Шууд Chart

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

2018-10-11 15:28:29

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан. 

Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох…, мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын ….”, мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах”-тай холбогдсон харилцаануудыг тусгасан байна.

Уг асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдох харилцаанд хамрагдахгүй байгаа батлан хамгаалах, хууль сахиулах байгууллага, ял эдэлж байгаа ялтан, гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж түр саатуулагдсан иргэнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллагад буюу тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор нэмэлт санхүүжилт шаардагдахгүй бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсвийн хүрээндээ зохицуулах боломжтой. Хуулийн төсөл батлагдсанаар зэвсэгт хүчин, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын нийгмийн баталгаа бусад эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдын адил хангагдах юм. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийг төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг дурдав. 

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн  Б.Энх-Амгалан, М.Билэгт асуулт асууж, хариулт авсан бөгөөд үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй