Шууд Chart

Өнөөдөр “Honor 8x Max”, “Honor 8x” гар утсыг худалдаанд гаргалаа

2018-09-06 13:06:17

Ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн зах зээлд Хятадын компаниуд хүчирхэг гэдгээ батлан харуулсаар байна. Шинэлэг, хурд хүч сайтай, хамгийн сүүлийн үеийн технологи, программ хангамжийг төгс агуулж чаддаг Хятадын ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа нь үүнийг тодотгож байгаа юм. Өнөөдөр Хятадын шилдэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компани шинэ загварын хоёр төрлийн ухаалаг гар утсаа Хятадын зах зээлд албан ёсоор худалдаанд гаргаж эхэллээ. Энэ бол “Honor 8x Max” болон “Honor 8x” нэртэй гар утас юм.

Өчигдөр тус компани олон нийтэд шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулсан бол өнөөдөр хэрэглэгчдийнхээ гарт ийнхүү шилжүүлж байна. Онцлон мэдээлэхэд, энэ гар утас нь бусад гар утастай харьцуулахад том дэлгэцтэй. Тодруулбал, 7.12 инч дэлгэцтэй болжээ.

Эхлээд “Honor 8x Max” гар утасны талаарх мэдээллийг хүргэе. Энэ утас нь 7.12 инчийн IPS бүхий 1080/2244 нягтаршилтай 18:9 хэмжээтэй. Дэлгэцний 90 хувь нь бүхэлдээ үндсэн хэсэг аж. Энэ бол хүрээ маш нимгэн болсныг илтгэж буй юм. Нүүрэн талын камер нь 8 мегапиксел. Гол зүрх нь болох хэсэгт Snapdragon 636, 660 хүчирхэг процессорыг суурилуулжээ. Өөртөө 4 гегабайтын шуурхай санах ойтой, Adreno 512 үзүүлэлттэй хурдасгагчтай. Мөн 5000 миллиампер цаг багтаамжтай батарейтай. Ар талдаа 16+16 мегапикселийн хос камертай, хурууны хээ мэдрэгчтэй. 3,5 мм-ийн аудио оролт, USB Type C зэрэг оролтуудтай. Арван минут цэнэглэхэд 40 минутын турш утсаар ярих боломжтой цэнэгээ хуримтлуулж чаддаг байна. Нийт 210 гр жинтэй, худалдаанд цэнхэр, хар болон улаан өнгийн сонголтуудтай гарчээ.

Харин “Honor 8x” загварын утас нь 6.5 инчийн 2340/1080 нягтаршилтай 19.5:9 пиксел үзүүлэлттэй дэлгэцтэй. Процессор нь Kirin 970 чипэн дээр тулгуурлагдсан 2.2 герцийн чадалтай. Шуурхай санах ой нь 4 болон 6 гегабайт бол санах ойн багтаамж нь 64 болон 128 гегабайт багтаамжтай. Ар талдаа 20+20 мп хос камертай. Селфи камер нь 16 мегапиксел болжээ. Андройд 8.1 үйлдлийн системтэй.

Нийт 175 гр жинтэй. 3750 миллиампер цаг багтаамжтай батарейтай. Худалдаанд 205-278 ам.долларын үнэтэй борлуулагдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр “Honor 8x Max”, “Honor 8x” гар утсыг худалдаанд гаргалаа   
Үзсэн: 2454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй