Шууд Chart

Кино урлагаа хөгжүүлэх цаг болоогүй юу

2018-05-09 16:16:50

Кино дэлхийд соёлын үйлдвэрлэлийн гол салбар болж, бизнесийн ч, хүний хөгжлийн ч тулах цэгүүдийн нэгэн болж байгаа өнөө үед манай улсад ад шоо үзэгдсээр. Кино урлагт чин зүрхнээсээ дурласан хэдэн уран бүтээлчийн хичээл зүтгэлээр салбар амь тавьчихгүй, амьсгалын аппаратад тарчилж байна. Арай хатуу хэллээ, цаана чинь шинэ кино ар араасаа гарч, үзэгчид театр руу үдэш бүр хүүхэд хөгшдөө дагуулан явж байна бус уу, энэ тэгээд урлаг бус уу гэж асуух хүн гарах байх. 

Сүүлийн үеийн кино, зохиолын дуу хоёр адилхан болжээ. Ая зохиогчид өдөр бүр дуу төрүүлэн, хямдхан студид хөгжим хийлгээд, хөдөө гарч хэдэн кадр зураг авахуулж эвлүүлээд клип гээч юм болгоод, орон нутгийн нийтийн тээврийн унаанд гаргадаг. Кино өнөөдөр яг ийм байна. Зохиолын сэдэв санаа ахар. Түүхэн ч бай, хайр сэтгэлийн сэдэвтэй ч бай найруулга нэгэн хэвийн уйтгартай. Дүр бүтээж буй жүжигчид кино бүрт адилхан тоглоно. Эртний үйл явдлын тухай өгүүлэх кинонд дүр бүтээж буй жүжигчид эрэгтэй, эмэгтэйгүй царайлаг, цэвэрхэн гэж жигтэйхэн. Хөмсөг засаастай, нүд хүрээлж будаастай, хацар ягаан, уруул жимбэгэр. Уг бүтээлд ямар цаг үеийн тухай өгүүлж буй нь ойлгомжгүй. 

Киночдын бүтээл базаахгүй, гэтэл тэднийг нь театрууд сайн зарна. Кино ямар байх нь хамаагүй,. Үзэгчид киног урлагийн бүтээлийнх нь хувьд таашаах, үнэлэлт дүгнэлт өгөх эсэх огт сонин биш. Сайхан орчинд зугаалж, болзож, гоё үнэртэй хуурай эрдэнэ шиш хувааж идэх гэсэн томчууд, багачууд ирж л байвал болоо. Худалдан борлуулах аргаа олжээ. Яг л номын дэлгүүрүүд зохиолч, зохиогчдын бүтээлийг, Hi Fi-ийнхан хөгжмийн уран бүтээлчдийн CD, DVD-г 30-40 хувийн шимтгэлтэй борлуулж, мөлждөгтэй адил. 
Кино театруудад үзэгчид олноор очих нь киночдод ашиг өгдөггүй хэвээр. Дур хүслийнхээ “боол” болсон тэд зээлээс зээлийн хооронд, өрөн дунд жийсээр, жирийсээр. Кино театруудыг түрээсээ багасгаач гэж гуйсаар, өнөө хэд нь гэдийсээр. Тэгэх боломж байхгүй, яагаад гэвэл өндөр зардлаар босгосон театрт зориулсан зардлаа киночдоос мөнгө олж нөхөх ёстой. Монголын кино үйлдвэрлэл, борлуулалт талд байдал ийм байна. 

Энэ тэмцэл дунд кино хэмээх төрөл манайд урлаг болж хөгжихөө бүр байв. Монголын киночид жинхэнэ бүтээл хийдгийг, бүтээн туурвиж байсныг гадаад ертөнцөд саяхнаас, бүр тодруулбал өнгөрсөн оноос мэдэж эхэллээ. Францад болсон олон улсын кино наадмын үеэр соц үеийн бүр “Норжмаагийн зам”-аас авахуулаад “Говийн зэрэглээ” зэрэг бүтээлийг үзсэн дэлхийн мастерууд “Монголчууд кино хийдэг хүмүүс юм байна. Бид мэддэггүй байжээ, уау” гэж дуу алдацгаасан байна билээ. 
Тэр бүтээлүүдийг хэн төрүүлснийг бид бүгд мэднэ. Эгэл жирийн гэж бодох ч эрдэмд суралцсан, амьдрал мэддэг, гол нь үнэн, худал болоод хар, цагааныг ялгадаг зохиолч, найруулагчдын бүтээл билээ. Найруулагчид дүр бүтээх жүжигчдээ хэрхэн сонгодог байсныг ч бид мэддэг. Нэг дүрд тоглуулах гэж хэдэн арван жүжигчин болон хараанд өртсөн “жирийн” хүмүүсийг пробонд оруулж сонгодог байсан. Энэ бүхний дүнд кино бүтээл болдог байжээ. 

Гэтэл одоо жүжигчид яаж байна. Өнөөдөр энд, маргааш тэнд. Түүхэн кинонд морин дэл дээр сэлэм эргүүлж явсан эр сарын дараа банкны захирал болчихсон хүн “хулхидаад” явж байх. Түүнээс хойш сарын дараа ядуу айлын зүдүү тэргүүн болчихсон толгой гудайлгасан дүр бүтээмэр болж байх жишээтэй. Гэхдээ аль ч дүрд тоглосон өнөө хэвээрээ. Явдал, харц, хөдөлгөөн, хуруугаа чичиж байгаа нь хүртэл өнөө янзаараа. Уул шугамандаа бол тэр нөхөр өөр кинонд тоглохдоо төрөл арилжсан байх ёстой бус уу. Монголын кино урлагийн өнөөгийн байдлын зах зухаас хэлэхэд ийм байна. Хөгжиж байна гэх аргагүй.

Гэтэл олон улсад энэ урлаг хөгжиж, зарим орны дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтэд тодорч товойтол харагдах хэмжээнд хүртэл жин дарж байдаг. Монголд материал, түүхий эд нь, өөрөөр хэлбэл өв, соёл, санаа, сэдэв нь байна. Гагцхүү юмаар юм хийх эрдэм, ухаан, бодлого нь алга. 

Гэгээтэй мэдээллүүд бол бий. Олон улсын тавцанд монгол кино мэр сэр үзэгдэж харагдах болж, тэр тухай сонссон хэн хүнгүй баярлаж, бие биедээ дуулган сайрхах нь кино урлагт дурласан, сэтгэлээ, амьдралаа ч зориулсан хувь уран бүтээлчдийн цуцашгүй хөдөлмөрийн үр шим билээ. Ийм хүмүүс байгаа дээр төр, засаг нь дэмжээд, түрээд өгөхсөн. 

Соёлын бодлоготонууд аа, Монголыг дэлхийд “нүд ирмэхийн зуур” таниулах хүчтэй кино урлагаа хөгжүүлэх цаг болоогүй юу гэж олон улсад хамгийн нэр хүндтэй Каннын кино наадам эхэлж буй өдөр асууя.

Р.Оюунжаргал

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кино урлагаа хөгжүүлэх цаг болоогүй юу  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
williams owen [197.211.61.xxx] 2018-05-10 09:50
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Бидэнтэй нэгдээрэй