
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Булган сумын соёлын төвийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай Морин хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгосон байна.
Тэгвэл Булган сумынхан их хуурчийнхаа хөшөөг Соёлын төвийн урд талбайдаа сүндэрлүүлжээ. Их хуурчийн хөшөөний загварыг 1950-иад онд Олон улсын уралдаанд оролцож байх үеийн залуу насных нь зургаар бүтээж, уран барималч н.Энхтүвшин урласан байна.
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, Төрийн их хуурч Г.Жамъянгийн намтраас өгүүлбэл, тэрээр 1919 онд Дорнод аймгийн Булган сумын Туг уул хэмээх газар мэндэлжээ.
Багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн урлагийн сургуульд 1936 онд суралцсан байна. Тэнд Гавьяат хөгжимчин Д.Түдэв, С.Түвдэн нараар морин хуур заалгаж, сургуулиа төгсөөд Улсын төв театрт хөгжимчнөөр оржээ.
Монгол ардын аялгуу дуунаас эхлээд Р.Шуманы “Бодол”, “Бяцхан дурдатгал”, А.Г.Рубинштейны “Аялгуу”, П.И.Чайковскийн “Баркороло” зэрэг үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, уг хөгжмийн зэмсгийн аялгуу гаргах царыг нийтэд харуулсан алдарт хөгжимчин юм.
Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртээсэн байна. “Цогттайж” жүжгийн “Алтанбүс”, “Амарсанаа” жүжгийн Гэрэлгуа, Амарсанаа нарын дуу, Ч.Ойдовын “Миний баясгалан” жүжиг, манай анхны бүжгэн жүжиг “Манай нэгдлийнхэн”-ий хөгжмийг зохиожээ. Дэлхийн Зон Олны 4 удаагийн их наадамд морин хууртайгаа оролцож монгол ардын уртын дуу болон, дэлхийн сонгодог аялгуунуудаас тоглон шагнал хүртсэн. Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд 58 жил багшилж олон шилдэг хуурчдыг төрүүлсэн байна.
Гэрийн хөгжим гэгдэж байсан морин хуурыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын хөтөлбөрт оруулж, мэргэжлийн хөгжмийн зэмсэг болгож, дэлхийд сурталчлахад их хувь нэмэр оруулсан түүхт хүн юм.
Их хуурчийн хөшөөг босголоо | ||
Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.