Шууд Chart

Х.Чойбалсангийн хэвтэж буй хонин бялуу буюу анхны шинэ жил

2013-12-09 13:44:31

Өвлийн жаврыг тухтай амталж амжаагүй байтал, хот гоёлоо зүүж, шинэ оноо угтах их ажлын өдрүүдийг эхлүүлчихлээ. Өмнө нь огт шинэ жил тэмдэглэж байгаагүй  мэт  энэ баярыг тэсэн ядан хүлээдэг нь сонин. Угаас зул сар гэгч тэсгим хүйтэнд зутарсан сэтгэлийг дулаацуулагч хэмээх бодол тээн, шинэ жилийн баяр тойрсон элдвийг сонжсон бэсрэгхэн сурвалжлага бэлтгэлээ.  Шинэ жилийг хүсэмжлэгч та таалан болгоо.

Зул сартай танилцсан нь буюу “торт” гэх этгээд зүйлийг идэхээр нэг сайн бялуурдаг...

Найман зууны тэртээгээс  “цагаан”-ы баяр тэмдэглэсэн монголчууд  50 хүрэхгүй жилийн өмнөөс  гацуур чимэж эхэлжээ. Яаж  өрнийн соёл төв Азийн нүүдэлчдэд ийм хурдан түгэв гэдэг сонин. 1930-иад онд Их зохиолч Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт  шинэ жил тэмдэглэсэн гэх баримт бий. Ухаандаа, баруунд боловсрол эзэмшээд ирсэн Монгол залуус эх нутагтаа соёлын үрийг тарьж байсан хэрэг. Гэхдээ энэ жижиг “party” их зохиолчийг хэлмэгдүүлэх шалтгаан болсон нь харамсалтай. Харин төрийн ёслолын хэмжээнд орон даяар тэмдэглэсэн нь арай хожуу буюу 1947 онд байлаа. Х.Чойбалсан тэргүүтэй нам, төрийн удирдлагууд тус оны 12 дугаар сарын 31-нд  шинэ он гарган их найр хийжээ. Ингэхдээ Монголын анхны бялууг урласан гэх сонирхолтой баримт бий. Зоог гүнцгийн уламжлалыг дагаж “хэвтэж буй хонины хэлбэртэй” бялуу хийж, номын Их хүн Б.Ренчин гуайгаас нэр хайрла хэмээхэд “торт” гэх этгээд зүйлийг идэхээр нэг сайн бялуурдаг тул “бялуу” гэвэл зохилтой гэжээ. Ингэж хөвсгөр, амттай идээ дуудуулах нэртэй болсон түүхтэй. Ер нь шинэ жилийг тэмдэглэх болсон нь олноо өргөгдсөн тооллыг халж, аргын тооллыг ард түмэн ахуй амьдралдаа мөрдөх болсноос үүдэлтэй юм. Мөн Оросын соёл, боловсролын  довтолгоо ч  хүч өгчээ.  Ингэж Монголчууд бялуу, ёолктой  давхар танилцжээ.  

Үнийн хөөрөгдөл 20-30 хувьд хүрчээ

Ирэх шинэ жилээр бид үнэ нэмэгдсэн баяр хийх болох нь. Мэдэж байгаа муу мэдээг тань дахин дурссанд уучлаарай. Гэхдээ шинэ жил бүр л үнийн хөөрөгдөл гэх энэ урилгагүй зочныг бид хүлээн авахаас аргагүйд хүрдэг. Үндэсний Статистикийн газраас гаргасан судалгаагаар сүүлийн таван жилийн турш үнийн өсөлт тухайн оныхоо эцэст хамгийн  өндөр болдгийг тооцон гаргасан байна. Энэ жил ч мөн ялгаагүй.  Өнгөрсөн сараас даруй 4,7 хувиар өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ. Тэр дундаа, зоогийн ширээнд “хүндтэй” залардаг бялуу, оргилуун дарс тэргүүтний үнэ хамгийн ихээр өсчээ. Түүнчлэн гацуур мод бусад хэрэгслийн тухайд ч үнэ талийж өгсөн байна. Хоёр метр гацуур зах дээр 160 мянга, их дэлгүүрт 360 мянгаар борлуулагдаж байна. Гэхдээ энэ хоёр гацуурны нуруу, туруу өнгө зүс усны дусал мэт адилхан. Гол ялгаа нь нэг нь урьд зүгийн угшилтай, паартай байшинд гялтганах, нөгөө нь европын “төрсний гэрчилгээ”-тэй. Итали, Шинэ зеландын овогтой. Тайландаас ирсэн гацуур ч байх юм. Нарантуул захын хувьд гацуур 4 мянгаас 160 мянгын хооронд үнэтэй. Өөрөөр хэлбэл, та 150 мянган төгрөгтэй байхад өндөр, гэрэлтдэг гацуурыг авчихна. Харин их дэлгүүрт,  8 мянгаас 560 мянган төгрөгтэй байхад гацууртэй болчихно. Захаас дунджаар нэг метр 50 см-ийн өндөртэй гацуурыг  70-80 мянгад авах боломжтой. Харин даарч хөрөхгүй, тав тухыг хүсвэл  томоохон дэлгүүр хоршоогоор 280 мянга гэсэн шошготойгоо таныг хүлээж байна. Захын худалдаачид өнгөрсөн онд 120 мянгаар 2 метрийн өндөртэй гацуурыг худалдаалж байжээ. Өөрөөр хэлбэл,  гацуурын үнэ 25-30 хувь өссөн аж. Яагаад ийм хэмжээнд өсөх болсныг тодруулахад “гол сезон шүү дээ, улирал бүр шинэ жилийг тэмдэглэх биш” гэсэн хариултыг өглөө.

 

                                              Нарантуул худалдааны төв дэх "эгч дүү" гацуур 

                                     Гоёлын эргэн тойронд

Энэ шинэ жилээр “Матрикс” салон гоёлын үс засалтыг  20-45 мянгад, “UB Hair” салон 40 мянгаас эхлэн үнэ тохирч засна. “Жижиг” үсчдийн хувьд гоёлын үс засалтыг 25  мянгаар засах гэнэ. Харин нүүр будалт дээр дурьдсан салонууд 35-50 мянган төгрөгийн хооронд, “чөлөөт” нүүр будагчид 25 мянгаар танд бийр, багсны гайхамшгийг үзүүлэх аж.  “Stellyto”салон хүзүүнээс дээшхийг бүхэлд 50 мянгад багтаах гэнэ. Үүнээс гадна хумс хурууны гоо сайхан байна. Шинэ жилээр шагнуулвал бор гар, хэлбэргүй хумстай байж таарахгүй шүү дээ. Ихэнх педикурчид энэ асуудлыг 15-25 мянгад шийдэх гэнэ. Харин  бурхан болгогч хувцасны тухайд  шинэ жилийн даашинзууд янз янз байна. Хамгийн хямд нь 60  мянгаас эхэлнэ.  Энэ бол хорооллын дэлгүүр болон  захын доод ханш. Харин арай  чанар, үзэмжтэй нь 100 мянгаас эхэлж байна. Тэгээд өсөөд 500 мянга хүрнэ. Түүнээс ч үнэтэй бий.

Тав тух, тааламжийн эргэн тойронд

Дээд зэрэглэлийн зоогийн газруудын нэг хүний багц үнэ 80 мянган төгрөгнөөс эхлээд 150,000 төгрөг байгаа аж. Харин дундаж рестораны нэг хүний багцын ханш 65 мянган төгрөгнөөс эхэлж байна. Гэхдээ танай байгууллагын хүний тоо, бэл бинчин, аривч байдал зэрэг чинь дундаж зэрэглэлийн зоогийн газруудаас 45 мянган төгрөгний  цэсийг бий болгуулж болох юм билээ. Хамгийн гол нь түүнээс авах сэтгэл ханамж нь 45 хувь байх аж.

Цэнгүүлэн баясгах шоу цэнгээний эргэн тойронд

            Энэ жил хамтлаг дуучдын ханш багагүй өсчээ. Тодруулбал “хүнд жингийнхэн” гэгддэг Хурд, Харанга хамтлагууд 30 минутыг 7-8 саяар зарж байна. Төрийн соёрхолт  Д.Болд нэг дууг 2,5 саяар дуулах аж. “Киви” хамтлаг өнгөрсөн онд 1 саяар дуулсан бол энэ жил 2,5 сая болгон нэмжээ. Залуу дуучид  мөн л үнээ нэмсэн байна. Өнгөрсөн жил 400  мянгад “хөөрхөн” дуулчихаж  байсан “BX  ханшаа 2-оор үржүүлсэн байна. Б.Агиймаа, Эгшиглэн, А Cool өмнөх нар үнээ гурваар үржүүлэн хамгийн бага долоон оронтой тоонд хүргэжээ. Харин зохиолын дуучдын хувьд рок попынхон шиг санаанд оромгүй үнээр ”бэлэг барьсангүй”. Өнгөрсөн жилийнхээ үнийг тогтвортой хадгаллаа. МУГЖ С.Жавхлан  4 саяар, харин Л.Болдбаатар өнгөрсөн жил 1,3 саяд дуулсан бол энэ жил дифляци үүсгэж 1,2 сая болгожээ. СТА Г.Эрдэнэтунгалаг мөн л урьдын үнээрээ дуулна гэсэн байна.  

“Зад” хямдралын эргэн тойронд

Америкчууд 12 дугаар сарын сүүлийн долоо хоногийн Баасан гарагийг хар Баасан гараг гэж нэрлэдэг. Нэр нь л хар болохоос утга цагаантай. Энэ өдрийг зарим иргэн бүтэн жилийн турш хүлээдэг. Өглөөний 05 цагаас нээгдэх дэлгүүрийн үүдэнд 4 цагийн өмнө очиж, дараалан зогсдог байна. Хариуд нь 50-80 хувийн бодит хямдруулсан барааг авдаг аж. Яг үүнтэй ижил манайд ч бас “зад” хямдрал, “супер” хямдралууд бий. Бараг л үнэгүй өгч байна хэмээн хурайлна. ШӨХТГ-ын Хууль хяналт, зохицуулалтын газрын дарга А.Ариунболд “Бодит хямдрал зарласан үйлчилгээний байгууллагыг нэрлэхэд хэцүү, хуучин шошгыг нь авч өндөр үнэтэй шошго оронд нь наагаад, буцаагаад хуучин шошгоо тавчихдаг жишээ гарсан” хэмээн өнгөрсөн онд хариулж байжээ. Харин энэ жилийн тухайд хямдрал зарласан газруудад ямар ч шалгалт хийгээгүй байна. Яагаад гэсэн асуултад хэрэглэгчээс ямар нэг гомдол санал ирээгүй тохиодолд бидэнд дур мэдэн шалгах хууль эрхзүйн орчин байхгүй гэсэн хариултыг өгсөн юм. Тэгэхээр “зад” гэж рекламдаад байгаа  хямдралууд мэргэжлийн байгууллагаар  бодит эсэх нь бүрэн  тогтоогдоогүй гэдгийг иргэд худалдан авагчид  санахад илүүдэхгүй болов уу.

Шинэ жилийн эргэн тойронд

Эцэст нь энэ бүх эргэн тойрны  мэдээллийг нэгтгэн дүгнэхэд Монгол улсын суурь инфляциас давсан үнийн хөөсрөл  шинэ жилийн баяр бүрээр бий болдог байна. Төв банк энэ жилийн үнийн өсөлтийг 1,4 хувь гэж зарласан. Гэтэл түүнээс хэд дахин илүү өндөр үнийн өсөлт шинэ жилийн баяраар өргөн хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд харагдаж байна. Үүний гол шалтгаан нь хүмүүсийн догдлосон сэтгэлгээ дээр “тоглолт” хийдэг ашгийн төлөөх бизнес эрхлэгчид аж. Мөн хяналтаа тавих учиртай төрийн үйлчилгээ энд юу юунаас илүүтэй үгүйлэгдэж байна. Шинэ жилийн үнийн хөөрөгдөл хэзээ дуусч, “хар” баасан гараг хэзээ ирэхийг таамаглах аргагүй байна. Мэдээж энэхүү үнийн хөөсийг хөлдөөх арга хайгаад үзвэл байгаа л байх.

 

Эрхэм уншигч та шинэ оноо жинхэнэ зад хямдралтай, сайхан бүхнээр дүүрэн угтаарай!

               Энэ шинэ жилийн хамгийн эхний өндөр гацуур 14 м,  хамгийн жижиг нь 10 см атганд багтахаар байсан юм  

 

 

 

 

 

Нийтэлсэн: Н.Байгаль

Х.Чойбалсангийн хэвтэж буй хонин бялуу буюу анхны шинэ жил   
Үзсэн: 6354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-10 10:09
SOYOLJ delguurt songolt saitai shine jiliin buh zuils arai hyamdhan ba lee shuu humuusee

Бидэнтэй нэгдээрэй