Шууд Chart

Засгийн газрын хуралдаан боллоо

2018-06-06 12:14:54

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ

-  “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталлаа. Ингэснээр газрын тосны салбарын хүний нөөц, ажиллах хүчний чадавхи сайжирч, гадаадаас авах ажиллах хүчний тоо буурна. Мөн хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг багасган, үндэсний төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани бий болж, орон нутагт орох өгөөж нэмэгдэх юм.

-  Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжлээ. Хэд хэдэн саналыг уламжлахаар болов.

-  “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-тэй холбоотой Зээл болон төслийн гэрээний төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийг ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан тосон таслуур, реле хамгаалалт, тоног төхөөрөмжүүдийг сольж шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.  

-  Эрдэс баялгийн салбарт үйлчилж байгаа хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Бүгд Найрамдах Казахстан Улсад байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэд, Монгол Улсад байнга оршин сууж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд хялбаршуулсан журмаар харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяалалгүй болох, хоёрдмол харьяалалтай болохоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой хэлэлцээр байгуулахыг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.

-  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

 -   Булган аймгийн баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэхээр тогтоов. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг энэ өдрүүдэд аймгийн баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр орон нутгаас хүсэлт ирүүлсэн байна. 


Засгийн газрын хуралдаан боллоо   
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй