Шууд Chart

"Цагаан хад" сургууль, цэцэрлэгтэй болно

2018-09-11 09:48:44

МҮОНР-гийн сэтгүүлч Д.Даваадулам Тавантолгойн бүс нутагт өнгөрсөн долоодугаар сарын эхээр ХЭҮК-ыг дагалдан ажиллаж, “Нүүрс дагасан цоохор амьдрал” цуврал сурвалжлага бэлтгэсэн. Түүний мөрөөр тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн асуултыг албаны хүмүүст дайж, хариу авснаа цувралаар хүргэж байна. Энэ удаад Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуягтай уулзаж, "Цагаан хад", Гашуунсухайтын боомтын өргөтгөл, уул уурхайн нөлөөллийг бууруулах боломж, нөхцөлийн талаар тодрууллаа.

-Өмнөговь аймгийн газар нутгийн хэдэн хувь нь лицензээр олгогдоод байна?

-2018 оны наймдугаар сарын мэдээгээр аймгийн нийт газар нутгийн 9.5 хувь ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон. 6.5 хувь нь хайгуулынх. Ашиглалтын 92 тусгай зөвшөөрөл, хайгуулын 115 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Тухайлбал, “Монгол алт” компани дээр 10 зөвшөөрөл бий. 14 компани уул уурхайн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

-Уул уурхайн нөлөөллөөс болоод зарим иргэн тоос шороонд дарагдаж, малчид газар нутаггүй болж буй нь ажиглагдсан. Энэ нөлөөллийг орон нутагт   хэрхэн шийдвэрлэх боломж байна вэ? 

-Орон нутагт тулгамдсан энэ асуудлын тухай ярьж, хэлэлцэх ёстой юм болов уу гэж бодож байна. Гэсэн ч “Cоаl Моngolia-2018"  дээр  ярьсангүй.  Орон нутагт үнэхээр их асуудал байна. Таны хэлсэнчлэн нүүрс олборлолт, тээвэрлэлттэй холбоотой агаарын бохирдол, хөрсний эвдрэл, ан амьтны нүүдэл,  устаж үгүй болох гээд сөрөг нөлөө их бий. Энэ асуудлыг уул уурхайн бодлогын бичиг баримтад тусгаж өгөх зайлшгүй шаардлага байна. Лиценз эзэмшигч олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгж зөвхөн лицензийнхээ координат цэгээр хязгаарлаж байгаль орчинг ярьдаг.  Зөвхөн  “А”  лиценз доторх асуудлыг л оруулсан байдаг. Гэтэл зөвхөн нүүрс, шатахуун тээвэрлэлтээр сумдад 20 гаруй салаа зам гарчихсан байна. Ийм байдлаар төсөл хэрэгжихтэй холбоотой дам буюу хуримтлагдах  нөлөөг хэрхэн шийдэх нь огт тодорхойгүй байна. Тавантолгойн орд газрыг дагасан Цогтцэций, Нарийн сухайтын орд газрыг дагасан Гурвантэс, Ноён, Баяндалай гэсэн гурван сумын 10 гаруй багт асуудал үүссэн. Тэдгээрийг бодлогын шийдэлд оруулж өгмөөр байна. Компаниудад нийгэм, эдийн засагт нөлөөлөх байдлын үнэлгээ зайлшгүй дутагдаж байна.

Нийгмийн үйлчилгээ  талаасаа Өмнөговь аймгийн Цогтцэций сум 2008 онд нүүрс олборлолт  эхэлж байхад 3000 хүнтэй байсан. Өнөөдөр шилжилт хөдөлгөөнөөр 8000 хүн амтай болсон. Өмнөговь аймаг 65000 хүн амтай ч хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 120000 хүн амьдарч байна. Гэтэл  сургуулиас эхлээд төрийн үйлчилгээ хуучнаараа л байна.

-"Цагаан хад" гэрэл цахилгаангүй, тохитой амрах, хооллох, усанд орох газар ч байхгүй. Усаа холоос зөөдөг гэдэг ёстой “мангасын хад” аятай хэвээрээ л  байна. Гашуунсухайтын боомтын нөхцөл байдал мөн хүнд байдаг. Нүүрсний экспортын, дамжин ачилтын гол газруудыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага хэр бий гэж үздэг вэ. Асуудлыг дээш нь хэрхэн хүргэдэг юм бэ?

-"Цагаан хад"-ыг байгаль орчин болоод бусад зүйлд нөлөөлж байгаа гэдгээр нь хаах мессэж явдаг. Өмнөговь аймгийн удирдлагын бодлого бол өөр.  Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн хаягтай хүмүүс тэнд амьдарч байна. Тэнд амьдрал байна. Тиймээс төр засгийн шийдэж чадаагүй асуудлуудыг шийдье гээд өнгөрсөн оноос эрчимтэй ярьж байна. "Цагаан хад"-ыг цахилгаанд холбохоор нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Урд хөршөөс цахилгаан авахаар яриа хэлэлцээ хийж байна. "Цагаан хад"-ыг дахин төлөвлөж, Хайрхан багийн төв, баг болгож, засаг захиргааны нэгжийг тэнд байгуулсан. 

Сургууль, цэцэрлэг, 24 айлын орон сууц, цэвэр, бохир усны шугам барихаар төлөвлөж, зарим асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай яриа хэлэлцээ хийж байна. Мөн Гашуунсухайтын боомтын цэвэр усны асуудлыг шийдэхээр цэвэршүүлэх төхөөрөмжөө хүлээж авч байна.

Нийтэлсэн: Д.Даваадулам

"Цагаан хад" сургууль, цэцэрлэгтэй болно   
Үзсэн: 3701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй