
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.05.23/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
- “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит компани байгуулахаар болов. Энэ компани “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ногдох 49 хувийг эзэмших юм.
- Энэ сарын 07-10-ны өдрүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт томилолтоор ажилласан. Энэ үеэр нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж, дүнгээ тайлагнахыг сайд нарт даалгав.
- Энэ оны нэгдүгээр улиралд сайд нар болон яам, агентлагт иргэдээс ирүүлсэн 77581 өргөдөл, гомдлын 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, хүүхдийн мөнгө авах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, ажилд орох, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар ханджээ.
- Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Макаод ял эдэлж байгаа манай улсын 12 иргэн үлдэх ялаа эх орондоо эдлэх хүсэлтээ байнга гаргадаг байна.
- Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, мөн Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн, Ардын жүжигчин, Төрийн шагналт Э.Оюун, Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Нацагдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.