Шууд Chart

Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

2018-10-11 08:45:58

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2018.10.10) хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Манай улсын гадаад харилцаа өргөжийн хэрээр иргэдий зорчих хөдөлгөөн нэмэгдэж, хилийн чанад дахь өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт этгээд болон ялтан шилжүүлэх асуудлааар олон улсын эрх зүйн салбарт хамтын ажиллагааг улам тэлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг хууль санаачлагч илтгэлдээ онцлов. Энэ үндсэн дээр Ялтан шилжүүлэх тухай нийтдээ 19 зүйл бүхий уг хэлэлцээрийн төслийг талууд энэ оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод үзэглэсэн. Манай улс иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг БНСВУ-тай 2000 онд байгуулсан. Харин Ялтан шилжүүлэх тухай энэ хэлэлцээрийг байгуулснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх чиглэлээр хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа сайд тодотголоо.

Мөн уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нарын асуултад өгсөн хариултдаа, энэ оны 9 дүгээр сарын байдлаар БНСВУ-ын хоёр иргэн манай улсад ял эдэлж байгаа, харин БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Гэхдээ сүүлийн үед хоёр улсын иргэд хоорондын харилцаа өргөжиж, хөдөлгөөн ихсэж байгаа учраас ийм төрлийн гэрээ хэлэлцээр байгуулах замаар иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн боломжийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг тодотголоо.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.


Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөв  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй