Шууд Chart

Андреа Пирло зодог тайллаа

2017-11-07 14:13:27

АНУ-ын “Нью-Йорк Сити” багийн албан ёсны мэдээлэлд нэрт хагас хамгаалагч, "Маестро" хочит Андреа Пирлог хөлбөмбөгчийн замналынхаа сүүлчийн тоглолтдоо оролцлоо гэж мэдэгджээ. Энэ оны "Мэйжор лиг"-ийн хасагдах шатны шөвгийн наймын шатны хариу тоглолтод “Нью-Йорк Сити” клуб өрсөлдөгч “Коламбус Крю” багтай учраа таарч, Пирлогийн зодгоо тайлсан энэ тоглолтод 2:0-ийн харьцаатай хожсон ч нийлбэр дүнгээр 3:4-ийн харьцаатайгаар хожигдсоноор энэ жилийн "Мэйжор лиг"-ийн тэмцээнээс хасагдлаа. “Нью-Йорк Сити” клуб ийнхүү энэ тоглолтоор улирлыг дуусгахад хүрсэн учраас багийн ахлах дасгалжуулагч, Францын алдарт хөлбөмбөгчин Патрик Виейра тоглолтын 90 дэх минутад солилцоо хийж, 38 настай Андреа Пирлог талбайд гарсан байна. Улмаар хөлбөмбөгийн ногоон талбайдаа сүүлийн удаа гарсан алдарт хөлбөмбөгчин Пирло багийнхаа нөхөдтэй болон хөгжөөн дэмжигчидтэйгээ салах ёс гүйцэтгэсэн юм. 

Тоглолтоын дараа Пирло “Тамирчны замнал минь эцэс боллоо. Болих ёстой цаг ирсэн гэдгийг ойлгох үе ирдэг юм байна. Өдөр бүр биеийн бэлтгэл тааруу, хүссэндээ хүртэл бэлтгэл хийж чадахгүй болоод ирдэг. Одоо зогсох цаг болжээ. 50 хүртлээ тоглоно гэж байхгүй. 38 нас гэдэг залуу хөлбөмбөгчиддөө зайгаа тавьж өгөх нас. Энэ бол "Мэйжор лиг" дэх миний сүүлчийн тоглолт байлаа. Нью-Йорк хотод өнгөрүүлэх өдөр хоногууд ч үүгээр дуусч байна. Энд байх хугацаанд намайг дэмжсэн бүх хүнд талархлаа. Мөн замналыг минь ийм гайхалтай болгосон бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна.” хэмээн өгүүлжээ. Сүүлийн жилүүдэд Европын лигүүдэд амжилттай тоглон дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлж, цэнхэр гаригийн хэмжээнд гялалзсан шилдэг тамирчид АНУ-ын лиг очиж замналынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөх хандлага нэмэгдэж байна. Энэ нь тухайн тамирчин Европын аль нэг орны багт очвол Европын хөлбөмбөмбөгийн холбооны тэмцээний хүрээнд хайртай багийнхаа эсрэг тоглох магадлалтай учраас өөр тивийн лигийг сонгож буй хэрэг юм. Түүнчлэн БНХАУ болон АНУ-ын лигийн багуудын цалингийн гэрээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Торгуулийн цохилт, хаалттай цохилтын мастер, гайхамшигтай сэтгэн бодох чадвар, хатуу ширүүн тоглолт, мэдрэмж, ур чадварын гайхамшиг. Тийм ээ энэ бол "Эл Маестро" хочит Андреа Пирло. 

Андреа Пирло өөрийн карьерийн сүүлийн 3 жилийг буюу 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд “Нью-Йорк Сити”клубын бүрэлдэхүүнд тоглосон. Тэрээр Италийн "AC Милан", "Ювентус" багуудад өөрийн оргил амжилтаа үзүүлж байсныг дэлхий нийт мэднэ. Пирло Милан хотын багт 10 жил тоглож 401 тоглолтод оролцсон. Турины багт 4 жил тоглож 164 тоглолтод оролцсон. Ингэхдээ Италийн аварга шалгаруулах тэмцээн "Серье-А"-д 6 удаа түрүүлж, Италийн цомыг 2 удаа, ЕХХ-ны "Аваргуудын лиг"-ийн "Дэлдэн чихт" цомыг 2 удаа, "Супер цом"-ыг 2 удаа хүртэж байсан. Мөн 2007 онд ОУХБХ-ны клубуудын ДАШТ-д "Милан"-ы хамтаар түрүүлж байсан юм. 2006 онд ОУХБХ-ны ДАШТ ХБНГУ-д зохион байгуулагдахад "Гли Аззури" хочит Италийн шигшээ баг "Алтан дагина" цомыг хүртэж, 4 дэх удаагаа дэлхийн аваргаар тодроход Андреа Пирло нэн чухал үүргийг гүйцэтгэсэн, хамгийн гол тоглогч нь байлаа. Түүнчлэн 2012 онд тэрээр шигшээ багийнхаа хамтаар Европын АШТ-ий мөнгөн медалийг хүртэж чадсан юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Андреа Пирло зодог тайллаа  
Үзсэн: 2780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй