Шууд Chart

Монголын шинэ дуу хоолой - Ц.Энгүүн

2018-05-30 16:24:44

Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай шоу нэвтрүүлэг “The Voice” “Монгол ТВ” телевизийн албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн.

Баяр гуниг хосолсон сэтгэл хөдөлгөм тоглолтууд 5 сарын турш үргэлжилсний эцэст 2018 оны тавдугаар сарын 27-ны өдөр үндэсний дуу хоолой, шилдгийн шилдэг ялагчаар Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн үзэгчдийн саналаар тодорсон юм.



Ц.Энгүүн нь Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг, өдгөө 17 настай урлагийн гараагаа дөнгөж эхлүүлж буй авьяаслаг охин юм.

Гал гарсан хүчтэй өрсөлдөөн дундаас цорын ганц ялагч болсон тэрбээр шоуны эхний шатанд “Runnin” дуугаар авьяас чадвараа харуулж 4 шүүгчээс өөрийн дасгалжуулагчийг сонгох алтан боломжийн эзэн болсон билээ. Түүний энэ үзүүлбэр Монголын үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй “The Voice of global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдын үзүүлбэрүүд дунд багтаж чадсан нь түүнийг эхний шатнаасаа л ялагч болох магадлалтай оролцогчдын тоонд оруулж чадсан юм.

“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт 2000 гаруй хүн бүртгүүлснээс эхний шатанд 100 гаруй оролцогч шоуны 4 шүүгчид авьяас чадвараа шалгуулж ердөө 66 оролцогч тэнцэн тэдний багт хуваагдан орсон. Шоуны туршид эдгээр авьяаслаг залуус маань дэлхийн тайзнаа Монголын болоод дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг шинэ, содон, сонирхолтой хувилбараар хүргэж үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээн тэднийг талцуулаад авсан юм. Ийнхүү финалийн шатанд 4 шүүгч тус бүрийн 1 оролцогч шалгаран өрсөлдсөн бөгөөд шоуны дүрэм ёсоор Отгонбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч А.Болормаа, Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн нар үзэгчдийн саналаар шалгарч шоуны ялагч болоход дахин нэг алхмаар ойртсон юм. Тэд “Voice of Mongolia”  шоуны анхны ялагчийн төлөө өөрсдийн цоо шинэ дуугаараа өрсөлдөн үзэгчдийн саналаар Ц.Энгүүн шилдгийн шилдгээр тодорч “Монголын шинэ дуу хоолой” гэх хүндтэй нэрийн эзэн болсон юм.

Тус шоу нэвтрүүлэг “Монгол ТВ” телевизийн баг хамт олноос гадна ивээн тэтгэгчид, хамтарч ажилласан байгууллагууд гээд нийт 500 гаруй хүний хүч хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд амжилттай болж өндөрлөлөө.


Монголын шинэ дуу хоолой - Ц.Энгүүн   
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй