
МҮОНТ-ийн шинэ уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” киноны үйл явдлыг хурцалж, үзэгчдийг түгшээж, догдлуулж байгаа дүр бол Мистер Тулга.
Эртний эдлэлийн зартай наймаачин, элдвийг үзсэн зайтай эрийн дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг бүтээсэн билээ. Түүнтэй шинэ дүрийнх нь талаар ярилцахад сонирхолтой байлаа. Дашрамд дурдахад, киноны зохиолч А.Амарсайхан Мистер Тулгын дүрийг жүжигчин Ц.Төмөрхуягт зориулан бичсэн бөгөөд зохиолоо өөрийн биеэр авчирч өгчээ.
Эсрэг дүрийн мастер киноны зохиолыг уншаад л тоглохоор шийдсэн гэнэ. Учир нь:
- Эхний хориод ангийн зохиол надад ирсэн л дээ. Тэгээд уншсан. Миний сэтгэл дотроо хадгалж байдаг нэг зүйл байдаг юм л даа. Тэр нь... Олон түүхэн кинонд тоглож байхад, хувцсыг нь ч юм уу, эдлэл хэрэглэлийг нь ориг хийхийг оролдож, музейгээс авчирдаг. Гэтэл яг ориг, жинхэнэ юм Монголд байхгүй болчихсон юм билээ. Бидэнтэй хамт “Долоон бурхан харвадаггүй” дээр ажиллаж байсан дархан ярьж байсан. Маршал Чойбалсангийн хувцсыг оруулж ирэхэд бүснийх нь зөвхөн арлыг нь хараад л манай дархан “Энэ бол ориг биш” гээд шууд мэдэж байсан.
Ер нь залуучууд хоорондоо ярьдаг шүү дээ. Түүхийн музейд байгаа эртний хуучин үзмэрүүдийн ихэнх нь ориг биш болсон гэж. Ардчилал гараад, бүх юм замбараагүй болсон үед хэсэг бүлэг хүн амин хувийн ашиг хонжоо хайгаад түүхийн үнэт зүйлүүд, соёлын өвүүдээ гадаад дотоодод гаргачихсан. Тэгээд "Эрт нахиалсан сарнай" киноны зохиолыг уншихад, “Ерөөсөө энийг хийх ёстой. Яагаад монголчууд бид үндэстнийхээ түүхийн үнэт зүйлүүдийг ингэж ичгүүр сонжуургүйгээр, нэгийгээ алан барин байж гадаадад гаргаж, мөнгө болгох хэрэгтэй юм бэ” гэсэн гуниг төрсөн юм. Тэгээд энэ шугамыг л баримталъя, энийг хүмүүст хэлье, ярья гээд зохиолч, найруулагчдаа хэлсэн.
Дүрд тоглох бол яах вэ, жүжигчин хүний ажил. Харин сэтгэлгээний хувьд энийг л Тулгын дүрээс олж харсан учраас “Эрт нахиалсан сарнай”-д тоглохыг зөвшөөрсөн хэрэг.
- Энэ үнэхээр эмзэг сэдэв шүү...
- Эмзэг сэдэв. Монголчууд бид өөрийн гараар өөрсдийнхөө түүхийг, соёлыг устгана гэдэг бол монгол үндэстэн байх уу үгүй юу гэдэг язгуур эрх ашиг алга болно гэсэн үг шүү дээ. Ийм байхад “тусгаар тогтнол” гэж хоосон яриад яах юм бэ. Тэрэнд л эмзэглэж байсан. Жүжигчний хувьд тэр эмзэглэл л хамгийн чухал.
- Та киноны зохиолоо эрт авсан юм байна...
- Проб хийгдээд явж байна гэж дуулдаж байсан. Гантулга найруулагч намайг мэдэх юм. Би өмнө нь телевизийн олон ангит таван кинонд тоглосон хүн. Тоглуулахын тухайд Амарсайхан санал тавьсан юм шиг байна билээ. “Кинонд Төмөрхуяг ахаас өөр хүн тоглохгүй ээ” гээд. Тэгээд кино эхлэхээс бараг хоёр сарын өмнө зохиолоо өгчихсөн. Уулзаад шууд асуусан. Уншсан уу? гэсэн. Уншсан гэсэн. Тэгээд л Тулгын дүрд ярилцаад эхэлсэн. Найруулагчтай уулзахад “бусад дүрээс арай ондоогоор хийхийг хичээгээрэй” гэсэн. Тэр дагуу найруулагчтайгаа зөвлөлдөөд, Тулгын догшин ширүүн занг үг багатай, үйлдэлтэй, сэтгэлийн азартный байдлыг нь нүдний тоглолтоор хийхээр оролдсон л доо. Тулгын дүрийн гол шугам нүдээр л явж байгаа.
- Таны бүтээсэн Мистер Тулга бол нэг бодлын элдвийг үзсэн их хашир, нөгөө бодлын ухаалаг хүний дүр. Дүрийнхээ судалгааг яаж хийсэн бэ?
- Социализмын үед, 1960, 70-аад онд мундаг мундаг атаманууд гарч ирж байлаа. Миний үеийн залууст атаман болох гэдэг нэг зорилго байлаа шүү дээ. Над шиг дөч тавин мянгатад өссөн, атамануудыг дагаж явдаг хүүхэд чинь аль болохоор хөдөлгөөнтэй байж, атамануудад тоогдохыг хичээнэ. Атамануудад “энэ хөөрхөн, сэргэлэн бацаан шүү” гээд магтуулах нь шан байлаа бидэнд.
Халхын мундаг том атамануудаас Мундаа ах, Дашаа ах, Чойлин ах, Цэрэнваанчиг ахыг би мэддэг юм. Багадаа тэдний заримыг дагаж явж байсан, заримтай нь уулзаж, үерхэж ч байсан. Тулгын дүрийг бүтээхдээ би Мундаа ахын зан чанар, дүр төрх дээр тулгуурласан.
Миний мэдэх цуутай атаманууд хүнийг зодоод, хядаад байсандаа атаман болоогүй юм. Тэд бол хаана ямар муу юм хийхээ өөрсдөө мэднэ, сайн юм хийхээ ч мэднэ. Тэр нь л хамгийн аймшигтай, хэзээ ч мартагддаггүй.
Миний бүтээсэн Тулга бол дуу цөөтэй. Хийх зүйлээ зөвхөн дотроо л бодно. Дотроо бодож байгаа бодлыг нь нүдэн дээр нь гаргаж ирж тоглосон. Түүнээс дан ганц нүдний тоглолт гэж байхгүй л дээ. Хүний дотоод сэтгэлийн толь нь нүд байдаг болохоор тэр нүдээр л дотоод сэтгэлийг нь илэрхийлэх гэсэн аргачлал шүү дээ.
Ер нь монгол хүний сэтгэлгээ гэж нэг юм бий. Манай багш ярьж байсан. Нэг айлаас хонь авах гээд оржээ. Уг нь хонио аваад машиндаа ачаад хурдхан явах ёстой. Гэтэл тэр айлын өвгөн “за миний хүү цай уугаад сууж бай, тэгж бай, ингэж бай” гээд байлгаад байсан. Нөгөө залуу яараад байдаг. Гэтэл өвгөнийг яг гэрийнхээ хананаас сур аваад гарахад л хонь нь хотондоо ирж байдаг, эзэн нь тэндээс өгөх хонио шилээд өгдөг. Ер нь бүх юм ийм зохицолдолгоотой байсан. Тэгэхээр Тулгын хувьд ч гэсэн нэг, хоёр, гурав, дөрөв, таван хувилбартай бодож байж, тэгээд нэг шийд гаргаж дуугарч байгаа хүн шүү дээ. Энэ бол нэг талдаа шоронгийн философи. Нөгөө талдаа бол маш айхтар хүн гэдгийг нь хэлээд байгаа юм.
- Мистер Тулга хүнийг зодохгүй, цохихгүй, тэгсэн хэрнээ л аймаар. Гэтэл Тулгын гар хөл болсон Чөмөг Ганбаа, Санж хоёроос бол яарсан давчидсан, мөнгөний төлөө, зорьсондоо хүрэхийн тулд яахаас ч буцахгүй одоогийн залуусын араншин харагдаад байдаг...
- Хамтран тоглогчид маань өөрсдөө яарсан, сандарсан, бачимдсан, гэнэн байгаа энэ тэр нь тодорхой хэмжээгээр Тулгыг тодотгож байгаа юм. Олон жилийн туршлагаасаа үзэхэд, хамтран тоглогчид хамгийн мундаг нь байдаг юм шүү дээ. Сайн жүжигчин сайн жүжигчинтэйгээ тоглоход сайхан л байлгүй яах вэ. Тэгвэл залуучуудтай тоглоход нүдний харц, хөдөлгөөн, сэтгэлзүйн хурд, эд чинь бас ондоо. Тэгээд тэд маань өөрсдөө ялгагдаад ирэхээр тодорхой хэмжээгээр Тулга гэдэг дүрийг тоглуулаад байгаа юм. “Хааныг хаан тоглодоггүй, харц ардууд нь тоглодог” гэдэгтэй адилхан эд маань сайн байгаа учраас Тулгын дүр цойлж гарч ирээд байгаа.
- Та Мистер Тулгын дүрийг бүтээхдээ мөнгөний төлөө юугаа ч зарахад бэлэн, гадны шунахай хүмүүсийн гар хөл болсон гэмт хэргийн сүлжээг давхар гаргасан. Мөнгө олох сайхан ч, өвөг дээдсийнхээ ахин давтагдашгүй, хосгүй үнэт зүйлийг харийн хүнд зараад байгааг зөвтгөх хэцүү байсан уу?
- Монголчууд бид социализмын үед доллар гээч юмыг мэддэггүй байлаа. Тав, арван доллараар Shop-оос (долларын дэлгүүрээс) юм авах юм бол цагдаад дуудагддаг байсан. Гэтэл зах зээлд орсноос хойш доллар гэдэг мөнгө асар өндөрт ниссэн шүү дээ. Монголчууд доллараар наймаа хийнэ гэж ярьдаг болсон. Одоо бол доллараасаа евро руу шилжчихлээ. Энэ юу гэсэн үг вэ? Наймааны үнэлгээ хувь хүнд ч бай, улсад ч бай еврогоор хэмжигдээд яваад байгаа нь наймаа гэдэг юм асар өндөр цэгт очсоны шинж. Манай монголын үндсэн валют- төгрөгийн ханш унаад байна. Тэгэхээр хүмүүс доллар, евро руу л зүтгэнэ. Хүн болгон ашигтай байхыг л бодно шүү дээ.
Тулга муу, эсрэг талын дүр байг хамаагүй, зах зээл нь, нийгэм нь цаанаасаа ингэж шаардаад байхад тэр хүний хийх зүйл ийм байхаас өөр яах юм бэ? Тэгээд ч дүр авсан жүжигчид дандаа дүрээ хамгаалж, өмөөрч тоглодог. Өөрийнхөө буруу хийж байгаа юмыг зайлшгүй ахуй нөхцөлтэй нь хамруулж, тодорхойлж байж, сая дүрийн шугамыг гаргаж ирдэг шүү дээ. Манай нийгэм өнөөдөр иймэрхүү л түвшинд байна.
- Киноноос үзэхэд эмзэглэмээр ч бидний нүдэн дээр өрнөж байгаа амьдрал л даа...
- Тийм ээ, амьдралд байгаад байгаа юмыг бид яах юм бэ? Тэр хүний буруу нь юу байна аа? Ядуу болохоор мөнгө байхгүй, мөнгө байхгүй болохоор идэх талхаа хулгай хийж олж байна шүү дээ. Нийгэм нь өөрөө ингэж шаардаад, цаанаасаа буруу юм руу түлхээд байхад хүн буруу зам руу орохгүй яах юм.
- Нөгөөтэйгүүр манай нийгэм үнэт зүйл, бахархалгүй болчихсон нь энэ мэт сөрөг хандлагад нөлөөлж байгаа..
- Бидэнд өнөөдөр үнэт зүйл байхгүй болчихлоо. Монголчууд бид өөрсдөө түүх соёл, бүх юмаа устгаж байна. Жишээлбэл, миний мэдэхээр Кино үйлдвэр гэж байхад хатад, ноёдын дээл хувцас бүгд сувд, эрдэнэ, шүртэйгээ байсан. Гэтэл одоо яасан? Өмнөх үеийнхний бүтээж, босгосон бүхнийг устгасан. Кино үйлдвэрийн талбай, байшингаас илүү дотор нь байсан тэр эдлэл хэрэглэл өөрөө үнэт валют шүү дээ, тэр чинь түүх, соёл шүү дээ. Харамсалтай нь Алтан үеийнхний хэрэглэж байсан тэр юмуудыг одоо бид хэрэглэж чадахгүй. Байхгүй болчихсон.
Ер нь бид өмнөх үеийнхнийхээ ариглаж гамнасан, бидэнд үлдээсэн бүх юмыг нураасан, зарсан. Гэхдээ толгой дээр маань сууж байсан хэсэг бүлэгхэн хүн л ингэж үрэн таран хийснээс биш урлагийнхан бүгдээрээ тэгээгүй шүү дээ.
- Кинондоо эргэж ороход, Мистер Тулга Хүлэгү хааны алтан толийг гартаа оруулахдаа нэг их яарахгүй л байх шиг...
- Тэр чинь л Тулгын шинж чанар шүү дээ. Мэдээжийн хэрэг, гадаад түншийнхээ захиалсан эртний эдлэлийг олоод, хурдхан зарвал халааснаас нь гарах зардал мөнгө нь багасна гэдгийг Тулга мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл түүнд яарах, давчдах юм юу ч байхгүй. “Тэртэй тэргүй олно, гартаа оруулна, тэгээд ийм үнээр ингэж зарна” гэдгээ аль хэдийнэ бодчихсон сууж байгаа хүн. Тэрийг нь хүмүүс үзээд “ямар муухай хүн бэ” гэх л байх л даа. Би олон эсрэг дүр бүтээж байсан болохоор энийг бас ялгаж хийхийг бодсон.
- Хамт тоглосон жүжигчдээсээ олж харсан үнэлмээр зүйл юу байсан бэ?
- Манай Болдоо, Жижгээ хоёр зохиолоо авангуутаа манайд ирсэн л дээ. “За Хуягаа ах аа, ёстой баларсаан, бид хоёр тантай хамт тоглох юм байна” гээд жигтэйхэн сандарчихаж. Тэгэхэд би “Зүгээр ээ, сандрах юм байхгүй. Бололцоо байвал гурвуулаа харилцаад харилцаад явъя” гээд... Тоглолтын дараа надаас заавал асууна. “Болж байна уу Хуягаа ах? Би ер нь яаж байна?” гээд. Би чинь өөрөө дүрдээ автаад тоглочихож байгаа хүн тэднийг хянаад суух уу?
“Та нар ингэвэл ямар байна? Би ингэвэл яах вэ” гээд гурвуулаа хамтраад тоглосон. Ямар ч байсан манай баг энэ нь ах, тэр нь дүү, энэ нь босс гэх ялгаа гаргаагүй яг ах дүү шиг хоорондоо ярилцаад, гурван хүнтэй бүлэглэлийг гаргасан. “Чи ингэх ёстой, энэ дээр ингэж таслаад байна” гэдэг юм уу, жижиг сажиг алдаануудыг нь хэлж өгөөд ажилласан. Ямар хүний оронд хүн тоглох биш дээ. Бид гурвын ажиллагаа болсон байх аа гэж би хувьдаа бодож байгаа.
- Мэдээж та тэдэнд судалгаа хийхэд нь тусалсан байх...
- Янз янзын характертэй улсууд байдаг, шоронгийн хүмүүс ийм байдаг, гэнэн улсууд ингэдэг гээд өөрийнхөө мэддэг түүхүүдийг ярьж өгнө. “Намайг багад манай Баянхонгорт ийм хүн байсан” гэж Жижгээ ярих жишээтэй. Болдоо нэг юм гаргаж ирээд, “ингээд хийе” гэнэ. Кино дууссаны дараа хоёр дүү маань надад “Баярлалаа. Их юм сурсан шүү” гэсэн. Би ямар тэдэнд оюутнуудад заасан шиг заасан биш дээ. Миний ярьсан хэлснээс өөрсдийнхөө толгойгоор, савныхаа хэмжээгээр л авсан байх. Би ямар Цагааны Цэгмид шиг туйлдаа хүртэл тасарчихсан хүн биш, ах шигээ ч мундаг биш. Дүрдээ хариуцлагатай хандаж, зүрх сэтгэлээсээ хүмүүст хүргэх гэж ажилласан ажиллагаа маань л хүмүүст хүндлэгдсэн болов уу.
- Та сүүлийн жилүүдэд хэдэн кинонд тоглов оо? Голдуу л сөрөг дүр бүтээсэн харагдаад байгаа...
- Сүүлийн нэг жилийн хугацаанд олон кинонд тоглосонгүй ээ. “Эрт нахиалсан сарнай”-д тоглосон, “Боловсрол” телевизийн хийсэн “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”-д тоглосон. Тэгээд хоёр уран сайхны кинонд тоглосон. Ер нь энэ жил шавь нараа төгсгөж байгаа учраас ачаалал зарсан кинонд тоглохыг бодоогүй.
- Та КУДС-д багшилж, гарын шавиа бэлдэж байгаа. Хэдэн хүүхэд энэ хавар төгсгөв?
- 19 хүүхэд төгсгөлөө. Монголын зах зээлд ажлын байр хэцүү шүү дээ. Телевизэд өгөхийг нь өглөө. Өөрсдөө студи байгууллаа. Хувиараа юм хийх арга замыг нь зааж өглөө. Ямар ч гэсэн гурван жилийн хугацаанд ажлын практиктай болчихоод аль ч албан газар очоод өөрийнхөө сурсан юмыг дагнаж хийе гэх хэрэгтэй л дээ. Тэгэхгүйгээр шууд нэг газар ороод мундаг болчихно гэж байхгүй шүү дээ.
- Уран бүтээлчийн амьдралыг туулсан, таньсан эр хүний хувьд шавь нартаа юу гэж захидаг вэ?
- Ерөөсөө урлагийн амьдралаар явсан гучин тав, зургаан жилийн туршлагаасаа үзэхэд уран бүтээл бол хамтын хөдөлмөр байдаг. Тэгэхээр хүн хүнийг л хүндлэх ёстой. Дээр нь өөрөө хүн байх ёстой. “Хүнийг хүндэлбэл хүн чамайг хүндэлнэ”. Ийм л зарчим би барьдаг. Яагаад гэвэл бид хүн судлалын улсууд учраас энэ философийг ерөөсөө хаяж гээгдүүлж болохгүй. Тэрнээс жүжиглэх уран чадвар гэдэг зүйл байдаггүй гэж ойлгодог. Жүжиглэнэ гэдэг ойлголт огт байж болохгүй ээ, ганцхан тэр ситуац дотор яг үнэнээсээ амьдрах ёстой.
- Жүжигчдийн дунд “Дүрийг бүтээж болно, орж болохгүй” гэсэн бичигдээгүй хууль байдаг гэж сонссон. Та энэ талаар юу хэлэх вэ?
- Би бол дүрдээ үнэн сэтгэлээсээ л ордог хүн. Шумбаад л орчихдог. Салгаж чадах юм чинь яадаг юм. Яагаад гэвэл зохиолын ситуац, амьдрал хоёр ондоо ш дээ. Тэрийг ялгаж чадахгүй тэр чигээрээ солиороод явбал Шар хад руу очно биз дээ. Тэгвэл авьяас гэж ярих ямар ч шаардлага гарахгүй. Авьяасгүй л гэсэн үг. Би тэгж л ойлгодог. Надад тэгж л заасан.
- Шинэ дүр авахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
- Шинэ дүр аваад л миний нойр хүрэхээ байчихдаг. Дагаад хоол багасна. Тэгэнгүүт бие өөрөө сойгдоод эхэлдэг. Жаахан гүзээтэй, таргалчихсан байсан бол сулраад л ирнэ. Яагаад гэвэл дүрээ байнга толгойдоо байлгаж байгаа хүн чинь юун хоол, нойр бодох вэ. Нэг л мэдэхэд гадуур явж байхдаа өөрийн эрхгүй дүрийнхээ үгийг давтчихсан, ганцаараа яриад явж байдаг.
- Ганцаараа ярьж яваа хүнийг зарим хүн их хачирхдаг юм билээ. Таныг жүжигчин хүн болохоор ойлгох байх л даа.
- Хүмүүс янз янзаар л хүлээж авдаг байх. Би бол өөрийнхөө ажлыг л хийж яваа юм чинь. Хүн юу гэж хэлэх нь надад хамаагүй. Би хүнд таалагдах гэж явдаггүй.
- Таныг “ясны жүжигчин” гэж мэргэжил нэгтнүүд чинь үнэлдэг юм билээ. Хэрвээ та жүжигчин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?
- Манай Норжмаа эмээ намайг “Миний хүү эмч болбол цагаан халаад өмссөн, цагаан царайтай, гоё эмч болно доо” гэдэг байсан. Би одоо боддог юм л даа, миний мэргэжил, эмч хоёр ялгаагүй ээ гэж. Хүн сэтгэлээ өгч л хүнийг эмчилнэ шүү дээ. Жүжигчид бид бас адилхан өөрийнхөө сэтгэлийг л өгч байж дүрийг бүтээнэ. Бид хүний оюун санаанд нь мэс засал хийдэг бол эмч нар бие махбодид нь мэс засал хийж байна гэж би ойлгодог. Тэгж л гаргалгаа хийдэг юм.
- Ингэхэд та эмчийн дүрд тоглосон бил үү?
- Ганц нэг байгаа байх. Гэхдээ миний бүтээсэн ихэнх дүр нь эсрэг талынх.
- Кино ид дундаа явж байна. Мистер Тулга яах бол? Хүлэгү хааны алтан толийг гадаад түншдээ өндөр үнэ хүргэж чадах болов уу?
- Цааш нь юу болохыг ярина гэхээр хаашаа юм бэ дээ. Уул нь сонирхолтой ч заримдаа больчихмоор ч үе гарна. Кинонд явж байхдаа “хэрвээ би Тулга байсан бол бараг болино оо. Ээ, энэ алтан толийг аваад яах юм бэ, яршиг өөр бизнес хөөе” гэж бодогдох үе гарсаан гарсан. Гэтэл Тулга тэгэхгүй л байгаа юм даа. Бодсоныхоо хойноос махруу, тууштай явна гэдэг эр хүний мундаг чанар шүү дээ.
Зорьсондоо хүрнэ, хүрэх хүрэхдээ энэ их мөнгийг ганцаараа авна, эд нарт өгөхгүй байх ёстой гэдэг хувилбаруудыг бүгдийг хийж чадаж байна гэдэг бол айхтар хүний шинж л дээ. Тулгын муу тал нь гэвэл үйлдэл нь муу л даа. Гэхдээ аз жаргал, амьдралынхаа төлөө энэнээс өөр юм хийж чадахгүй байвал яах вэ? Жишээлбэл жүжигчин Төмөрхуяг би гэхэд кино, жүжигт тоглохоос өөр юм хийж чадахгүй. Барилга барьж чадахгүй. Мод хийж чадахгүй. Аргагүйн эрхэнд амьдралын явцад мод хөрөөдөх үе гарахад хөрөөдөж л таарна. Тухайн ситуацад орж байгаа учраас. Тэрүүгээрээ л онцлог байх л даа.
- Түүнээс гадна энэ киног хамгийн сонирхолтой болгож байгаа зүйл бол зохиол сайн байлаа, агуулга том байлаа, найруулагч сайн ажиллалаа...
- Нийт хамт олон өөрөө сайн байсан. Урьд нь би бүгдэнтэй хамт кинонд явж байсан. Тэгэхээр ажиллагааны хувьд түүртээгүй. Хамт олон хоорондоо эвсэг, сайхан байвал бүгдийнх нь ажил бүтдэг дээ, тэр л журмаар манай киноны ажил явсан.
Ярилцсан: О.Энхжавхлан
Ц.Төмөрхуяг: Би Тулгыг өмөөрч тоглосон | ||
Үзсэн: 5640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.