Шууд Chart

Хархоринд жуулчны гудамж, аялал жуулчлалын цогцолбор байгуулна

2018-01-08 12:02:43

Өвөрхангайчууд аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгож, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтыг бодлогын баримт бичигт тусгаад байна. Энэ хүрээнд “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр” боловсруулж, тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа юм. Орхоны хөндийн дурсгалт газар, Говийн бүс буюу баруун сумдын үзэсгэлэнт нутаг, Найман нуур буюу тусгай сонирхлын аялал, Өндөр гэгээний түүхэн замналаар маршрут гаргаж аялал жуулчлалыг хөгжүүлэхээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан. Аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүнүүдийг мэргэжлийн түүхч, археологич, судлаачдаар тодорхойлуулахаар 2018 оны аймгийн үндсэн чиглэлд тусгаад буй. Мөн Орхоны хөндийн бүс нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалаас бүс нутгийн эдийн засгийн хөгжилд оруулах өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Орхоны хөндийн бүс нутгийн аялал жуулчлалын стратеги-2020” баримт бичгийг аймгийн Засаг даргын захирамжаар баталлаа. Монголд ирж байгаа жуулчдын ихэнх нь Орхоны хөндийн бүс нутгийг зорин ирдэг ч бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа учраас ор хоногийн тоо цөөрсөн. Зөвхөн үдлээд л буцаж байна. Тиймээс гадаад, дотоод жуулчдын тоог нэмэгдүүлэх, ор хоногийг уртасгах зорилгоор “Торгоны зам ба Хархорин” эвент арга хэмжээг аймгийн ЗДТГ-аас санаачлан Хархорин суманд өнгөрсөн оны долдугаар сарын 17-21-нд зохион байгуулжээ. Тэр үеэр “Торгоны зам ба Хархорум” олон улсын эрдэм шинжилгээний хурал, хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн, соёл урлагийн цогц үзүүлбэрүүд, хоолны фестиваль, худалдааны гудамж зэргийг зохион байгуулж, Монгол гэр барих, үхэр, тэмээгээр нүүдэл хийх уламжлал зан үйлийг харуулсан. Энэ цогц арга хэмжээг 5000 гаруй гадаадын аялагч хоногоо сунган үзэж сонирхсон байна. Мөн уламжлалт “Монгол эсгий урлалын баяр”, “Сарлагийн баяр”-аа зохион байгуулсан. Эдгээр нь жил бүр зохиогддог эвент үйл ажиллагаа учраас тур операторууд аяллын хөтөлбөртөө оруулж, гадаад, дотоодын жуулчид тогтмол ирж оролцдог болсон. Эртний түүхт Хархорум хот буюу Хархорин сумыг зорьж ирсэн жуулчид Эрдэнэзуугийн хэдэн сүмээр орж, сумын төвтэй танилцаж, Мэлхий толгой дээр гараад л үзэж сонирхох зүйл дуусчихдаг. Зөвхөн хагас өдөр яваад л буцах болдог. “Торгоны зам ба Хархорум” эвент арга хэмжээний үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Хархорин-Эрдэнэзууг бие даасан аяллын бүтээгдэхүүн болгохын тулд эрдэмтэд санал бодлоо хэлэлцүүлэн зөвлөмж гаргасан. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд болон зөвлөмжийг англи, монгол хэлээр гаргаж, нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна. Хархорин суманд жуулчны гудамж болон аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг энэ онд хийж гүйцэтгэхээр БОАЖЯ-ны төсөв төлөвлөгөөнд тусгажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хархоринд жуулчны гудамж, аялал жуулчлалын цогцолбор байгуулна  
Үзсэн: 2318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй