
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай” хэлэлцлээ. Нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагаанд зориулж нийтдээ 187,3 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Нийслэлийн ажлын албанаас зохион байгуулах шинэ жилийн үйл ажиллагаа энэ сарын 15 –аас төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолоор эхлэх юм.
Энэ өдөр Монголын хүүхдийн ордоны авъяаслаг уран бүтээлчид ая дуугаа өргөх аж. Харин 12 сарын 31-ний өдөр “Шинэ жилийн үдэш” цэнгүүнийг зохион байгуулна. Энэ жилийн хувьд их хотын залуусдаа зориулж олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгэж байгаа тухай Ерөнхий найруулагч Р.Мөнхсайхан онцолж байлаа. Тоглолтод Lumino, A sound, 3 Охин, The Lemons, Ufo, Colors, Rec On хамтлагууд, МУГЖ Сарантуяа, дуучин A Cool, Реппер Gee, Дөлгөөн, Хишигдалай, Чойжоо гээд Монголын рко попын 50 гаруй уран бүтээлч оролцох юм. Нийт урлаг, уран сайхны тоглолтонд зориулж 30 гаруй сая төгрөгийг тусгасан байна.
Энэ жилийн хувьд шинэ шийдэл бүхий гэрэлтүүлэг, тайз засалт, гэрлэн чимэглэлээр төв талбайг засахаар болсон байна. Тухайлбал Д.Сүхбаатарын хөшөөг 4 ширхэг торшёрт сүлд модны хэлбэртэй цэнхэр гэрлээр чимэх бөгөөд төв талбайн сүлд модыг бүхэлд нь шар гэрлээр, талбайн урд хэсэгт байрлах сэндвич байшингийн хойд талыг туузан гэрлээр чимнэ. Эдгээр гэрлэн чимэглэлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК 19,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болсон байна. Мөн иргэд баярын зургаа авахуулахад зориулж өвлийн өвгөн, “Улаанбаатар 2013 – 2014 он” гэсэн тайзыг бэлтгэх юм. Үүнд 5 сая төгрөг төсөвлөжээ. 12 сарын 15, 31-ний өдрийн үйл ажиллагааны том, жижиг тайзууд, гэрэлтүүлэг, хөгжим, техник, аппаратур, лед дэлгэцийг бүхэлд “Sound of Mongolia” ХХК хариуцаж, 80 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ.
Баярын цэнгүүний нэгэн оргил хэсэг болох Шинэ жилийн баярын ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Сонгионохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн 4 байршилд нэгэн зэрэг буудах бөгөөд 40.000.000 төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна. Мөн иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор халуун цай, аарц, түргэн хоолны үйлчилгээнээс гадна тодорхой цэгүүдэд ил галыг зориулалтын төмөр саванд түлэх зөвшөөрөл өгчээ. Дээрх үйл ажиллагаанаас гадна дүүрэг бүрээс шинэ жилийн баярыг тэмдэглэх, хөтөлбөр гарч байгаа юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд ажлын хэсгээс гаргасан төсвийг баталж, баярын үйл ажиллагааны үеэр гарч болох эрсдэл, иргэдийн аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлээс шинэ жилд 187,3 сая төгрөг зарцуулна | ||
Үзсэн: 1772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.