Шууд Chart

Хүйтний эрч энэ сарын 15-наас сулрах төлөвтэй байна

2010-01-11 01:24:34

Ирэх 12,14-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг,  төвийн нутгийн зарим газраар,  17-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд зарим газраар, 14-нд говь талын нутгаар, 15-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 17-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий болон Арц Богдын өвөр хоолойгоор  секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө  39 -44 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын саваар шөнөдөө 35-40 градус хүйтэн байна.  13-наас нутгийн баруун хэсгээр, 15-наас бүх нутгаар хүйтний эрч  сулрах төлөвтэй байна.

-Энэ сарын сүүлчээр нийслэлийн орчимд -48-50 градус хүртэл хүйтэрнэ гэсэн мэдээлэл ирсэн. Яг хэдний үеэр хүйтрэх бол?

-Өнөөдрийн байдлаар манайд тийм хүйтрэл ажиглагдаагүй байна. Сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч 5-10 градусаар нэмэгдэх төлөвтэй байгаа ч энэ нь зөвхөн нийслэлд биш гэв.

 


Баян-Өлгийн зам, даваа цасанд хаагдав

Б.Энх

\Олон хоног үргэлжилсэн цасан шуурга нийт нутгийг хамарч, зам, даваа цасанд боогдож, малын бэлчээр байхгүй болж, олон хоног орсон цас дагтаршин мөстөж хүн мал явах аргагүй болж байгаа тухай аймгуудын онцгой байдлаас мэдэгдэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр Баян-Өлгий аймгийн Буриад, Улаагчин, Шинэ гэсэн гурван даваа хаагджээ. Давааны цасанд боогдсон хэсгийг нээхээр ажлын баг гарсан ч хүч хүрэлцэхгүй байгаа гэнэ. Цасан шуурга 5-6 хоног үргэлжилж байгаа болохоор шуурхай ажиллах боломжгүй байна хэмээн тус аймгийн онцгой байдлын хэлтсийн дарга  ярив.

 


Говь-Алтай аймагт 92 мянга гаруй мал хорогджээ

Б.Эма      

Говь-Алтай аймагт албан бус мэдээгээр 92 мянга гаруй толгой мал хорогдоод байгаа бөгөөд идэш, тэжээл муутай байгаа мал олон хоногийн хүйтрэл, шуурганы ая даахгүй өдөр бүхэн  энэ тоо хэдэн  зуу зуугаараа нэмэгдэж байгаа тухай онцгой байдлын хэлтсийн дарга Буянтөр мэдээллээ. Хамгийн хүнд байгаа сумд руу явдаг улсын чанартай Бааран, Дөт, Буга, Цагаан голын даваа цасанд боогдсныг зам засварын ангийнхан нээхээр ажиллаж байна.

Увсад 630 бог мал цасанд дарагджээ

Б.Дун

Увс аймгийн арван суманд өвөлжилт хүндэрч, аймгийн хэмжээнд 52 мянган мал хорогдлоо. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн бямба гаригт Хяргас сумын малчин Х-ийн 630 гаруй бог мал цасанд дарагдан үхсэн байна. Түүнчлэн Хяргас, Сэртгэр, Шар бүрдийн замууд цасанд боогдон машин явах боломжгүй болжээ.


Ховд аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Б.Энхээ

Ховд аймгийн Алтайн цаад талын Алтай, Үенч, Булган гэсэн гурван сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өчигдрөөс шилжсэнийг тус аймгийн онцгой байдлын хэлтсээс мэдэгдлээ. Тус аймгийн хэмжээнд найман сум зудын байдалтай байгаа бөгөөд 80 гаруй мянган мал хорогджээ. Зуд нүүрлэсэн сумдад өвс, тэжээлийн хүртээмж хангалтгүй байгаа учир аймгийн Засаг дарга ахалсан ажлын хэсэг иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, малчдад туслах аян өрнүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн Ховд аймагт улсын чанартай Хашаатын даваа, Бага улаан даваа, Бодончийн хавцал цасанд боогдсоныг “Ховд Аз-заяа” ХХК-нийнхан нээхээр ажиллаж байна.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Хүйтний эрч энэ сарын 15-наас сулрах төлөвтэй байна   
Үзсэн: 1659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй