Шууд Chart

Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа

2018-04-30 11:43:29

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа.

Дүрэм нь олборлолт, боловсруулалтын хэвийн үед болон ашиглалттай холбоотой үүсч болзошгүй ослын нөхцөл байдалд цацрагийн шарлага үүсгэх, үйлдвэрлэлийн байгууламж барих, ашиглах болон ашиглалтаас гаргах, ашиглахгүй болсны дараа гарч болох цацрагийн эрсдэлээс хүн ам, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

Мөн хүн ам, цацрагтай ажилладаг хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор тулгамдсан асуудлыг шийдэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Дүрмийн шаардлагыг цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, туршилтын ажил эрхэлдэг байгууллагууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна.

Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд,  Цөмийн энергийн комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг болголоо.  

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдан Ураныг газрын дор хүчлээр уусган олборлох технологийн талаар зөвлөмж гаргасан байна. Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хаалт, нөхөн сэргээлт болон хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахтай холбоотой дээрх зөвлөмжийг ашиглаж байхыг  БОАЖЯ, УУХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” компани болон холбогдох аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгов.


Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй