэлэн Стокхольм хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэ гэрэл зургийн үзэсгэлэнг сурвалжилсан гадаадын сэтгүүлч “Энэ бол алс хол орших гайхалтай нутаг, хэмжээгээрээ Скандинавын бүх орны газар нутагтай тэнцэнэ. 60 сая малтай, гуравхан сая хүн амтай энэ сонирхолтой улс та бидэнд ойрхон ирээд байна...” хэмээн өөрийн нийтлэлдээ онцлон тэмдэглэжээ.



Энэ өдрүүдэд Монголын Гэрэл зурагчдын Нэгдсэн холбоо, Байгалийн гэрэл зурагчдын клубын шилдэг уран бүтээлчдийн фото-аялал Скандинавийн хойгийн орнуудаар үргэлжилж байгаа бөгөөд 21-23-ны өдрүүдэд тэдгээр залуус Шведийн нийслэл Стокхольм хотод зочилсон юм. Аялалынхаа хүрээнд өнгөрөгч ням гарагт тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд болон гадаадын гэрэл зураг сонирхогчдод зориулан "Монгол орон-2017" хэмээх бэсрэг үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэнг Стокхольм хот дахь Монгол гэрэл зургийн "СлаваФото" студи хамтран зохион байгуулсан бол Швед дэх Монголчуудын Үндэсний холбоо, Монголын Соёл Мэдээллийн төв, Хэл соёлын "Төгс Билэгт" төв зэрэг байгууллага дэмжиж оролцлоо.

Үзэсгэлэнд Монгол орны байгаль ахуйг харуулсан шилдэг 72 бүтээлийг нийтэд үзүүлж, худалдаа явагдсан. Үүнд, гадаадын иргэд гэрэл зураг сонирхогчид идэвхтэй оролцож гэрэл зурагчдаас Монгол орны тухай мэдээлэл авч, харилцан ярилцаж танилцаж байлаа.

Одоо энэ клубын уран бүтээлчид Норвеги улсын хамгийн хойд зүгт орших Тромсо хотод очоод байгаа бөгөөд туйлын туяаны зураг авалт нь амжилттай болж байгаа талаар сүүлийн үеийн мэдээ ирлээ.

Норвегчуудын хэлдгээр хүссэн болгонд харагдаад байдаггүй соронзон орны идэвхижилтээс их хамаардаг энэ үзэгдлийн гэрэл зургийг анх удаа Монгол гэрэл зурагчдын аялалын баг дурандаа буулгаж чадлаа.

Энэ нь нарны гүнд болсон дэлбэрэлтээс үүссэн соронзон орны урсгал манай дэлхийн агаар мандал дахь соронзон орны эсрэг үйлчлэлтэй мөргөлдөж өнгөрөх тэр агшинд үүсдэг байгалийн ховор үзэгдэл ажээ.

"Монголын мэдээ" телевизийн Стокхольм хот дахь сурвалжлагч Р.Хишиг-Алдар




Монгол гэрэл зурагчдын бэсрэг үзэсгэлэн Стокхольм хотод амжилттай зохион байгуулагдлаа  
Үзсэн: 1822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй