Шууд Chart

ЗГ: Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ

2026-07-01 15:55:23

Засгийн газрын хуралдаанаар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт”-ыг баталж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нарт даалгав. 

УИХ 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжих эрх зүйн орчин бий болсон. Засгийн газрын тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сараас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд e-business системээр ирсэн нийт 100 гаруй хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэн ажиллаж байна.

Бүртгүүлсэн хуулийн этгээдэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4-т “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр”, 22.6-д “хөнгөлөлтөд хамаарах мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлахаар” тус тус заажээ. 

Казакстан, Узбекстан, Арабын Нэгдсэн Эмират Улс мэдээллийн технологийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, гаалийн болон үл хөдлөх хөрөнгийн татвараас тус тус хөнгөлдөг. Үүний дүнд Казакстан улсын мэдээллийн технологийн салбарын нийт экспорт 2025 онд 1.1 тэрбум ам.доллар, үүнээс 633 сая ам.долларын экспортыг Астана хаб дангаар хийсэн бөгөөд 2026 онд уг орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

 


ЗГ: Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй