Шууд Chart

Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль

2013-12-16 17:09:52

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: Нийтлэг үндэслэл

    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

    1.1. Энэ хуулийн зорилт нь садар самууныг сурталчлах, биеэ үнэлж явалдахтай тэмцэх болон эротик сурталчилгаа, үйлчилгээг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    2 дугаар зүйл. Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль тогтоомж

2.1. Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль тогтоомж нь Эрүүгийн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

    З дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг;

3.1.2.“садар самуун явдал” гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг;
/Энэ заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.3. "эротик" гэж гоо сайхны таашаал төрүүлэх зорилгоор хүний нүцгэн биеийг урлаг, уран сайхны хэлбэрээр үзүүлэхийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ: Садар самуун явдлыг хориглох

4 дүгээр зүйл.Биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэхийг хориглох


4.1.Биеэ үнэлэхийг хориглоно.

4.2.Бусдын биеийг үнэлүүлэхийг хориглоно.
/Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

    5 дугаар зүйл. Садар самууныг сурталчлахыг хориглох

5.1. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно.

5.2. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглоно.

5.З. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэг, зураг болон бусад зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

    6 дугаар зүйл. Садар самуун явдалтай тэмцэх талаар аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

6.1. Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, гэгээрлийн байгууллагууд садар самуун явдлын хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах, бэлэгсийн халдварт болон дархлалын олдмол хомсдол өвчнөөс урьдчилан сэргийлэх  сурталчилгаа явуулах үүрэгтэй.

6.2. Шөнийн цэнгээний газар, зочид буудалд бэлгэвч худалдаалах тоног төхөөрөмжийг заавал байрлуулсан байна.   

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эротикийн сурталчилгаа, үйлчилгээнд
тавих шаардлага


    7 дугаар зүйл. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам

7.1. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон тусгай цэгт худалдана.

7.2. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдахад дараахь зүйлийг хориглоно:      
 
7.2.1. албан байгууллага, гудамж, талбай, хүүхдийн байгууллага, цэцэрлэг, сургууль, оюутан, сурагчдын дотуур байр, хүнс, барааны зах, худалдаа, үзвэр үйлчилгээний газар худалдах;

7.2.2. гар дээрээс худалдах;

7.2.3. 18 насанд хүрээгүй хүнээр худалдуулах, 18 насанд хүрээгүй хүнд худалдах.

    8 дугаар зүйл. Эротик кино, дүрс бичлэг, жүжиг,  бүжиг үзүүлэхэд хориглох зүйл

8.1. Эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг, тайчих урлаг, үзүүлэх тоглолт, уралдаан, тэмцээн, бусад үзвэрийг үзүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:

8.1.1. соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас тусгайлан зөвшөөрснөөс бусад газарт энэ төрлийн кино, дүрс бичлэгийг үзүүлэх;
/Энэ заалтад  2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.1.2. телевизийн нийтийн сувгаар дамжуулах;
8.1.3. 18 насанд хүрээгүй хүнд үзүүлэх.

    9 дүгээр зүйл. Эротикийн сурталчилгаанд тавих хяналт

9.1. Эротик чиглэлийн хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэгт тавих хяналтыг эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёлын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэдэх зөвлөл /цаашид "Зөвлөл" гэнэ/ хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт  2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9.2. Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

9.З. Эротик хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэгийг зөвхөн Зөвлөлөөр хянуулсны дараа хэвлэн нийтлэх, нийтэд үзүүлэхийг зөвшөөрнө.

    1О дугаар зүйл. Эротик тоглолт явуулах

10.1. Эротик тоглолтыг зөвхөн шөнийн цэнгээний газарт явуулж болно.

10.2. 18 насанд хүрээгүй хүнийг шөнийн цэнгээний газарт оруулах болон эротик тоглолтод оролцуулахыг хориглоно.
 
11 дүгээр зүйл. Татварын хувь, хэмжээ

11.1. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 -т заасан хувь, хэмжээгээр татвар ногдуулна.
/энэ зүйлийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

12 дугаар зүйл.Тоо бүртгэл

12.1.Биеэ үнэлсэн, эсхүл бусдын биеийг үнэлүүлсэн зөрчилд захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн талаарх тоо бүртгэлийг цагдаагийн байгууллага эрхлэн хөтөлнө.
/Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

    1З дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
 
13.1. Энэ хуулийн 5.1, 5.2-т заасан зөрчлийг нэг жилийн дотор давтан гаргасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

13.2. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

13.2.1. энэ хуулийн 4.1, 4.2-ыг зөрчсөн бол биеэ үнэлж олсон орлогыг нь хурааж, 14-30 хоногийн хугацаагаар баривчлах;
/Энэ заалтад 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.2.2. энэ хуулийн 4.2-ыг зөрчсөн гэм буруутай иргэнийг 35000-50000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-15 хоногийн хугацаагаар баривчлах, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох буюу биеэ үнэлэх газрын зориулалтаар ашигласан зочид буудал, цэнгээний газрыг хаах, биеэ үнэлж явалдахад тээврийн хэрэгслээр зориуд үйлчилсэн бол тээврийн хэрэгслийг хураах;
/Энэ заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

13.2.3. энэ хуулийн 5.1-ийг зөрчсөн бол садар самууныг сурталчилж олсон орлогыг хурааж, гэм буруутай албан тушаалтныг 40000-60000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 хүртэл төгрөгөөр торгох, энэ зөрчлийг нэг жилийн дотор давтан гаргасан бол хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох;

13.2.4. энэ хуулийн 5.2-ыг зөрчсөн бол садар самууны холбогдолтой эд зүйлсийг хурааж, гэм буруутай иргэнийг 40000-50000 хүртэл төгрөгөөр торгох;

13.2.5. энэ хуулийн 5.3-ыг зөрчсөн бол хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан зүйлсийг хурааж, гэм буруутай иргэнийг 35000-50000 хүртэл төгрөгөөр торгох буюу 7-15 хоногийн хугацаагаар баривчлах, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 хүртэл төгрөгөөр торгох;

13.2.6. энэ хуулийн 6.2-ыг зөрчсөн гэм буруутай иргэн, албан тушаалтныг 30000-50000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100000-150000 хүртэл төгрөгөөр торгох.

13.2.7.энэ хуулийн 7 дугаар зүйл, 8.1.3-ыг зөрчсөн гэм буруутай иргэнийг 25000-30000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 хүртэл төгрөгөөр торгох;

13.2.8. энэ хуулийн 8.1.1, 8.1.2-ыг зөрчсөн бол эротик кино, дүрс бичлэгийг үзүүлж олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 25000-50000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 хүртэл төгрөгөөр торгох;

13.2.9. энэ хуулийн 9. З-ыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлого, Зөвлөлөөр хянуулаагүй эротик хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэгийг хурааж, гэм буруутай иргэнийг 30000-50000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 хүртэл төгрөгөөр торгох;

13.2.10. энэ хуулийн 10.1, 10.2-ыг зөрчсөн гэм буруутай иргэнийг 30000-50000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 хүртэл төгрөгөөр торгох;

13.3. Эрх бүхий албан тушаалтан дараахь харъяаллаар энэ хуулийн 1З.2-т заасан захиргааны шийтгэлийг ногдуулна:

13.3.1. шүүгч энэ хуулийн 13.2-т заасан баривчлах, тээврийн хэрэгслийг хураах шийтгэлийг;

13.3.2. цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн  4.2, 5.1, 5.2, 6.2, 7 дугаар зүйл,  8.1.2, 8.1.З, 9.1, 9.З, 10 дугаар зүйлийг зөрчсөнд холбогдох шийтгэлийг;

13.3.3. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 8.1 дэх заалтыг зөрчсөнд холбогдох шийтгэлийг;

13.3.4. гаалийн байцаагч энэ хуулийн 5.3-ыг зөрчсөн этгээдэд ногдуулах шийтгэлийг.

    14 дүгээр зүйл. Хуулийн заалтыг дагаж мөрдөх   журмын тухай

14.1. Энэ хуулийн 6.2-т заасныг 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


               


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                     Р.ГОНЧИГДОРЖ                 
 


Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль  
Үзсэн: 3385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-12-16 21:46
Садар самуунтай үнэн голоосоо тэмцье гэвэл ядуу зүдүү амьдралын эрхээр биеэ үнэлж байгаа энэ муу хэдэн янхан хүүхнүүдтэй биш тэдний биеийг нь үнэлж авч байгаа эрчүүд буюу үйлчлүүлэгч клиентүүдийг торгож дахин тэгвэл баривчлах хэрэгтэй.тэгэж байж л садар самуун явдал буурна.

Бидэнтэй нэгдээрэй