Шууд Chart

ДАШТ-ий сонгон шалгаруулалтын плэй-оффын тоглолтууд болно

2017-11-09 20:23:16

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын плэй-оффын буюу 2-р тойргийн тоглолтууд өнөөдөр шөнө эхлэх гэж байна. Энэ шатанд болох тоглолтууд болон эргэн тойронд болж байгаа сонирхолтой мэдээллүүдээс уншигч та бүхэндээ тоймлон хүргэе.

Европ тивийн сонгон шалгаруулалтын эхний шатанд буурал тивийн 55 орноос 54 орны шигшээ баг өрсөлдсөн. Учир нь ОХУ-ын шигшээ баг 2018 оны ДАШТ-ий зохион байгуулагч орны багийн давуу эрхээр ямар нэгэн шалгуургүйгээр 21 дэх удаагийн дэлхийн аваргад оролцоно. Европ тивийн 54 орны шигшээ баг 6, 6-аараа 9 хэсэгт хуваагдаж, 2016 оны 09-р сарын 06-наас эхлэн 2017 оны 10-р сарын 10-ны өдрийг хүртэл нийтдээ жил гаруйн хугацаанд баг бүр 10 тойргийн тоглолт хийж, хэсэг тус бүрийг тэргүүлсэн 9 баг дэлхийн аваргад оролцох эрхээ аваад байна. Эдгээр нь Франц, Португал, Герман, Серби, Польш, Англи, Испани, Бельги, Исландын шигшээ багууд юм.

9 хэсгийг тэргүүлсэн багууд ийнхүү эрхээ авсан бол хэсэг тус бүрийн 2-р байрт шалгарсан нийт 9 багаас хамгийн олон оноотой 8 баг хоорондоо плэй-оффын тоглолт хийж, хожсон 4 баг нь цааш шалгарч дэлхийн аваргад оролцох эрхтэй болно. Улмаар хамгийн бага оноотой Словакийн баг хасагдаж, Умард Ирланд - Швейцарь, Хорват - Грек, Дани - Ирланд, Швед - Италийн шигшээ багууд хоорондоо өрсөлдөхөөр сугалаа татаад байгаа юм. Энэ тоглолтуудын салхийг хагалж өнөөдөр шөнө Европ тивийн шилдэг багуудын нэг Хорватын шигшээ баг болон Грекийн шигшээ баг Хорватын Загреб хотноо эхний тоглолтоо хийх гэж байна. Багуудын хариу тоглолт энэ сарын 12-ны өдөр буюу ням гарагт Грекийн Пирей хотноо болно.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

ДАШТ-ий сонгон шалгаруулалтын плэй-оффын тоглолтууд болно  
Үзсэн: 1961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй