Шууд Chart

Перугийн шигшээ багийн өмсгөл 3 сая зарагджээ

2017-11-10 09:00:00

Ирэх 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын плэй-оффын буюу хасагдах шатны шийдвэрлэх тоглолтууд Шинэ Зеланд улсын нийслэл Веллингтон хотноо үргэлжлэн явагдана. Энэ удаад Шинэ Зеланд болон Перу улсын шигшээ багуудын эхний тоглолт явагдах юм. Өмнөд Америк тивийн орнуудаас эхний 4 байрт шалгарсан багт дэлхийн аваргад оролцох эрхийг өгсөн бол 5-р байрт шалгарсан багт плэй-оффын тоглолт хийх боломжийг олгосон. Ийнхүү Бразил, Уругвай, Аргентин, Колумбын шигшээ багууд ДАШТ-д өмнөд Америк тивээс оролцохоор болсон бол энэ тивийг төлөөлөн ОХУ-ыг зорих 5 дахь орон болохын төлөө Перу улсын шигшээ баг Шинэ Зеландтай тоглох гэж байна. Багуудын эхний тоглолт энэ сарын 11-ний өдөр Веллингтон хотноо, хариу тоглолт 11-р сарын 15-нд Перу улсын нийслэл Лима хотноо болно. Шинэ Зеландын шигшээ багийн хувьд далайн бүсийн орнуудын сонгон шалгаруулалтад оролцсон багуудыг тэргүүлсэнээр плэй-оффт өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.

1986 оноос хойш дэлхийн аваргад оролцоогүй байгаа Перу улсын шигшээ энэ тоглолтуудад баг нийлбэр дүнгээр хожиж чадах л юм бол шууд ОХУ-ыг зорих эрхтэй болно. Энэ боломж нь ч тэдэнд 100% байгаа учраас энэ улсын ард иргэд сүүлийн өдрүүдэд шигшээ багаа бүх талаараа бүрэн дүүрэн дэмжиж байна. Тухайлбал Перугийн шигшээ баг дэлхийн аваргын эрхийн төлөө шийдвэрлэх тоглолтод оролцохоор болсоноос хойш буюу 10-р сарын 10-ны өдрөөс хойшхи 1 сарын хугацаанд Перу улсын шигшээ багийн өмгсөл 3 сая зарагджээ.

Перу улсын шигшээ баг энэ жилийн сонгон шалгаруулалтад маш сайн өрсөлдөөнийг үзүүлж эхний 4 байрт шалгарч, улмаар шууд дэлхийн аваргын эрхээ авахад ч ойрхон байсан. Гэсэн ч Лионел Месси тэргүүтэй Аргентиний шигшээ баг сүүлийн тоглолтдоо Эквадорыг хожиж, Перучууд Колумбтай тэнцсэнээр байр ухарсан юм. Гэхдээ Перу улсын баг Чили, Парагвай, Эквадор зэрэг шилдэг багуудын урд нь бичигдэж байж, плэй-оффын тоглолт хийх эрхтэй болсон юм.

Перугийн шигшээ багт нэг муу мэдээ байгаа нь шигшээ багийн ахлагч Паоло Гуерреро өнгөрсөн сард допингийн сорилтод тэнцээгүй учраас 30 хоногийн хугацаанд талбайд гарах эрхээ хасуулаад байна. Тэрээр эхний тоглолтод ороцлцох боломжгүй харин өөрийн эх орондоо болох хариу тоглолтод талбайд гарах эрх нь сэргэх юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Перугийн шигшээ багийн өмсгөл 3 сая зарагджээ  
Үзсэн: 2198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй