Шууд Chart

Ц.Цэндсүрэн: Бүх дээлээ сэтгэлээ шингээж урладаг

2024-01-09 14:21:34

Монгол хувцас, монгол дээл нь эрс тэрс уур амьсгалтай манай оронд жилийн дөрвөн улиралд зохицсон өвөрмөц хэв маягтай байдаг. Халх хувцасны донж маяг нь дэлхийд давтагдашгүй билээ. Цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байгаа ч манай үндэсний дээл нь орчин үед улам шинэ өнгө төрхтэй болж байна.

Удахгүй болох сар шинийн баярт зориулан үндэсний үйлдвэрлэгч “TUKO TAILOR” хувцасны салоны дизайнер Ц.Цэндсүрэнг "Редакцийн зочин"-оороо урьж ярилцлаа. 

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? 

-Намайг Цэндсүрэн гэдэг. 2015 оны нэгдүгээр сараас "TUKO TAILOR" хувцасны салон ажиллаж эхэлсэн. Миний хувьд салондоо тасралтгүй долоо дахь жилдээ ажиллаж байна. Салондоо Үйл ажиллагаа хариуцсан захирал, мөн загвар зохион бүтээгчээр ажилладаг.

-Яагаад "TUKO TAILOR" гэж нэрлэсэн юм бэ? 

-Манай захирлыг найзууд нь ингэж дууддаг байсан юм билээ. Багын нэр нь гэх үү дээ. Түүгээрээ брэндээ үүсгээд, салонаа нэрлэсэн гэсэн.  

-Манай орон үндэстэн, ястны өлгий нутаг. Нутаг нутгийн онцлог, соёлыг харуулсан дээлийг хүмүүс хэр их захиалж байна вэ? 

-Үндэстэн, ястны хувцсыг захиалгаар хийдэг. Зарим тохиолдолд үйлчлүүлэгч өөрөө үндэстэн, ястны уламжлалаа шингээе гэвэл бид түүнийг нь шингээгээд л урлаад өгдөг. Үйлчлүүлэгчийнхээ санал хүсэлтийг сонсож байгаад орчин цагийн хэлбэрт оруулан шинэ бүтээл урлах нь бий. 

-Удахгүй сар шинийн баяр болно. Захиалга эхэлсэн үү?

-Захиалга эхэлсэн. Одоогоор захиалга 70 гаруй хувьтай явж байна. Нэмж захиалга авч байгаа. 

Манай салон дөчөөд хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Арав гаруй оёдолчинтой. Маркетингийн баг нягтлан, гар чимэглэл эсгүүр, хатгамал гээд багуудад хуваагдан үйл ажиллагаа явуулж байна. 

-Сүүлийн үед дуучид, жүжигчдийн өмссөн дээл хатгамал ихтэй, уран нарийн хийцтэй болсон байна билээ. Дээр үеийнх шиг зээгт наамал хийх араар урладаг уу?

-Өнөө цагт тоног төхөөрөмжийг түлхүү ашиглаж, илүү хурдан, өнгө үзэмж сайтай, үндэсний хэв маягийг шингээсэн бүтээл урлаж байна. Хатгамлын машинаар хүссэн хээгээ материал дээрээ буулгадаг болсон. 

-4-5 ам бүлтэй айлын гишүүдэд дээл хийе гэж бодвол хэр хугацаа зарцуулах вэ?

-Захиалгын ачааллаас шалтгаална. Их ачаалалтай байвал 10-14 хоног, ачаалал бага бол 7-10 хоног байх болов уу. Заримдаа хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. 

-Танай салоны хувьд бусдаас юугаараа онцлог юм бэ? 

-Бид захиалгаар оёдог. Хүмүүс манайхыг сонгоод, шинэ загвараар дээлээ урлуулдаг. Бидний бүтээсэн загварыг олны танил хүмүүс, моделиуд өмсөж амилуулсныг нь олон нийтийн сүлжээнд нийтлэхээр хүмүүс их ханддаг. Бид үйлчлүүлэгчдэдээ "Энэ л танд зохино" гэж бэлэн дээл худалдаалахыг зорьдоггүй. Тухайн хүний царай, арьс болон нүдний өнгө зэрэгт нь тохируулан дээлийн өнгийг нь сонгодог. Мөн үйлчлүүлэгчийнхээ сонирхож байгаа стиль, ямар имиж бүрдүүлмээр байгаад нийцүүлж бүтээлээ урладаг. Өөрөөр хэлбэл, манайхыг зориод ирсэн хүн мэргэжлийн дизайны зөвлөгөө авна гэсэн үг.

Гоёлын дээлийг нэг хэсэг хонхны баяраараа л өмсөнө дөө гээд хадгалдаг байсан бол одоо дээлийг олон арга хэмжээнд өмсдөг болсон байна. Цагаан сар, наадам, ямар нэгэн тэмдэглэлт баяр, эвентүүд, киноны нээлт гээд өргөн хэрэглэж байна. 

Хүмүүсийн сонирхолд нь нийцүүлээд хүн болгонд тохирсон загвараар дээл хийхийг хичээдэг. Ер нь бидний зорилго бол хүн болгонд тохирсон гоё, өнгө үзэмжтэй, стильтэй, суулт сайтай дээлийг урлах юм. 

-Захиалгат хувцасны давуу тал их байх?

-Жишээ нь, телевизийн нэвтрүүлэгчид бол байнга гэрлийн дор ажилладаг. Олны нүдэнд ингэж харагддаг, ийм зан характертай, энэ өнгө зохидог, хувцасны дизайн нь ийм байвал сайхан харагдана гэх зэргээр бид хэлж чадна. Гэтэл "Би сайхан харагдмаар байна" гээд шууд тэднийг даган дуурайж болохгүй. Өөрт таарахгүй хувцас өмсвөл бие бариад хэцүү байдаг. Хүний сэтгэл зүйд хувцас бас их нөлөөлдөг болохоор өөрөө захиалж байгаа тохиолдолд өөрийгөө их сайн илэрхийлэх ёстой. Би яг ийм харагдмаар байна гэдгээ загвар зохион бүтээгчдээ сайн хэлэх хэрэгтэй. Настай хүмүүс залуу харагдмаар байна гэвэл өнгө, дизайныг сонгож, захиалагчийнхаа үзэл бодолд нь таарсан, сэтгэл зүйд нь нийцсэн хувцас урлаж өгнө. Ер нь хаана ч явсан өөртөө итгэлтэй байхаар хувцсыг хийлгүүлэх нь захиалгат хувцасны онцлог юм. 

-Таны хувьд хувцас дизайны мэргэжлийг хэзээ эзэмшсэн бэ. Загвар зохион бүтээгч мэргэжлийн сайхан нь юу вэ?

-Би 2013 онд Урлах эрдэм сургуулийг "Хувцас дизайны загвар зохион бүтээгч" мэргэжлээр төгссөн. Тэгээд нэг их удаагүй байж байгаад энэ салондоо ажилд ороод одоо болтол тогтвортой ажиллаж байна.

Мэргэжлийн маань хамгийн сайхан нь гэвэл байнга шинийг эрэлхийлдэг. Хүмүүст яг юу зохих бол гэж дандаа бодож байдаг. Байнга тренд судалдаг. Хүний өөрийнх нь хүссэн, сэтгэлд нь нийцсэн загварыг гаргаж өгнө гэдэг чинь хамгийн гоё нь. Хүмүүсийн "Маш их таалагдлаа, баярлалаа" гэх нь миний хувьд хамгийн сайхан үг. 

-Эко үслэг материалтай дээл хийсэн байна. Бусад дээлнээс юугаараа онцлог вэ?

-Манай сургуулийн онцлог нь европ болон үндэсний хувцасны аль, алийг нь хийх чадвартайгаар төгсгөдөг. Цаашид аль чиглэлээр явахаа хүн өөрөө сонгодог. Манай салон эко үслэг материалтай дээл гарсан. Харьцангуй цөөн тоогоор гардаг. Захиалгаар хийж байна. Эко хослол бол байгальд ээлтэй, ан амьтанд хайртай, амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүмүүст зориулагдсан. Их биеийг нь торгоор хийсэн, чимэглэлд гар ажиллагаа илүү их оруулж өгснөөрөө ялгарна. Арваннэгдүгээр сараас хоёрдугаар сарын сүүлч хүртэл өмсвөл тохиромжтой. Эдэлгээний хувьд бол хэдэн ч жил өмсөж болохоор. Тухайн хүний хэрэглээнээс хамаарна. 

-Гоёлын дээлийг хэрхэн цэвэрлэдэг юм бэ?

-Үндэсний хувцсыг хими цэвэрлэгээнд өгөх нь илүү зүгээр байдаг. Яагаад вэ гэвэл үндэсний хувцас өөрөө нарийн ажиллагаатай, эмжээртэй, гоёл чимэглэлтэй. Угаалгын машинаар, эсвэл гараар угаахад эмжээр сэмрэх, чимэглэлүүд унах зэрэг сөрөг тал их. Одоо хими цэвэрлэгээний газрууд бүтэн дээл угаадаг машинтай болчихсон. Өмссөн дээлээ сайхан цэвэрлүүлээд, хадгалж байгаад дахиад өмсөөд байх нь ч эдийн засгийн хувьд өгөөжтэй. Зарим хүн байнга хими цэвэрлэгээнд өгөх нь их зардалтай байна гэдэг. Би бол дээлийн үнэ цэнийг хадгалахын тулд, шинэ байдлыг нь алдагдуулахгүйн тулд хими цэвэрлэгээнд өгөх хэрэгтэй гэж байнга зөвлөдөг.

-Энэ жилийн сар шинийн баярын дээлэнд ямар өнгө, загвар ноёлж байна вэ?

-Манай зарим үйлчлүүлэгч их судалгаатай байдаг. Үйлчлүүлэгч нар хувцасны өнгө мэдрэх, сонгох тал дээр судалгаатай болчихдог. Өнөө цагт мэргэжлийн өнгө тодорхойлдог стилист байдаг болсон. Тэд нараар өнгөө тодорхойлуулчихсан хүмүүс ирдэг. Ер нь бол энэ жилийн өнгө, тэр жилийн өнгө гэхээсээ илүү хүн өөрийнхөө өнгийг тодорхойлох нь чухал байна. Тэгэхээр ямар өнгө зонхилж байна гэхээсээ илүү ямархуу хэв маяг хүмүүсийн сонирхлыг татаж байна вэ гэдэгт анхаарч байна. Дээлийн загварын тухайд бол хуучин загвар руу эргэсэн. Хоргой эмжээр сонгож, хоргой дээл хийлгэж байна. Хуучны стилийн гэмээр тиймэрхүү хэв маяг сонирхлыг илүү татаж байгаа. Илүү орчин үеийн байдлаар бид өнгө, дизайныг нь гаргаад, сонирхож байгаа эргэсэн нударга, бүсний гоёл, үсний гоёл зэргийг нь хүмүүсийн сонирхлоос хамаараад хийж байна. Дээр үед дээл илүү богино, хөдөө аж ахуйд суурилсан гэмээр хөдлөхөд амар, амьдрал ахуйтай тохирсон байсан. Орчин үед дээл илүү урт, шагайгаар татах болсон. Энэ нь туфли өмсдөг хүмүүст зориулсан, гоёлын гэдэг утгаар нь хэрэглэдэг болсонтой холбоотой. 

-Та өдөр тутамдаа ямар хувцас өмсөх дуртай вэ?

-Би өдөр тутмынхаа хувцаслалтдаа ямар нэг брэнд сонгож өмсдөггүй. Өөрийнхөө биед эвтэйхэн, ажлаа хийхэд тохиромжтой хувцас өмсдөг. Үндэсний баяр ёслолоор бол монгол үндэснийхээ дээл хувцсыг заавал өмсөж хэрэглэдэг.

-Монголд хувцас загварын салбар хурдацтайгаар хөгжиж байна. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манай улсын ноос, ноолууран бүтээгдэхүүн гадаадад нэр хүндтэй байна. Гадаад хүмүүс ч гэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг илүү үнэ цэнтэй гэдэг утгаар нь их хэрэглэдэг.  

-Одоо өдөрт хэдэн дээл урлаж байна вэ?

-Өдөрт манайх 15-20 дээл гаргах боломжтой. Энэ жилийн хувьд Цагаан сар эрт болж байна. Дөнгөж шинэ жил өнгөрөөд л Цагаан сар болчихож байгаа учраас захиалга авах хугацаа маань бага байна. Манайд  захиалга өгөхөөр төлөвлөж байгаа хүмүүс аль болох эрт ирээд захиалгаа өгөөрэй. 

-Танай салонд худалдаад авахад бэлэн дээл байгаа юу?

-Бэлэн загваруудаас нэлээд сонголттой байгаа учраас ирээд зөвлөгөө аваад, өмсөж үзээд худалдан авч болно. Мөн захиалж болно. 



-Хүүхдийн дээл, том хүний эмэгтэй, эрэгтэй дээлийн үнэ ханш ямар байна вэ? 

-Хүүхдийн дээл манайд бэлэн байхгүй. Захиалгаар хийгддэг. Нас наснаасаа хамаараад, хээ хатгамлаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй. Манайх зарим бүтээгдэхүүндээ хямдрал зарлаад байна. Энэ удаад оны өмнө зарласан хямдралаар зарим нэг дээл үлдчихсэн байгаа учраас түүнээс сонгох боломжтой. Үнийн хувьд боломжийн байгаа. Манай хувцас тухайн үйлчлүүлэгчид үнэхээр таалагдсан боловч мөнгө нь бага зэрэг дутвал бид уян хатан ханддаг шүү /инээв/. 

-Загвар зохион бүтээгч хүний хувьд охид, бүсгүйчүүддээ аминчлан ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мэргэжлийн стилист, мэргэжлийн салоноос зөвлөгөө авбал илүү үр дүнтэй. Учир нь хүн бүрийн биеийн галбир өөр, өөр. Ажил мэргэжлийн онцлогоос хамаараад нэг хувцас тохируулж болохгүй шүү дээ. Аль хувцсыг өдөр тутамдаа илүү их хэрэглэж байна вэ гэдгээ мэдээд, илүү минимал болоод, бүх хувцсаа өөртөө зохидог болгоё гэвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй болов уу. Ингэхдээ ажлын өдрүүдэд ямар хувцсыг их өмсдөг вэ гэдгээ хэлээд тодорхойлуулах нь чухал. Энэ нь бүтэлгүй худалдан авалт хийхээс хамгаалаад зогсохгүй эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэж бодож байна. 

Нийтэлсэн: Т.Урангуа

Ц.Цэндсүрэн: Бүх дээлээ сэтгэлээ шингээж урладаг  
Үзсэн: 5538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй