
Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, дэмжих тарифын талаар Монгол улсын зөвлөх инженер П.Товуудоржтой ярилцлаа. Тэрээр ЭХЯ-нд Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд АНУ-ын Виржинийн Олон Улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, ШУТИС-ийн докторант, эрчим хүчний салбарын судлаач нарын нэг юм.
-Сүүлийн үед Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф иргэдийн бухимдлыг багагүй төрүүлж байгаа. Энэ үнэхээр авах ёстой төлбөр үү? Энэ мөнгө хаашаа ордог юм бэ гэсэн маргаан дагуулсан асуултаас ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
-Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг ярихын тулд эрчим хүчний системийн онцлогийг ярих шаардлагатай. Манай эрчим хүчний санхүүгийн систем нэг худалдан авагчтай загварыг ашигладаг. Өөрөөр хэлбэл Диспетчерийн Үндэсний Төв нь арилжааны операторын үүрэг гүйцэтгэж, янз бүрийн өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэж байгаа эх үүсвэрүүдийн дундаж үнээр түгээх сүлжээ рүү эрчим хүч борлуулж байна. Эрчим хүчний салбарт гадны улс орнууд шиг өрсөлдөөн байхгүй, хэрэглэгч хямд үнэтэй гэдэг ч юм уу давуу нөхцөл олгосон компанийг сонгох боломжгүй. Тиймээс хэрэглэгчид уламжлалт эх үүсвэр, сэргээгдэх эх үүсвэр, импортийн цахилгааныг хэрэглэж байгаа.
Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэхээр хэрэглэгчид хэн нэгний дэмжиж мөнгө төлж байгаа, эсвэл хэзээ ч хэрэглээгүй зүйлийнхээ төлбөрийг төлж байна гэж буруу ойлгодог. Хэрэглэгч та огт хэрэглээгүй зүйлдээ энэ мөнгийг төлж байгаа биш юм. Таны хэрэглээний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаа учраас энэ төлбөрийг авч байгаа. Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно” гэж заасан. Энэ хуулийн дагуу л авч байгаа төлбөр.
-Сэргээгдэх эрчим хүч өндөр өртөгтэй юм бол яагаад заавал дэмжих ёстой юм бэ гэсэн асуултыг иргэд тавьдаг?
-Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэхэд анхаарал тавьж байгаа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, эрчим хүчний анхдагч эх үүсвэр болох нүүрс, мазут, байгалийн хий гэх мэт түүхий эдийн нөөцтэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай. Монгол Улс дэлхийн болон олон улсын янз бүрийн гэрээ, конвенцед нэгдэж орсон. Нөгөө талаараа бид эрчим хүчний хэрэглээгээ өөрсдөө бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Импортын цахилгаан хэрэглэж байна. Тиймээс яаж хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчдийг хангах вэ гэсэн асуулт гарч ирээд удаж байгаа. Бид улс орныхоо онцлогт тохирсон нүүрс болон бусад хямд эх үүсвэрийг сонгох ёстой.
Харамсалтай нь одоогоор санхүүжилт босгож, нүүрсээр ажилладаг томоохон чадлын станцыг төр нь ч, хувийн хэвшил нь ч барьж амжаагүй байна. Эрчим хүч дутагдалтай байгаа үед хувийн хэвшлийн хөрөнгө татах боломжтой салбар нь сэргээгдэх эрчим хүчний салбар байна. Өнгөрсөн хугацаанд системийн ачааллыг хаахад эдгээр эх үүсвэрүүд тус дэм болж байсан гэдгийг дурдах нь зүйтэй. УИХ-аас 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах зорилготой энэ хуулинд сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчний үнийг ам.доллароор тооцож авах тухай заалттай. Энэ хуулийн 11-р зүйлд “Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, 5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам.доллар байхаар тогтоосон. Энэхүү хуулинд 2015 онд нэмэлт өөрчлөлт орж сэргээгдэх эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалттай.
Энэ хуулийн дагуу 2015 оноос эхлэн дэмжих тарифыг нэвтрүүлж эхлэсэн. Өнөөдрийн байдлаар “Клин энержи” ХХК-ийн Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станц, Дархан-Уул аймгийн “Солар повер интернэйшнл” ХХК-ийн 10 МВт-ын болон Сонгино-Хайрхан дүүргийн “Эверидэй ферм” ХХК-ийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 50 МВт-ын салхин цахилгаан станцууд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлдэг. Өөрөөрхэлбэл хэрэглэгчид сэргээгдэх эрчим хүчийг өдөр тутам амьдрал ахуйдаа ашиглаж байна. Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф гэдэг ямар нэг татвар татаас биш. Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааны төлбөр бөгөөд энэ мөнгийг үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэсэн цахилгааны төлбөр болгож олгодог.
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу иргэд энэ төлбөрийг төлж байгаа юм байна. Энэ хуулийг батлаад арав гаруй жил болж байна. Яагаад ийм өндөр төлбөр төлөхөөр хуулинд тусгаж өгсөн юм бол?
- Аливаа улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, хөрөнгө оруулагчийг татах зорилгоор тарифыг нь өндөр тогтоож өгдөг. Энэ нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа хүлэмжийн хийг бууруулах, цаг уурын өөрчлөлтийг зогсооход чухал нөлөөтэйгээс гадна, тогтвортой хөгжлийн зорилттой уялдаж байгаа. Дэлхий дээр байгаа эрчим хүчний анхдагч нөөц, өнөөгийн хэрэглээг тооцвол нөөцийн төрлөөсөө хамаараад 20-150 жилийн нөөцтэй гэж үздэг. Гэтэл эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 3 орчим хувиар өсч байна. Цаашид эрчим хүчний тогтвортой хангамжийг бүрдүүлэхийн тулд нөхөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай Улс орнууд эдийн засгийн нөөц боломж хөгжлөөсөө хамаараад хэр хэмжээнд зохистойгоор хөгжүүлэх вэ гэдэг нь дараачийн асуудал.
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэх тоолонгоор хэрэглэгчдийн төлөх дэмжих тарифын хэмжээ нэмэгдэх юм байна гэсэн ойлголт төрж байна. Энэ зөв үү?
-Тэгж ойлгож болно. Ганц сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ч биш нүүрсээр ажилладаг станц шинээр орсон ч хэрэглэгчид очих тариф нэмэгдэнэ. Учир нь өнөөдөр манай эрчим хүчний үнэ дэлхийн дунджаас харьцангуй доогуур байгаа. Монгол орны эрчим хүчний дийлэнхи хувийг үйлдвэрлэж байгаа дулааны цахилгаан станцууд маань хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөн, зөвхөн хувьсах зардлаар(OPEX) үнийг нь тооцож байгаа учраас харьцангуй хямд үнэтэй. Хэрвээ шинэ станц ашиглалтад орвол тогтмол зардал буюу CAPEX нэмэгдсэнээр эрчим хүчний үнэ нэмэгдэнэ.
-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэрээр хэрэглэгч дээр очиж байгаа үнийн ачааллыг хөнгөлөх боломж бий юу? Тухайлбал Уур амьсгалын өөрчлөлтийн сан, Японы JCM, Солонгосын CDM зэрэг олон улсын байгууллагуудаас хөрөнгө татах замаар дэмжих тарифын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг мэдээлэл бий?
-Боломж үргэлж байдаг. Дэлхийн цаг уурын хөрөнгө оруулалтын сангийн 30 сая долларын буцалтгүй тусламжаар баруун аймгуудад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр 2015 онд удирдах зөвлөлийн шийдвэр нь гарсан. Одоо бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ төслийн хувьд сэргээгдэх эрчим хүчний тариф үйлчлэхгүй, төрийн өмчит компани байх учраас үнэ тариф нь энгийн аргачлалаар явна. Мөн Япон, Монголын Засгийн газар хооронд байгуулсан хамтарсан кредит олгох механизмын гэрээ гэж бий. Энэ гэрээнд хувийн хэвшлийн 4 нарны төсөл хамрагдаад байгаа. Хамтарсан кредит олгох механизмын гэрээ ёсоор дээрх 4 төсөл хүлэмжийн хийг бууруулсан хэмжээгээрээ төслийн нийт өртгийн 50 хүртэл хувийн хөнгөлөлт авах боломж бүрдэж, зарим төсөл мөнгөө авч эхэлсэн байгаа. Мөн сэргээгдэх эрчим хүчний өөрийн технологийн үнэ өртөг жилээс жилд буурч байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний тарифыг бууруулах боломжтой.
-Сэргээгдэх эрчим хүч ашигтай. Байгаль орчинд ээлтэй нь үнэн. Гэхдээ нар, салхинаас л хараат сэргээгдэх эрчим хүч сүлжээнд нэвтрээд байвал эрчим хүчний аюулгүй, найдвартай үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэж зарим хүн ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Сэргээгдэх эрчим хүчний нөөц нь тогтворгүй байдаг дутагдалтай талтай. Тиймээс системд тэр хэмжээгээр тогтворгүй байдал үүсгэдэг. Нар харьцангуй гайгүй, төлөвлөж болно. Салхи бол илүү хүндрэл үүсгэдэг. Тийм учраас “Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого”-д 2020 оны түвшинд суурилагдсан хүчин чадлын 20 хувь гэж тодорхой хязгаар зааж өгсөн. Энэ нь 250 орчим МВт-н хэлбэлзлийг импорт болон ДЦС-4-аар зохицуулах техникийн боломжтой гэсэн үг. Үүнээс хэтэрсэн сэргээгдэхийн эх үүсвэр орвол горимын хувьд хүндрэлтэй болно.
-Сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэсэн хэмжээгээр нь нэгдсэн сүлжээнд нийлүүлээд байх боломж хязгаарлагдмал юм байна. Тэгвэл цаашид энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Яаж сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх вэ? Төрийн бодлогод энэ асуудал хэрхэн туссан байдаг юм бол?
-УИХ-аас баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-д сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлнэ гэж заасан байгаа. Зохистой харьцаа гэдэг нь манай улс өөрийн онцлогтоо тааруулж тодорхой хязгаарлалттайгаар, үе шаттай хөгжүүлнэ гэсэн үг. Өнөөдөр манай системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг тогтвортой хөгжүүлэхэд үүсч байгаа хоёр төрлийн хүндрэл байгаа юм. Нэгдүгээрт үнэ тариф, хоёрдугаарт техникийн горимын хүндрэл. Үүнийг шийдэхийн тулд тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болгох, хуулиар хатуу тогтоосон үнэ тарифын хязгаарыг өөрчилж уян хатан болгох, мөн технологийн дэвшилтэт шийдлийг ашиглаж эрчим хүчний хуримтлуурын системийг ашиглаж эхлэх шаардлага үүсч байна. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-н 4.2-т 2023 он хүртэлх 1-р үе шатны хүрэх үр дүн хэсэгт их чадлын цэнэг хураагуурын систем хэрэгжсэн байхаар зааж өгсөн.
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулах боломж бий юу? Хамгийн гол нь өөрчлөлт оруулсан нөхцөлд яг ямар өөрчлөлт оруулах боломжтой вэ?
-Хуулинд ойр ойрхон өөрчлөлт оруулах нь тийм сайн зүйл биш, ялангуяа хөрөнгө оруулагч нарын хувьд. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлье гэж байгаа бол эрх зүйн орчныг зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Бүх зүйлийг хөрөнгө оруулагчийн эрх ашгийн үүднээс биш хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой гэсэн санаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд 2015 онд өөрчлөлт оруулсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн анхны төсөл дээр тарифын доод хязгаарыг хасч, нарны станц дээр 15-18 цент гэж байсныг 18 цент, салхины станц дээр 8- 9.5 цент гэж байсныг 9.5 цент хүртэл гэж өөрчлөх санал оруулсан. Харин УИХ дээр хууль хэлэлцэгдэх явцад гишүүдийн саналаар хэвээр нь үлдээсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлээс сэргийлсэн хэрэг. Гэхдээ хуулийн энэ хатуу хязгаарыг өөрчилж уян хатан болгох шаардлагатай. Өнөөдөр манайд нүүрсээр ажилладаг эх үүсгүүр буюу дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн 1 кВт цаг цахилгааны үнэ дунджаар 7 цент буюу 160 төгрөг, салхины станцын үйлдвэрлэсэн 1 кВт цаг цахилгааны үнэ 9.5 цент буюу 212 төгрөг, нарны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн 1 кВт цаг цахилгааны нь дунджаар 16 цент буюу 400 төгрөг байгаа.
Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглалтад орох тусам хэрэглэгчийн нуруун дээрх ирэх төлбөрийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний үнийг уян хатан болгож, өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг “Нарны цахилгаан станцыг барихад үнээр өрсөлдүүлэх зарчмаар тендер зарлаж, хямд үнийг тогтоодог механизмыг хэрэгжүүлснээр нарны станцаас үйлдвэрлэх цахилгааны үнэ буурна гэж мэдээлсэн байгаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, үнэ тарифыг тогтоохдоо тухайн төслийн байршил, үйлдвэрлэх цахилгааны хэмжээ, олон улсын хөнгөлөлтийн механизмд хамрагдсан эсэхийг харгалзан үздэг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах үйл ажиллагааг хямд үнээр нь сонгон шалгаруулдаг, дуудлага худалдаа буюу өрсөлдөөнт зах зээлийн системийг оруулж өгөх хэрэгтэй байгаа юм.
-Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих, тоног төхөөрөмжийн үнэ өндөр учраас сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр байгаа гэж хөрөнгө оруулагчид тайлбарладаг шүү дээ?
-Өндөр байсан. Энэ үнэн. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл хурдацтай хөгжихийн хэрээр шинэ техник, технологи инновацийн ололтоос үүдэлтэй өртөг зардал үнэ тарифт өөрчлөлт орж байна. Үндсэн тоноглолын үнэ буурч байгаа учраас бүтээгдэхүүний үнэ ч буурч байгаа. Олон улсын түвшинд 2010 онд нарны цахилгаан станцын цахилгааны үнэ 1 кВт цаг нь 36 цент-ээс буурсаар 2017 онд 10 цент хүрч, 2010-2017 оны хооронд үндсэндээ 73 хувиар буурсан байна. Үүнтэй холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний олон улсын байгууллагууд нарны үүсгүүрийн үнэ ирэх таван жилд 25 хувь, 2025 онд гэхэд 43-65 хувиар буурна хэмээн таамаглаж байна.
-Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифтай зэрэгцэн эрчим хүч хуримтлуурын тухай асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах, хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үед ашиглах талаар хийсэн судалгаа бий юу?
-Эрчим хүч хуримтлуулах технологид механик хэлбэрийн буюу усан цэнэгт станцаас гадна цахилгаан химийн арга буюу батарейны систем нэвтэрч эхэлсэн. Эрчим хүчний том чадлын хуримтлуурын систем нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг тогтвортой хөгжүүлэхэд нөлөөтэйгээс гадна эрчим хүчний аюулгүй, тогтвортой, эдийн засгийн үр ашигтай байдлыг хангахад чухал. Бидний хэдэн инженерүүд 2016 оноос эхлэн системийн горимыг дэмжих зорилгоор том чадлын эрчим хүчний хуримтлуурын судалгаа хийж, холбогдох зөвшөөрлийг аваад байна. Энэхүү туршилтын төслийн хүрээнд Япон зэрэг орны өндөр технологийн компанийн хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр ажиллаж байна. Хэрвээ хуримтлуурын төсөл маань хэрэгжээд эхлэх юм бол өглөө, оройны оргил ачааллын үед үйлдвэрлэгч, шөнийн бага ачааллын үед хэрэглэгч болж оролцсоноор ачааллыг тэнцвэржүүлж, импорт, экспортын хэмжээг бууруулна. Горим тохируулагч ДЦС-4 ТӨХК-ийн жишмэл түлшний хувийн зарцуулалт сайжирч эдийн засгийн үр ашиг гарах юм. Горим сайжирсанаар тоноглолын гэмтэл багасна. Хамгийн чухал нь системийн аваар саатлын үед нөөц эх үүсвэр болох юм.
-Монгол бол сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй, нөөц ашиглан үйлдвэрлэл барих боломжтой орон. Сэргээгдэх эрчим хүч экспортлох, Азийн супер сүлжээ байгуулах асуудал олон жилийн өмнөөс яригдаж байгаа. Та энэ төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Төслийн явц ямар түвшинд байгаа вэ?
-Зүүн хойд ази бол эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбогдоогүй цорын ганц бүс нутаг. Өдрөөс өдөрт эрчим хүчний хэрэглээ өсч байгаа ч тухайн бүс нутгийн орнуудын эдийн засаг, улс төрийн харилцаа нь төдийлэн тааламжтай биш байгаа учраас эрчим хүчний салбар дахь том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудал орхигдсон. Харин сүүлийн үед бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санал санаачлагууд их гарч байгаа. Зүүн хойд азийн бүс нутагт дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, нийт хүн амын 22 хувь, эрчим хүчний хэрэглээний 25 хувь нь төвлөрч байгаа. Энэ бол том боломж, том зах зээл. Манай орны хувьд байгалийн баялаг нөөцөө ашиглан, эрчим хүчний экспортлогч орон болох алтан боломж бий. Монгол орон эрчим хүчний анхдагч нөөцөөр зүүн хойд Азидаа төдийгүй дэлхийд дээгүүрт ордог. Хүрэн болон чулуун нүүрсний геологийн нөөцөөр 170 гаруй тэрбум тонн, ураны хувьд батлагдсан нөөц 73000 тн, тооцоот нөөцөөр 1,5 сая тн байгаа нь дэлхийд эхний 16-р байр, газрын тос геологийн нөөц 205 сая тонн. Мөн сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр 15000 TW/h буюу зүүн хойд азийн эрчим хүчний 2030 оны хэрэглээг дангаар хангах нөөцтэйг Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагаас (IRENA) 2016 онд гаргасан “Монгол улсын Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланд дурдсан байна.
Улсын Их Хурлаас 2015 онд анх удаагаа төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг иж бүрнээр нь хэлэлцэж баталсан. Уг бодлогын баримт бичигт аюулгүй байдал, үр ашиг, байгаль орчинг тэргүүлэх чиглэлээ болгож, стратегийн 6 зорилго, 27 зорилттой, 2 үе шаттай 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр тусгасан. Стратегийн хоёрдугаар зорилго буюу бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд дөрвөн зорилтыг тусгаж өгсөн нь бүс нутгийн хэмжээнд анхдагч нь болж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд Зүүн хойд азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санаачлагыг эхнээс нь тууштай дэмжиж, идэвхтэй хамтран ажилласны хүчинд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги боловсруулах төслийн судалгааны ажил эхлээд байна. Уг судалгааны ажлын зорилго нь Монгол орны сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөд тулгуурлан Зүүн хойд азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратегийг боловсруулах юм.
Энэ хүрээнд бүс нутгийн нөөцийн болон хэрэглээний баланс, дамжуулах шугамын холболтын технологийн шийдэл, зохицуулалт болон худалдааны асуудлуудыг тухайн улс орнуудын хууль тогтоомж, улс төр, санхүү эдийн засаг, байгаль орчны нөхцөл дээр үндэслэн оновчтой шийдлийг гаргана. Төслийн судалгааны ажил 2019 онд дуусч, Засгийн газарт хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Манай орны хувьд байгалийн арвин баялаг нөөцтэй, эрчим хүчний хэрэглээ нь харьцангуй бага учраас эрчим хүчний дутагдлаас богино хугацаанд гарч, экспортлогч орон болох бүрэн боломжтой бий.
П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэхийн тулд эрх зүйн орчныг зайлшгүй сайжруулах хэрэгтэй | ||
Үзсэн: 10039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.