Шууд Chart

Н.Түвшинтөгс: Бэлэг бол идээд л дуусчихдаг зүйл шүү дээ...

2018-04-21 09:03:48

-Ном уншаад завгүй байхаар аав, ээж бага бодогддог юм-   

Хүүхэд шуугисан их өргөө хөл хөдөлгөөн ихтэй байх нь хажуугаар зөрөлдөх хүүхдүүдийн цовоо цолгиун харц, дэггүй насны гэрэл гэгээг минь хормын төдийд санагалзуулах нь сэтгэлд нэг л хөнгөн. Зорьсон хүнтэйгээ уулзахаар сургуулийн шатаар өгсөөд гурван давхарт гарав. Утасны цаанаас бид хэзээний танил мэт ярьсаар байгаад дуу хоолойгоороо ичнээ танилцан хэд хоносон байв. Ховд аймгийн Лабортори Нэгдүгээр сургуулийн 2б ангийн сурагч Нямгэрэлийн Түвшинтөгс хүүгийн амжилтын тухай өмнө нь хэд хэдэн удаа нэгэн танилаасаа сонсож байсан учраас ийнхүү уулзаж ярилцахаар шийдэж зорьж яваа минь энэ. 

Бага сургуулийн 308 дугаар ангийг зорин ангиудын хаалгыг дараалан харж явахад өөдөөс намхан бор хүү тосон алхах нь бас хэн нэгнийг хайж яваа нь илт харагдлаа. Уулзах ёстой өнөөх хүү мөн болов уу гэсэн эргэлзээгээ тайлж ядан “Түвшинтөгс мөн үү” гэхэд. “Тиймээ” гээд инээмсэглэн толгой дохилоо. “Сайн уу миний дүү” хэмээн гараас нь хөтлөн анги руу нь алхав.

  • Танай ангийнхан байгаа юу, багш нь байгаа юу?
  • Багш байгаа. Манай ангийнхан тараад явсан.
  • Эгчийгээ их хүлээсэн үү?
  • Үгүй. Би ном уншиж байсан юм гэв.

Сургуулийн намхан ширээ, самбар, шохой, ханын үзүүлэнгүүд ... Хэн хүний сэтгэлд танил, тодхон дүр төрх. Ингээд анги руу орж Н.Түвшинтөгсийн багштай уулзаж мэндлээд түүний тухай сурвалжлага хийж байгаагаа танилцуулан хичээл, номондоо хэрхэн шандан сурдаг болон уралдаан тэмцээнүүдэд ямар амжилтууд гаргадаг талаар нь цөөн хором ярилцав.

Б.Ганчимэг хэлэхдээ: Н.Түвшинтөгс маань анх нэгдүгээр ангид орохдоо бичиг үсэг мэдэхгүй бусад хүүхдүүдийн адил нэгэн гараанаас эхэлсэн. Танхимын сургалтаар өөрөө л бүхнийг сурч мэдсэн. Ер нь бол намайг тэгж их зовоогоогүй шүү. Биеэ даасан, хичээл номондоо их шамдамгай хүүхэд байгаа юм. Манай ангийн тэргүүний сурагч. Ар гэрийн суурь хүмүүжил сайтай хүүхэд учраас өөрөө бие даагаад хичээл номоо маш сайн хийдэг. Үргэлж ном уншиж харагддаг юм. Хичээлээ дор нь хийчихээд зав л гарвал ном уншаад сууж байдаг хүүхэд дээ. Номонд их сонирхолтой хэзээд л номонд шимтэн уншаад сууж байдаг юм” гэв.

Н.Түвшинтөгс 2018 онд Ховд аймгийн 2-р ангийн сурагчдын дундах “Уншлагын аварга” шалгаруулах уралдаанд 1-р байр, Математикийн “Ирээдүйн мянгат” улсын уралдаанд 3-р байр,  “Хүн орчин” хичээлийн олимпиадад 1-р байр, IQ-ийн олимпиадуудад 1-р ангидаа 3, 4-р байруудад орж байсан зэрэг амжилтууд үзүүлжээ. Мөн 2017 оны Сургуулийн аварга сурагч болсон байна. Шатар сонирхдог бөгөөд IQ зэрэг сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, хичээлүүдэд их сонирхолтой гэнэ.

Н.Түвшинтөгстэй ярилцаж суухдаа “Чи онц сурдаг сайн хүүхэд байна шүү. Хэн чамд хичээл номыг нь зааж өгдөг вэ?” гэхэд “Багш. Тэгээд бас эмээ гэв. Мөн тэрээр сургуулийн аварга сурагч болоод өвгөн аавын бэлэг авснаа хуучиллаа. Уг нь шинэ жилээр надад хоёр бэлэг өгөх гэж байсан чинь нэг багш:  

-Нэг хүүхдэд яасан олон бэлэг өгдөг юм гээд өөр хүүхдэд нэг бэлгийг нь өгсөн. Гэхдээ яахав ээ. Би нэг бэлэг авсан ч гэсэн баярласан . Бэлэг чинь идээд л дуусчихдаг зүйл шүү дээ” гэх нь цаанаа л хэвлүүхэн бас хэзээний төлөвшчихсөн хүүхэд болох нь илт.

Түүний эмээ нь их анхаарал халамж сайтай. Ёстой л эмээгийн гарын хүүхэд гэв. Өглөө бүр хичээлд нь хүргэж ирнэ, өдөр тарахад нь аваад явна. Заримдаа өдөр давтлага сонгонтой үед гэрээсээ хоол хийгээд аваад ирнэ. Түвшинтөгс заримдаа хоолоо идэхгүй бол эмээ нь гомдоод тунирхана, их хөгжилтэй” гээд инээв. Ер нь ар гэрийн анхаарал халамж сайтай хүүхэд байгаа юм гэдгийг багш нь онцлон хэлж байлаа.

Н.Түвшинтөгсөөс “Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? гэхэд ном уншина, тоглоно гэв.

- Хичээлээ тараад өдрийг яаж өнгөрүүлдэг вэ?  

- Одоо Эмээ бид хоёр хичээлээ тарж гэртээ очоод цайгаа уучихаад жаахан амарч байгаад би хичээлээ хийдэг. Намайг хичээл хийсний дараа эмээ зурагтаар Монголкоммент үздэг. Дараа нь би Хүүхэлдэйн кино үздэг. Тэгээд эмээ мэдээ үзэхээр нь би номоо уншдаг. Мэдээ дууссаны дараа унтдаг” гэж хуучлах нь түүний энэхүү өдөр тутмын амьдралын зөв хэмнэл, дадал хэвшлийг эмээ нь түүнд олгож байгааг харахад бахдам санагдаж байлаа.

Түүнтэй ярилцаж байхад бас нэг сэтгэл хөндсөн зүйл бол. Тэрээр аав, ээжийнхээ тухай болон дүүгээ их санаж байгаа тухай яриа байв.

-Аав, ээжийгээ санаж байна уу. Хэзээ ирэх вэ?

-Санадаг ... гээд муухан инээмсэглээд толгой дохив. Ээж Туркэд 1 жил ажиллачихаад дараа нь Америк яваад 2 жил болно. Харин аав Туркээс 1 жилийн дараа ирээд ээжийн араас Америк руу явж ажил хийнэ гэсэн гэв.

- Аав, ээжийгээ санахаар яадаг вэ? гэхэд хааяа завтай үедээ Аав, Ээж, дүүгээ санаад гунигладаг. Гэхдээ ном уншаад завгүй байхаар бага бодогддог” гэх нь тэр...

Түвшинтөгс бид хоёрын яриа ийнхүү өндөрлөж тэр эмээгээ даган сургуулийн хаалгаар –“Баяртай аниа” гээд гараа даллан гарч явлаа.

Жижигхэн биендээ ийм том ухаан тээсэн хэрсүү атлаа хэвлүүхэн энэ хүүгийн амжилтын тухай түүний багш болон өөрөөс нь сонсоход олзуурхууштай санагдсан. Бидний дунд ийм л энгийн атлаа эгэлгүй мянга мянган хүүхэд бий. Тэднийхээ ирээдүйг гэрэл гэгээгээр дүүргэж, итгэл найдварыг нь мөнхөд бадрааж явах юм сан.

Амьдралынхаа төлөө зүтгэж яваа аав, ээжийнхээ итгэлийг алдахгүй хичээлдээ шамдан, амжилттай суралцаж байгаа Н.Түвшинтөгс хүүтэй уулзаж ярилцсан цөөхөн хором уншигч та бүхэнд ч гэсэн нэгийг бодогдуулах биз ээ.

Ж.САРУУЛ

 


Н.Түвшинтөгс: Бэлэг бол идээд л дуусчихдаг зүйл шүү дээ...   
Үзсэн: 1351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй