АНУ-д саатуулагдаж буй Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нарт холбогдох хар тамхины хэргийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр Нью-Йоркийн холбооны шүүх товлолоо.
АНУ-ын прокурорууд тэднийг эрх мэдлээ ашиглан кокаин тээвэрлэх, хар тамхины наймааны сүлжээг дэмжсэн хэрэгт буруутгаж байгаа бол Мадуро болон Флорес нар өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлээд байна. Одоогоор тэд Нью-Йорк хотын Бруклин дэх Метрополитан цагдан хорих төвд саатуулагдаж байгаа юм.
Reuters агентлагийн мэдээлснээр, Мадуро болон түүний эхнэрийг 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Каракас хотод явуулсан АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр баривчилж, улмаар АНУ-д хүргэсэн байна. Прокурорууд тэднийг Венесуэлийн төрийн эрх мэдлийг ашиглан олон жилийн турш АНУ руу кокаин тээвэрлэх ажиллагааг дэмжсэн гэж үзэж байгаа бөгөөд хэрэв буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноох боломжтой аж.
Мадурогийн өмгөөлөгчид хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд баривчилгаа нь олон улсын эрх зүй болон төрийн тэргүүний халдашгүй байдлын зарчмыг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Урьдчилсан хүсэлтүүдийг есдүгээр сараас гаргаж эхлэх бөгөөд тэдгээрийг хэлэлцэх шүүх хурал арваннэгдүгээр сарын 17-нд болохоор товлогдсон байна.
| Мадуро, Флорес нарын шүүх хурлын тов гарлаа | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.