Шууд Chart

П.Дэлгэрнаран: Нүүрс тээвэрчдийн нийгмийн асуудлыг компаниуд шийдэх ёстой

2018-09-10 15:38:06

МҮОНР-гийн сэтгүүлч Д.Даваадулам Тавантолгойн бүс нутагт өнгөрсөн долоодугаар сарын эхээр ажиллаж, “Нүүрс дагасан цоохор амьдрал” цуврал сурвалжлага бэлтгэсэн. Түүний мөрөөр тухайн бүс нутагт  ажиллаж, амьдарч байгаа иргэдийн  асуултыг албаны хүмүүст дайж, хариу авснаа цувралаар хүргэж байна. Энэ удаа “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын  захирал П.Дэлгэрнарангаас дараах асуултад хариулт авлаа.  

-Та сая Тавантолгойн нүүрсний уурхайд 11200 машин тээвэр хийж байгаа. Үүний 6500 нь “С” зөвшөөрөлтэй гэлээ. Бусад нь зөвшөөрөлгүй  гэсэн үг үү?

-Үгүй үгүй.  Тэнд бүртгэлтэй байгаа нь 11200 гэлээ. Бүртгэлтэй бүх машин замд  гарч тээвэр хийнэ гэсэн үг биш. Яг хил гарах зөшөөрөлтэй нь 6500 машин бий. Уурхайн амнаас "Цагаан хад" хүртэл тээвэр хийхэд манайхаас зөвшөөрөл шаардахгүй. Аж ахуйн нэгж, хувь хүн, иргэн уурхай, буулгах талбайтайгаа тохиролцоод тэнд тээвэр хийж болно.  11000 машин тэр бүсэд бүртгэлтэй байгаа болохоос бүгд тээвэрт гарсан гэсэн үг биш.

-Оюутнуудаас эхлээд мэргэшээгүй, туршлагагүй жолооч нүүрс тээвэрлэж байгаа нь осол гарах нэг шалтгаан болж байгаа тухай орон нутгийн иргэд шүүмжилдэг. Тээвэр хийх шалгуурыг хэн, хэрхэн тавьж байна?

-Аж ахуйн нэгж, байгууллагаас өгсөн хүсэлт, бичиг баримтыг бүгдийг нь тулгаж байгаа. Тэдний бүрдүүлсэн баримтад ямар ч асуудал байдаггүй.  Гэтэл ар зайгаар нь аж ахуйн нэгжүүд ажиллаад байна. Тэдний хариуцлагагүй байдалтай холбоотой. Замын цагдаагийн тасаг, байцаагч нарын группыг энэ чиглэлээр  ажиллуулж зөрчлийг тухай бүр нь шийдээд явж байна.  Гэвч бүх машиныг цагдах, хянах боломж тэр бүр байдаггүй.  

-Үүнийг хэн хянах ёстой юм бэ?

-“Гашуун сухайтын автозам” ХХК,  Автотээврийн газар, Замын цагдаагийн газар хянах ёстой. Сая Ерөнхий сайдыг айлчлах үед бид ярилцаад хилийн байгууллага автомашин, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгадаг болсон. Гол нь Хятадын талд хуурамч бичиг баримт хийгээд ороод ирсэн нөхөд бий.

-Хятадын талаас түгжрэл шалтгаалдаг гэж та сая мэдэгдсэн. Үүнийг тодруулаач?

-Сүүлийн хоёр жилийг аваад үзье. Манайхаас төрийн өндөр зочид Хятад улсад зочилж, ярилцаж тохирдог. Долоо хоног нөхцөл байдал сайжраад буцаад түгжирдэг. Тэгэхээр нь бид дахиад л “Танайх худалдан авалтаа нэмээч ээ” гээд л асуудлаа тавьдаг. Бидэнд дотоодынхоо зах зээлийг хамгаалах, монголынхоо иргэдийг ажиллуулах сонирхол байдаг. Үүнд тэдний сонирхол өөр байдаг.  

-Танайх хариуцахгүй байж болно. Гэхдээ асуумаар байна. Яг үйлдвэрлэл явуулж байгаа, тээвэр хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудлыг та нар давхар хэрхэн авч яваа вэ?

-Нэгдүгээрт, аж ахуйн нэгж байгууллагууд нь нийгмийн асуудлыг шийдэх ёстой. Нийгмийн даатгалыг төлдөг болсон. Хоёрдугаарт, жолооч нар өөрсдөө харьяалалгүй, машинаас машин, байгууллагаас байгууллага дамждаг өөрсдийн хариуцлагаас болж нийгмийн даатгалаа төлдөггүй асуудал бий. Гуравдугаар, Ерөнхий сайд өнгөрсөн хавар Тавантолгойд ажиллахдаа уурхай, зам тээврийн компаниудад “Та нар олж байгаа өндөр ашгаасаа жолооч нарынхаа нийгмийн асуудлыг шийд. Усанд орох, бие засах газраас эхлээд юм хий. Сэтгэл гарга”  гэдэг үүрэг даалгавар өгсөн. Уурхайнууд ажиллаж байгаа юм шиг байна лээ. "Цагаан хад"-наас цааш орон нутаг, уурхайнууд ажиллаж байгаа гэсэн.

-Гашуунсухайтын боомтын нөхцөл байдал ч гэсэн тун хүнд юм билээ. Монгол Улсын экспортын дийлэнх орлогыг олж байгаа боомт гэхэд бие засах газар, ус, унд, зорчигчдын амрах газраас эхлээд тун хүнд байна. Энэ асуудлыг өөрчлөх тухай хамаарах газрууд нь хэрхэн ярьж, хэлэлцэж байдаг юм бол?   

-Өнгөрсөн жил ГЕГ Хятадад хэлэлцээ хийгээд ирсэн. АХБ-ны санхүүжилтээр боомтыг өргөтгөхөөр болсон. Яагаад эхлэхгүй байгааг би мэдэхгүй. Хамгийн түрүүн Гашуунсухайтын боомтыг үлгэр жишээ тохижуулж эхлэхээр шийдсэн. Иж бүрнээр нь хийхээр зураг төслийг хийсэн. Чухам аль шатанд явааг би мэдэхгүй.

Нийтэлсэн: Д.Даваадулам

П.Дэлгэрнаран: Нүүрс тээвэрчдийн нийгмийн асуудлыг компаниуд шийдэх ёстой  
Үзсэн: 3105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2018-09-10 18:45
Дэлгэрнаран захиралаа та өөрөө 5 н толгойд оффисоо нүүлгэж аваачаад бодитоор биеэрээ очоод 1 жил ажиллаач хүний аманд орж ажилладагаа одоо боль 5 н жилийн өмнө Гашуун Сухайт авто зам ХХК(шинэчилсэн нэрээр нь биччихлээ) 25-ын пост 1 хөдөлмөр аюулгүйн хөдөлгөөнд яаж оролцох хичээл сургалт зохион байгуулж бичиг баримтаар нь шалгалт авч ажилд гаргадаг байсан одоо яасан юу шалгалт авах нь байтугай согтуу жолооч постоор гараад хөдөлгөөнд оролцож осол авари хийж гэмгүй мөрөөрөө жолооч нар алтан амиа алдаж ард байгаа нялх үр амраг хань нь нус нулимстайгаа хатаж бна.та юу яриад ТВ сурвалжлагчид өдөр тутмын болдог процессыг яриад байгаа юм бэ? Шинэ шинэлэг хийж бүтээсэн бүтээх гэж байгаа ажлаа алдаагаа яриач ямарч бичиг баримт байхгүй жолооч нар хэдэн зуугаараа явж осол авари хийж хайран сайхан хүний алтан амийг авч явж бна та юу хийж наанаа ширээ бөглөж татварын мөнгө идээд сууж бнаа 5-н толгойд ширээ сандалаа авч очоод ажил хий өмнөговийн тээврийн хяналтынхан юу ч хийхгүй

Бидэнтэй нэгдээрэй