Шууд Chart

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

2018-10-11 15:34:24

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль санаачлагч гишүүн танилцуулгадаа, Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогын салшгүй хэсэг, ирээдүйн эрүүл иргэн бий болгох арга зам, хүүхэд хамгааллын илрэл, суралцах таатай орчин бүрдүүлэлтийн чухал хэсэг гэж үздэг. Ийм ч учраас дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, АНУ 1946, Япон 1954, Солонгос 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилж байгааг дурдав.

2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан мэргэжлийн удирдлагатай хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10 хувийг хэмнэдэг гэж үздэг. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан нэг төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч байдаг байна. Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу 1-5 дугаар ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байгаа аж. Дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн бизнес болон цэцэглээд байгаа нь холбогдох судалгаанаас харагдаж байна байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов.  

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг 2016-2017 онд зохион байгуулсан. Судалгаанд Монгол Улсын 21 аймгийн 94 сум, нийслэлийн найман дүүргийн 30 хорооны 5 хүртэлх насны 2251 хүүхэд, 6-11 насны 1755 хүүхдийг хамруулсан бөгөөд судалгааны дүнгээр 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна. Энэ нь эцэг эх, хүүхдийн хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг дутмаг, хооллох зөв дадал хэвшил төлөвшөөгүйтэй холбоотой төдийгүй үдийн цайны чанар, аюулгүй байдал, зохион байгуулалт хангалтгүй байгаа нь ч үүнд тодорхой нөлөөтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Эрүүл мэндийн яамнаас 2015 онд зохион явуулсан "Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдал" судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг ажээ. Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүд байна. Эдгээрийн 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан бөгөөд давс багатай бүтээгдэхүүн байгаагүй байжээ. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх нь чухал гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иймд дээрх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүний нөөц, төсөв санхүү, оновчтой зохион байгуулалт зайлшгүй шаардлагатай бөгөөд уг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, М.Билэгт, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн олонх хуулийн төсөл болон “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сурагчдад өгч байгаа үдийн цайны төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Засгийн газарт анхааруулж байлаа. Түүнчлэн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  шаардагдах хөрөнгө санхүүжилтийн хэмжээ, төсөвт хэр ачаалал үүсэх,  хүнсний аюулгүй байдалд хяналт тавих нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх илүүтэй талаар тодрууллаа. Мөн  сурагчдыг тусгай танхимд хооллох нөхцөл боломж, хууль хэрэгжих хугацааны талаар лавлаж байсан.

Төсөл санаачлагч гишүүн Б.Ундармаа, 2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Үдийн цай” хөтөлбөрт тусгасан нэг хүүхдэд ногдох зардал болох 600 төгрөгийг 1200 төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвт оруулсан ч хасагдсан байна.  Хууль батлагдаж, “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжсэнээр сургууль бүрт мэргэжлийн хоол зүйч, тогооч ажиллуулж, тусгай гал тогооны тоног төхөөрөмжөөр хангагдсанаар төсөвт тусгагдсан  600 төгрөгтөө багтсан шим тэжээлтэй хоол хүнсээр хүүхдээ хангах боломж бүрдэх юм. Хууль батлагдвал “Үдийн хоол” хөтөлбөр 2019 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжинэ гэж хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Нэг хүүхдийн үдийн цайны өдрийн норматив 600 төгрөгөөр тогтоосон ч гал тогооны түрээс, бусад урсгал зардлын улмаас  нэг хүүхэд 200-300 төгрөгийн өртөгт таарсан шим тэжээлгүй хүнс хэрэглэж байна” гэж нэмж тайлбарлав. Мөн тэрбээр, “Үдийн хоол” хөтөлбөр батлагдан 2019 оноос хэрэгжвэл ерөнхий боловсролын сургуулиудыг гал тогооны тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн хоол зүйч, тогоочийн цалин зэрэг зардалд 300 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэхдээ хүүхдүүдээ эрүүл чанартай, шим тэжээлтэй хоолоор хангах нь нийгмийн хамгааллын асуудал төдийгүй төрийн бодлогын салшгүй хэсэг агуулагдаж байгааг ойлгох хэрэгтэй гэж байлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ


Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй