Шууд Chart

Б.Сайнбаяр: Ойлголцохгүй байсан хүмүүс нь ажлаа өгөөд явчихсан байхад дахин асуудал үүсгээд байгаа нь тэр хүмүүст өөр ашиг сонирхол байна

2018-04-17 08:58:25

Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдчихаад байгаа билээ. Тус холбоог 20 гаруй жил удирдсан Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар ажлаа өгснөөс хойш асуудал хурцдаж эхлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн шөнө Бөхийн өргөө рүү Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын хүмүүс дайрч орох гэж хаалга үүдийг нь эвдэлсэн асуудал гарсан. Үүнээс үүдэлтэйгээр цагдаа нар бөхийн өргөөг хамгаалалтад авч, бөхчүүдийг эв зүйгээ олтол аль ч талын хүмүүсийг орлуулахгүй гэх шийдвэрийг гаргаад байгаа гэнэ. Энэ талаар болон МҮБХ-ны шинэ удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын талаар Монгол Улсын заан Б.Сайнбаяртай ярилцлаа. Тэрбээр саяхан болсон МҮБХ-ны наймдугаар“Их эе” хурлаас гүйцэтгэх захирлаар сонгогдсон билээ.

-Та МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалыг аваад удаагүй байна. Наймдугаар “Их эе” хурлын талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу. Шинэ удирдлагуудаа хэрхэн сонгосон бэ?

-Болж өрнөж байгаа асуудлыг эхнээс нь ярих нь зөв байх. Бөхийн холбооны үйл ажиллагааг шинэчлэх, шинэ зүйл хийх, бөхийн эрх ашгийг хамгаалсан үнэнч шударга дүрэм журамтай байх гээд олон зүйлийг хийж хэрэгжүүлэх шаардлага олон жилийн өмнөөс бий болчихсон байсан. Бидний үеийн залуус ид барилдаж байсан болохоор энэ бүгдийг өөрсдийн бие, сэтгэл зүрхээр мэдэрчихсэн юм. Шинэ зохион байгуулалтад орох юмсан гэсэн бодол олон жилийн өмнөөс төрөх болсон. Харин өнгөрсөн наймдугаар хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрч чадлаа. Аварга, арслан, заанууд оролцох эрхтэй хуралд 150 гаруй хүн ирсэн. Хурал эхэлж байхад зарим бөх “Энэ хууль ёсны хүчин төгөлдөр хурал мөн үү” гэж асуусан. Үүнд МҮБХ-ны наймдугаар их хурал ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хүчин төгөлдөр хурал гэдгийг хэлсэн. Үүний дараа МҮБХ хоёр хуваагдаж байгаа асуудлын талаар хөндөн ярьсан. Арав гаруй жил хэрүүл тэмцэл хийж, хоорондын үл ойлголцлоос болж шүүх, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүхээс гаргасан шийдвэрийг бие биерүүгээ шидэж байгаа энэ маргаанд цэг тавья гэдэгт бүгд санал нийлсэн. Үл ойлголцох байдал бөхчүүдийг Монголын ард түмэнд муухай харагдуулж байгааг олон бөх хэлж байсан. Хэрүүл маргаанаас болж бөхөө шимтэн үздэг бөхдөө хайртай ард түмний тоо жилээс жилд буурч байгаа асуудлыг ч хөндөн тавьсан. Бөхчүүдийг Монголын үндэсний өв соёлыг авч явдаг хүмүүс гэж би ойлгодог. Бас ард түмний хайр хүндлэлийг ч дааж явах хэрэгтэй. Цаашид үндэсний бөхийн спортод тулгамдаж байгаа ямар асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх вэ гэдгийг хурлаар ярьж, хэлэлцэж, санаа бодлоо солилцож, нэг чиг шугамд хүрсэн байгаа. Хуучин Бөхийн холбоог авч явж байсан тэргүүн энэ их том бүтцийг ганцаараа шахуу авч явдаг байсан. Үүнийг болих хэрэгтэй, тэргүүн, дэд тэргүүн нь орон тооны бус, гүйцэтгэх захирал нь аппаратаа аваад явдаг. Тэргүүлэгч гишүүн 11 байсныг 15 болгож, тэргүүн асуудлыг шийдэх биш тэргүүлэгч 15 гишүүн МҮБХ-ны бүх асуудлыг шийддэг болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, 15 хүний 11 нь хуралдаж байж асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон гэсэн үг.Саяхан болж өнгөрсөн хурлаар олон асуудлыг шийдэж чадсан, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, шинэ зорилт санаа дэвшүүлсэн гэх мэт маш үр дүнд хүрсэн гэж ойлгож болно. Шуудхан хэлэхэд маш том шинэчлэл хийсэн. Шинэ удирдлага, бүтэц бүрэлдэхүүнээ сонгож, бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах, сэтгэлтэй хүмүүс сонгогдчихлоо гэж харж байгаа. МҮБХ-ны тэргүүнээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаарДархан аварга Г.Өсөхбаяр, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирлаар миний бие сонгогдсон. Харин Харин МҮБХ-нытэргүүлэгч гишүүдээр арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, харцага Г.Элбэг, Л.Бадарч, Т.Өсөх-Ирээдүй, гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Ц.Мягмарсүрэн, бөх судлаач ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, бөх тайлбарлагч Ц.Батнасан, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, гарын даа Ё.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс сонгогдсон.

-Та бүхэн шинэ ажилд томилогдоод Л.Чинбат, А.Сүхбат тэргүүтэй хүмүүстэй уулзсан гэсэн мэдээлэл байна. Уулзалтаар ойлголцолд хүрч чадаагүй юм уу?

-Олон жил энэ асуудал яригдаж ирсэн. Шинэ удирдлагууд томилогдоод Р.Нямдорж, Д.Данзан гээд МҮБХ-ны хуучин удирдлагуудтай холбоотой ямар ч хамааралгүй болсон. Тиймээс одоо ямар нэгэн байдал үүсэхгүй байх. Бид эвлэлдэн нэгдэж чадна гэж бодож байсан. Бөхчүүд яагаад эвлэлдэн нэгдэж болохгүй гэж. Болж өнгөрсөн зүйлээ мартаад шинэ зүйл рүү орж, хийж бүтээж чаддаг гэдгийг харуулах ёстой. Бөхөд ямар ч хамааралгүй хүмүүс энэ талбарт орж ирээд өөрсдийн тоглолт хийдэг байдлыг таслан зогсооё. Бөхчүүд холбоогоо мэддэг больё гэж бид үзсэн. Энэ холбоог яагаад бөхчүүд өөрсдөө аваад явж болохгүй гэж. Бидэнд чадахгүй гэсэн асуудал байхгүй шүү дээ. Төрийн томоохон албан тушаалтнууд бөхийн спортоор хичээллэж байсан тамирчид ажиллаж байгаа биз дээ. Үүний тод жишээ нь УИХ-д улсын цолтой олон бөх сууж байгаа. Дэд тэргүүн Ц.Магалжав бид хоёрын хамгийн эхний ажил нөгөө эсэргүүцээд байгаа хүмүүсийн төлөөлөлтэй уулзъя гэсэн. Уулзалт болсон.

-Уулзалтад хэн хэн оролцсон бэ?

-Энэ сарын 6-нд “Монгол HD” телевизийн байранд очиж уулзалт хийсэн. Л.Чинбат, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтохтой уулзсан. Уулзалтын тэмдэглэл, санал санаачлага гаргаж, дахин хуралдаан хийх талаар санал нэгдсэн болохыг нотлох зүйл ч байгаа. Тэд бид хоёрыг МҮБХ тэргүүлэгч болсонд баярлаж талархаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Эв зүйгээ олох бүх зорилгоо тэдэнд хэлсэн. Бидний хамгийн эхний ажил эвлэрч, нэгдэж нийлэх хэрэгтэй. Үүний дараа тодорхой олон ажлыг шат дараалал, дүрэм журамтайгаар хийх талаар яриа өрнүүлсэн. Бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулсан ямар ч асуудалгүй, бид дэмжиж байна гэдгээ хэлсэн. Л.Чинбат нэг хүнийг олон жил тэргүүнээр ажиллуулдаг байдлыг болих хэрэгтэй гэсэн санал гаргасан. Түүний хэлсэн асуудлыг дэмжиж, дөрвөн жил болоод сольдог байх ёстойг хэлж ярилцсан. Энэ их зөв зүйтэй санал байсан даа. Арван аварга, 15 арслан, арван гарьд, 25 заан, аймаг аймгийн дэвжээнээс гурван хүн, хөдөө орон нутгийн бөхийн холбооны хоёр хүн гээд нийтдээ 210 хүнтэй хурлыг дахин хийхээр зөвшилцсөн. Дахиад хуралдаан хийгээд Б.Бат-Эрдэнэ биш, би биш, бөхчүүд өөрсдөө асуудлаа ярилцаж чадна гэвэл би энэ асуудалд оролцохгүй. Надад сонирхол байхгүй гэж Л.Чинбат хэлсэн. Бид хуралдааны тэмдэглэл хөтөлж, түүнийг баталгаажуулж гарын үсэг зуруулсан. Дэд тэргүүн Ц.Магалжав бид хоёр тэргүүлэгч 15 хүнтэйгээ уулзалдаж зөвлөлдөх ёстой гэдгээ албан ёсоор хэлсэн. Ингээд хурал тарсан. Тухайн үед бид асуудал нэг тийшээ шийдэгдэж, зөвшилцөлд хүрэх боломжтой юм байна гэж ойлгосон. Хамгийн гол нь нөгөө ойлголцохгүй байсан Р.Нямдорж, Д.Данзан нар ажлаа өгчихсөн болохоор хэн нэгэн рүү дайрч давшлах асуудал дуусчихлаа гэж ойлгосон. Гэтэл удалгүй дахиад л Л.Чинбат, А.Сүхбат нар асуудал гаргаад эхэлсэн. Яг тэр мөчид Монголын үндэсний бөхийн ноён оргил, зүүний манлай дархан аварга Ж.Мөнхбат гуай хүнд өвчний улмаас бурхан болсон байсан. Монголын ард түмэн гашуудаж байх энэ үед бид бөхийн холбооны асуудлаар муудалцаад байх нь үнэндээ зохимжгүй байсан. Үгүй ядахдаа буяны ажлыг нь дуусгаж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх ёстой байсан. Хүн ёсны жудаг, хүн чанар байдаг бол үл ойлголцох байдлаа хойшлуулаад хоног хугацаа тавих байсан юм даа. Гэтэл тэд Бөхийн өргөө рүү гэнэт дайраад эхэлж байгаа юм. Тэд Бөхийн өргөөг авч болно. Эзэлж түрэмгийлээд орж болно. Хамгийн гол нь ард түмэнд бөхийн нэр хүндийг муухай харагдуулах зүйл хийлээ. Үүнд маш их харамсч байна. Бид ийм байдалд орох гэж энэ холбоог аваагүй юм аа. Ийм байдлыг хүсээгүй. Бид эвлэрэх, нийлэх, бөхийн шинэчлэл хийх гэж явж байгаа. Бидэнд ганцхан л зорилго байгаа. Монгол үндэсний өв соёл болсон бөхөө цаашид хөгжүүлж түгээн дэлгэрүүлээд явах сонирхолтой. Үймээн самуун дэгдээж, хаалга үүд эвдэж байгаад харамсч байна. Үл ойлголцолд хүрээд байсан хүмүүс нь ажлаа өгөөд явчихсан байхад ийм асуудал үүсгээд байгаа нь тэр хүмүүст өөр ашиг сонирхол байгаа юм байна гэж бодоход хүргэсэн. Бөхчүүд хоорондоо маргаан хийх нь үнэндээ зохимжгүй.

-Монголын үндэсний бөхөд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Олон асуудал байна. Үнэхээр системтэйгээр хийж, хэрэгжүүлэх асуудал олон байна. Шүүлт маргааны асуудлыг нэг мөр шийдэж, камержуулах асуудлыг нэн тэргүүнд хийх ёстой. Барьц, сонгоо, сэргээшний асуудал байна. Шинэлэг олон зүйл хийхийг бөхийн хорхойтнууд хүсч, хүлээж байгаа. Монгол үндэсний бөх гэдэг нь өөрөө үр хойч үеийнхэндээ үлдээж байгаа маш том өв соёл, дархлаа юм. Хэдэн мянган жил уламжлагдаж ирсэн энэ их өв соёл, уламжлал болсон үнэт зүйлээ хагалан бутаргаж, болохгүй. Тиймээс бөхчүүд ёс зүйгүй гэж ард түмэнд харагдуулахгүй байх нь юу юунаас илүү чухал зүйл гэдгийг энэ ярианыхаа төгсгөлд онцлон хэлэх нь зүйтэй болов уу.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Сайнбаяр: Ойлголцохгүй байсан хүмүүс нь ажлаа өгөөд явчихсан байхад дахин асуудал үүсгээд байгаа нь тэр хүмүүст өөр ашиг сонирхол байна  
Үзсэн: 2047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй