НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн хөрсний өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Энэ жил улс орнууд энэхүү өдрийг “Healthy Soils for Healthy Cities” уриан дор тэмдэглэж байна.
Манай улс энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл” гэсэн ишлэлийг олон улсын уриатай уялдуулан “Эрүүл хөрс-Эрүүл амьдралын үндэс” сэдвийн дор “Монгол орны хөрс судлал-2025” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
БОУАӨЯ, ХХААХҮЯ, МУИС, ХААИС болон ШУА-ийн ГЗГЭХ, НБОГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа энэ хурлаар:
-Хөрс хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт,
-Монгол орны хөрсний төлөв байдал, хэв шинж,
-Тариалан ба бэлчээрийн газрын хөрсний доройтол,
-Хөрс хамгааллын технологийн судалгаа,
-Салбарын хүний нөөцийн нөхцөл байдал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
БОУАӨЯ-наас Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын мэргэжилтэн С.Шинэзул, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Амарзаяа нар илтгэл тавьж оролцлоо.
Монгол Улс 1996 оны 8 дугаар сарын 22-нд НҮБ-ын “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай” суурь конвенцыг соёрхон баталсан бөгөөд энэ хүрээнд хөрс хамгаалах, доройтсон газар нутагт нөхөн сэргээлт хийх, хөрсний бохирдлыг бууруулах бодлого, хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлсээр ирсэн.
Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (COP17) 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь Монгол Улсын Засгийн газар болон БОУАӨЯ конвенцын хэрэгжилтэд өндөр ач холбогдол өгч, олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодитоор биелүүлж байгааг илтгэж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| Эрүүл хөрс эрүүл амьдралын үндэс | ||
| Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.