Шууд Chart

Захирлын үдэш

2013-12-10 15:32:00

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

Том ширхэгтэй  цас малгайлж орсон нэг сайхан орой бид нэлээн олуулаа “Симо” нэртэй бааранд очсон юм. Энэ бол 97 он 12-р сарын эх. Бас л шинэ оны реклам сурталчилгаа хаа сайгүй хөвөрсөн, дуу хуур хангинасан завгүй долоо хоног байж билээ. Ууган захиралтай хамт тэр бааранд очсоны учир нь намайг Америкад удаан хугацаагаар явах болсон шалтгаанаар үдэж өгөх, жаахан цайллага болсон хэрэг. Нэлээн олуулаа гэдэг нь миний хичээл зааж байсан ангийн оюутнууд. Энэ оюутнуудыг би одоо хэр азтай хүмүүс гэж бодож явдаг. Яагаад гэвэл... Энэ залуус Ууган захирлын сургуулийн анхны оюутнууд. Одоо тэднээс олонхи нь нэртэй сайн сэтгүүлчид болсон байгаа. Дорждүгэрийн Туул, “Хит”-ийн Давааням гээд бүр үзэгчдийн дотно танилууд ч бий. Тэр үед бол Радио Телевизийн сургуулийн анхны оюутан залуус. Амьдрал их хөгжилтэй байж. Ууган сургууль дээрээ захирал болохоос биш бусад цагт дээр доор гэж ялгалгүй олны дунд инээлгэж ханиалгаад явдаг байсан. Тэр үдэш жаахан халчихаад Ууган маань их сайхан үг хэлж байсан санагддаг. Одоо санавал Цогт тайж киноноос жишээ татаад
-          Арслан ирвээс авьяасаа уралдуулья
-          Хүчит хар могой ирвэл хөгжилдөн дийлье
-          Заан мэт бэрхшээлийг залхууралгүй давья
-          Радио телевизийн сургууль гэгч нь Ардын хүүхдийг авьяасын цоморлиг гээд дараа нь оюутнууддаа дуу дуулж өгсөн юм. Ууган бид хоёрын амьдралын лав дөрвөн жил Радио телевизийн сургуультай холбоотой.
Ц. Мөнхтөр даргын шийдвэр гармагц л Ууган сургууль босгох ажилдаа ёстой л ханцуй шамлан орсон юм даг. Сэтгүүл зүйн чиглэлээр нээсэн ангид намайг багшла гэсэн. Ууганд татгалзах эрх байх биш. Бас Амбасэлмаа гуай ч багшлах болсон. Ууган маань энэ чиглэлийн мэргэжлийн сургуулийн анхны захирлын хувьд чадалтай сайхан хүмүүс урьсан юм. Одоо драммын театрын найруулагч УГЗ Б.Баатар, телевиз киноны найруулагч Г.Энхжаргал гээд сайн улсууд дуудсан байлаа. Рэнчинсамбуу багш байсан гэхлээр  Ууган маань ямархуу зангарагтай нь ойлгогдоно оо. Наадмын дараа нэлээн шуурхайлж баахан засварын ажил болсоны дараа манай сургууль 96 оны намар нээлтээ хийсэн. Тэр явдал одоо ч нүдэнд харагддаг. Тэр намраас л манай сургууль Бадрууганы сургууль нээгдлээ гэж дорхиноо олонд хүрч билээ. Манай телевизийн зураач Н.Адъяа гуай Ууганд тусалж засварын ажилд хамгийн ихээр идэвхийлж оролцсон. Ууган захирал, Адъяа зураач хоёр яриа янз бүрийн юм их мэддэг бас жаахан фантазлиж, дэгсдүүлж ярих дуртай, өгөөмөр сэтгэлтэй сайхан зантай хүн байж билээ. Тэр үеийнхэн Телевизийн хар Адъяа гэхэд андахгүй дээ. Манай сургууль одоогийн МҮОНТВ-ийн том байрны урд жигүүрийн гуравдугаар давхрыг бүхэлд нь “эзэлж” байгуулагдсан сургууль. Баахан оюутан бужигнаад телевизийхэнд эхний үед хэцүү л байсан биз. Гэвч аяндаа дассан байх аа. Ууганд маань эхний жил амаргүй л байсан. Манайд Радио телевизийн сургууль гэж байгаагүй болохоор ямар ч ном, сурах бичиг байгаагүй. Ууган хамаг л найз нөхөдөө дуудаж байлаа. Төрийн соёрхолт зураач Л.Шаравдорж, УГЗ кино найруулагч Ж.Бунтар гуай. Х.Дамдин гээд мундагчуул ирж хичээл орж байсан. Манай телевизээс олон ахмад сэтгүүлчид хичээл орж эхэлсэн. Тэр үедээ л Ууган захирлын сургууль нэр хүндтэй дуулиан шуугиантай байсан даа. 96 оны есдүгээр сарын нэгний өглөө алдарт морин хуурч гавъяат жүжигчин Цэрэндорж гуай залагдан ирж нээлтийн ёслол дээр морин хуур тоглосон нь үнэхээр сайхан санагддаг. Энэ бол Ууган захирлын санаа байсан биз. Эхний жилийн хичээл хүн бүрт шинэ байлаа. Бидний хэнэнд ч багшлах арга зүйн мэдлэг байгаагүй. Гол төлөв практикт тулгуурлаж тайлбарласан яриагаар /лекцээр/ хичээл явагдана. Хааяа хааяа кино үзүүлнэ. Ууган захирал өөрөө хичээл заана. Ямар ч байсан зунжин, ноцолдож янзалсан гуравдугаар давхрын урьд жигүүр 9-р сарын нэгэн гэхэд танигдах аргагүй өөр болчихсон, будаг ханхалсан цоо шинэ танхимд оюутнуудыг авч эхэлсэн юм даг. Бидний сэтгэлд Ууган маань дулаан бүлээн дурсамж дүүрэн бялхуулсан сайн анд дотно нөхөр хэвээр мөнхөрсөн. Харин түүний амьдрал, уран бүтээл, хийж бүтээсэн ажил гээд дүгнэж эхэлбэл олон янзын Ууган бий болно. Тэрний нэг нь сургуулийн захирал багш гэсэн цоо шинэ өөр хүн гарч ирнэ. Сургууль нээгдэх жилийн хавар элсэлтийн шалгалт авахад их л олон хүүхэд ирсэн санагдана. Хавар нь бид хэд сургууль ямар байх тухай янз бүрээр ханатлаа ярилцсан болохоор, одоо санахад эхний шалгалтыг чамгүй хатуу авч байсан болов уу. Тэр үед “Бэрс” кино урлагийн дээд сургуулиас өөр кино урлаг, телевиз заах газар байгаагүй тул элсэхийг хүссэн олон залуу хүн ирж бүртгүүлж байлаа. Элсэлтийн шалгалтыг хатуу авсан нь сайн хүүхэдтэй болох гэсэн бодол байсан. Радио телевизийн сургууль эхний жилийн элсэлтээ хоёр жил сургахаар авч байж билээ. Лав дээд сургууль төгсчихсөн, дипломтой олон хүүхэд ирж байсан юм. Хоёр жилийн сургалт гэдэг бага хугацаа ч, мэргэжлийн хичээлийн хувьд нэлээд шахуу программтай, гүнзгийрүүлсэн сургалттай байсан биз. Сургуулийн тухай Ууган тэр хаваржин ярьж байсан юмдаг. Одоо бодоход найруулагч Х.Дамдин, Ж.Бунтар гуай, Б.Баатар, Б.Энхжаргал бас Л.Шаравдорж гуай, зураглаач Туяа эгчээр хичээл заалгасан хүүхдүүд азтай. Дам сонсоход тэр үедээ Ууган захирлын сургуульд орсноо оюутнууд найз нөхөддөө их л нүүр бардам сайрхдаг байсан гэдэг. Захирал маань гурван давхрын хамгийн урд мухарт нэг жижигхэн өрөөнд сууна. Болоогүй ээ, бас үүдний нэг умгар тасалгаатай. Ууган захирлын анхны нарийн бичгийн дарга нь Ариунаа гэж охин байлаа. Г.Ариунаа одоо ч сургуульдаа байгаа. Захиралтай уулзах гэж янз бүрийн шалтаг хэлж ирсэн улсыг зохицуулах нь эхний үед Ариунаад хэцүү байсан биз. Гэхдээ болгоод л байсан. Тэр үед телевиз радиогийн зарим дарга нар нөгөө мухарт байдаг, үдийн үед хүүхдүүд оюутнууд шуугилдаад хэцүү байсан гэсэн яриа гаргадаг байсан. Ууган тэр бүр хүнтэй хэрэлдэх биш. Бидний хувьд хамгийн аз жаргалтай дүүрэн баяртай байсан үе гэвэл сургуулийн анхны шинэ жил. Ууган тэгэхэд мөн их сэтгэл дүүрэн баяртай байж билээ. Найруулагч, сэтгүүлчдийн ангиас шинэ жилийн мэндчилгээг жүжигчилсэн тоглолт хийж үзүүлсэн нь захирлын сэтгэлийг тун их хөдөлгөж байсан даа. Оюутнууд маань жигтэйхэн гоёчихсон, нааш цааш хөгжилдөн гүйлдээд бүгд л баяртай байсан. Ямар байсан юм бүхэн цоо шинээр эхэлсэн. Сургууль шинэ жилийн баяраа тун сайхан тэмдэглэсэн юмдаг. Захирлын ширээн дээр нэг их новш хөглөрдөггүй. Харн нэг цахим цаг байсан юм. Тэр цаг нь том шоколад шиг хавтгай эд байсан санагддаг. Тив болгонд байгаа улс бүхний нэр дээр хуруугаараа дарахад тухайн орны хэлээр тэдэн цаг төдөн минут гэж автомат хариулагч хэлдэг чамин эд байж билээ. Өөр юм гэвэл нэг хоёр ном. Ард нь Б.Ринчен гуайн хөрөг зураг бас нэг бурхан тахил байсан санагдана. Хичээл завсарлаад тэрүүхэн хооронд өрөөгөөр нь шагайхад Ринченсамбуу багштай их л дотно ярьж харагддагсан. Ре багш бол Монголын урлагийн түүхийг арван хуруу шигээ мэддэг, соёлтой, боловсон, уурлаж уцаарладаггүй эрхэм байсан. Бид их хүндэлнэ. Ууган захирал тэр жилүүдэд костюм пиджак өмсөж жаахан явсан байх. Гэхдээ зангиа зүүж сүйд болдоггүй байж. Би уг нь эхний хоёр жил бүтэн заах бодолтой байсан ч ар гэрийн шалтгаанаар дараа жилийн намар нь хол юманд явчихаж билээ. Харин Ууганыгаа бурхан болсноос хойш жил алгасалгүй өнөөдрийг хүртэл сургуульдаа багшилж л байна. Одоо бол олон зуун оюутантай том хэр нь бас нэр хүндтэй  мундаг сургууль болсон. Олон олон төгсөгчид нь өнөөдрийн бүх телевиз радиог хөдөлгөж байгаа гол хүмүүс нь болжээ. Эсэн мэнд байгаад харсан бол их баярлах байж дээ. Ууганы сургуулийн төгсөгчид нэх их чих халууцуулаагүй яваа байх аа гэж бодогддог юм шүү.                       
Нийтэлсэн: Г.Золжаргал

Захирлын үдэш  
Үзсэн: 3976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
172.5.241.xxx [172.5.241.xxx] 2013-12-11 03:27
Iim gerel gegeetei yam unshihad saihan yamaa sha batbayar ta 2 unshih yam bichih yam da ta 2 n niitleliig hyleej unshij bn bayarlalaa
Baigali Ganbold [202.21.117.xxx] 2013-12-10 19:28
Б.Бадрууган хэмээх эрхэм хүмүүнтэй ярьсан мэт танил дотно болж байнаа, таныг бичсэнийг ялгасалгүй уншсаар. Хөгтэй, хөгжилтэй, дурсамжтай, сургамжтай түүхээс хуваалцаж байгаа гялаалай.

Бидэнтэй нэгдээрэй