
Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын баталсан удирдамж, хуваарийн дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, арга хэмжээг сурталчлах, ард, иргэд, төр, захиргааны байгууллагын саналыг сонсох, Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан зохион байгуулах, сурталчлах зорилгоор Татварын Ерөнхий газрын дарга Д.Занданбат тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажилласан билээ. Тэд Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан юм. Энэ үеэр ТЕГ-ын дарга Д.Занданбат Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн ажил байдалтай танилцаж, татварын улсын байцаагч нартайгаа уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Энэ үеэр Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Цэндтэй цөөн хором ярилцлаа.
-Өмнөговь аймгийн Татварын хэлтэс ямар бүтэц, зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгтэй уялдуулан Улсын төсвийн орлого, хяналтын газар, нийслэл, аймгийн Татварын албадын бүтэц, чиг үүргийг ТЕГ-ын даргын тушаалаар баталсан. Үүний дагуу Өмнөговь аймгийн Татварын хэлтэс нь долоон тасагтай, 51 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, Захиргаа, Татварын орлогын, Татварын хяналт шалгалтын, Татвар төлөгчтэй харилцах, Статистик, эрсдэлийн удирдлагын тасаг болон Цогтцэций, Ханбогд суманд Татварын тасаг ажилладаг. 2017 онд ТЕГ-аас 647.8 сая төгрөгийн төсвийн санхүүжилттэйгээр ажиллаж төсвийн хэтрэлт болон хэмнэлт гаргаагүй, өр авлага үүсгээгүй ажилласан.
-Улс, орон нутгийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөг биелүүлэх, орлого бүрдүүлэх чиглэлээр ямар ажил хийж, гүйцэтгэв?
-Манай Татварын хэлтэс улс, орон нутгийн төсвийн татварын орлогыг бүрдүүлэх, албаны үйл ажиллагааг сайжруулах, өр барагдуулах чиглэлээр аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Үр дүнгийн гэрээг биелүүлэх ажлын хүрээнд татварын ногдол, өрийг үе шаттай барагдуулах арга хэмжээ авч ажилласны дүнд улс, орон нутгийн төсөвт 2017 онд нийт 88.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 113.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 128.1 хувиар биелүүлсэн.
Харин орон нутгийн төсөвт 72.5 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 91.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 125.7 хувиар биелүүллээ. Татварын төрлөөр нь авч үзвэл ААНОАТ-ын орлогын төлөвлөгөө 155.4, НӨАТ-ын орлогын төлөвлөгөө 134.9, АМНАТ-ийн төлөвлөгөө 152.8, Онцгой албан татварын төлөвлөгөө 116.2, Агаарын бохирдлын төлбөрийг 111.3 хувиар тус тус биелүүлсэн. Эцэст нь дүгнэж хэлбэл, улсын болон аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг бүх нэр төрлөөр нь давуулан биелүүлсэн амжилттай байна.
-НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр орон нутагтаа хэрхэн сурталчилдаг вэ?
-Монгол Улсын их хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь шинэчлэн найруулж, 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль юм. Хуулийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулж, 2048 татвар төлөгчийг сургалтад хамруулж, 180 гаруй нэвтрүүлэг, ярилцлага, мэдээллийг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээлээ. Мөн ТЕГ-аас НӨАТ-ын урамшууллын сугалааг холбогдох журмын дагуу 2017 онд 12 удаа зохион байгуулсан. НӨАТ-ын урамшууллын сугалаанаас манай аймгийн хоёр иргэн 20 сая, 26 иргэн 500 мянга, 220 иргэн 100 мянга, 2109 иргэн 20 мянган төгрөгийн азтанаар тодорч, нийт 117.2 сая төгрөгийн урамшуулал олгосон.
Түүнчлэн улсын төсөвт 2017 онд төвлөрүүлсэн татварын орлогын 36.3 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн нь 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад нэмэгдсэн. Мөн хуулийг хэрэгжүүлсний дүнд НӨАТ суутган төлөгчөөр бүртгэх борлуулалтын орлогын доод хэмжээг 50 сая төгрөг болгосон ч 25 татвар төлөгч шинээр нэмж бүртгэгдсэн нь эерэг үзүүлэлт юм. Үүнээс гадна, хувь хүний орлогын албан татварын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг цахим хэлбэрээр болон шуудангаар хүлээн авах ажлыг зохион байгууллаа.
-Ер нь танай аймагт татвар төлөгч хичнээн ААН, байгууллага, иргэн байдаг вэ. Татвар төлөгчид хуулийг хэрхэн биелүүлдэг вэ?
-Манай Татварын хэлтэст 2603 аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллага, 16656 иргэн татвар төлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Эдгээр татвар төлөгчиддөө Татварын хуулийн сурталчилгаа, үйлчилгээг хүргэж хамтран ажилласны үр дүнд орлогын төлөвлөгөө биелж ирлээ.
-Цогтцэций, Ханбогд суманд Татварын тасаг нэлээд ачаалалтай ажилладаг байх. Бусад сумдаас ялгарах онцлогийн талаар юу хэлэх вэ?
-Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой, Цогтцэций суманд Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий ордууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг дагаад туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн ажилчид зэрэг нь татварын бааз суурийг өргөтгөж байдаг.
-Албан хаагчдын нийгмийн асуудал болоод сурч, хөгжих боломжийг хэрхэн бүрдүүлдэг вэ?
-2017 оны гуравдугаар сард хэлтсийн нийт албан хаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, аймаг орон нутгийн удирдлагуудыг оролцуулсан. Ингэхдээ хоёр албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, татвар хураалтад зориулан нэг автомашин шийдэж өгөхөөр болсон. Мөн аймгийн Засаг даргын “Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах” дэд хөтөлбөрийн хүрээнд Булган, Гурвантэс, Манлай, Даланзадгад сумын албан хаагчдад тэтгэмж олгосон. Түүнчлэн татварын улсын байцаагч нарыг сургаж бэлтгэх, хөгжүүлэх, мэргэшүүлэх танхимын болон зайн сургалтын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор ТЕГ-аас хэрэгжүүлж байгаа “Татварын албаны сургалт, хөгжлийн хөтөлбөр”, мөн аймгийн Засаг даргын төрийн албан хаагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх “Зөгийн үүр” дэд хөтөлбөрт ажилтнуудаа бүрэн хамруулж, татварын байгууллагын мэргэшсэн чадварлаг байх нөхцлийг бүрдүүлнэ. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сард манай хоёр албан хаагч “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд Тайвань, Филиппин улсын их сургуулиудад урт, богино хугацаагаар суралцаж байна.
-Татварын ерөнхий газар 2018 онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд аймгийн Татварын хэлтэс ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх вэ?
-Манай хамт олон 2018 онд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулан, бааз суурийг өргөтгөх замаар нөөц бололцоогоо дайчлан хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана. Татвар төлөгчийн бүртгэлийг цэгцлэх, татварын бааз суурийг өргөжүүлэх ажлын хүрээнд татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах чиглэлээр холбогдох эрхзүйн актад орсон өөрчлөлтийг баримтлан ажиллана. Мөн ТЕГ-аас “Цахим тайлан боловсруулалтын систем”-ийг хэрэгжүүлж байгаатай холбоотой татварын албаны ачааллыг бууруулах, татварын тайлан тушаалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Төрийн болон ТББ, бусад байгууллагатай татвар төлөгчийн талаархи мэдээллийг солилцох, мэдээллийг татварын ногдуулалт, төлөлтөд хэрэглэх хүрээг өргөтгөн, арга зүйг боловсронгуй болгох, ялангуяа НӨАТ-ын урамшуулал, буцаан олголттой холбогдох мэдээллийг татварын ногдуулалт төлөлтөд түлхүү ашиглана.
Харин татварын орлогын төлөвлөгөөг биелүүлэх, татвар хураалтын үйл ажиллагааны хүрээнд татварын орлогыг нэмэгдүүлэх, өр барагдуулах ажиллагааг эрчимжүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэн, хураалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 2018 онд хийх ажлын төлөвлөгөө, чиглэлийг гарган хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллана. Ирэх жилүүдэд ч НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч, хууль, тогтоомжийг нийтэд сурталчлан таниулах, e-баримтыг бүртгүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Эрсдэлийн удирдлагад суурилсан татварын хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгон татвар төлөгчдийн болон зах зээлийн ангилал бүрээр хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулна. Ялангуяа НӨАТ-ын зөрчлүүдийг гаргахгүй байхад онцгой анхаарч, төсөвт төлөх татвараа бууруулах, хий бичилттэй баримт олгох зөрчлийг таслан зогсооно.
-Татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх, тэдний боловсролыг нэмэгдүүүлэх тал дээр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Татварын байгууллагын програм хангамж, мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр холбогдох ажлуудыг зохион байгуулж, Татварын цахим мэдээллийн санг албаны өдөр тутмын үйл ажиллагаанд илүү үр дүнтэй ашиглана. Түүнчлэн татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд татвар төлөгчийн татварын боловсролыг дээшлүүлэх, тэдэнд зориулсан сургалт, сурталчилгааг ТЕГ-аас боловсруулан гаргасан хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлнэ. Татвар төлөгч хувь хүн бүрийн бүртгэлийг сайжруулж, иргэн бүр орлого, татвараа өөрөө үнэн зөв тодорхойлон, цахим хэлбэрээр тайлагнах боломжийг өргөжүүлнэ. Татварын албаны удирдлага, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ёс зүй хариуцлагыг эрс дээшлүүлэх ажлын хүрээнд татварын албаны нэр хүндийг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, ёс зүйг төлөвшүүлэх, байгууллага, хувь хүний соёлыг дээшлүүлэх талаар ТЕГ-аас боловсруулан гаргасан хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлуудыг нэн тэргүүнд зохион байгуулж ажиллана. Татварын байгууллагын үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд явуулж, татвар төлөгчтэй ёс зүйтэй харилцан хуулийн хүрээнд дэмжин тусалснаар тэдний урам зориг, хууль биелүүлэх санаачилга, татварын албанд итгэх итгэл дээшилнэ гэж үзэж байна.
Б.Цэнд: орон нутгийн төсөвт 91.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөг давуулан биелүүллээ | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.