Шууд Chart

С.Батболд: Тавантолгойн  асуудал дээр төрийн байгууллагууд хамтарч чадахгүй байна

2018-10-17 10:58:33

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдтой Тавантолгойн бүс нутаг дахь нүүрс тээвэрлэлт болоод зарим орчин нөхцөлийг сайжруулах боломжийн талаар ярилцлаа.  

-Ойрын ирээдүйд нүүрсний тээврийг нэмэгдүүлэх ямар гарц байна?

-Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд жилдээ 20 гаруй сая тонн нүүрс тээвэрлэж байна. Гэтэл уурхайнууд, худалдан авагчид  үүнээс илүүг  тээвэрлэж худалдаалахыг  хүсдэг.  Тийм учраас ЗТХЯ,  бусад холбогдох байгууллага нүүрсний экспортын гарцыг нэмэхийн тулд нэгд, Гашуусухайт авто замын хүчин чадлыг нь нэмж хос зам барихаар концессийн сонгон шалгаруулалтаа зарлаад, аж ахуйн нэгжүүд нь шалгараад явж байна. Мөн энэ жилээс гацаанд байсан төмөр замын асуудал шийдэгдэж байна. Ер нь  өдөрт 2500 автомашин нүүрс тээвэрлэх  боломжтой гэж үздэг.  Энэ тохиолдолд  жилд 40 орчим сая тонн нүүрс гаргах боломжтой. Гэсэн ч  өнөөдөр ингэж чадахгүй. Дээд тал нь 1300-1400  автомашин гарч  байна.  Хоёрдугаарт, Дорноговийн  Хангийн боомт руу тээвэр хийхийг  худалдан авагчид хүсдэг.  Тавантолгойн уурхайгаас  400-аад км зайтай Хангийн боомт одоохондоо ачаалал багатай, өдөрт 80-100 машин л  гарч байна.   Дараагийн нэг гарц бол төмөр замын гол шугам руу холбогдож, зөвхөн Гашуунсухайт боомтоор биш, Орос, Хятадаар дамжаад гурав дахь зах зээл рүү гарахыг аж ахуйн нэгжүүд мөн хүсч байна.  Тийм учраас Тавантолгойгоос Сайншанд, Зүүнбаян, Чойр руу авто замаар холбогдоод  тэндээсээ төмөр замаар ачих боломж нөхцөлийг  манай яам судалж  байна.

-Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл шинээр барих замын тухайд   яг хэдэн тн-ын даацтай ямар зам барихаар төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн жилд Авто замын тухай хуульд өөрчлөлт  орсноор  тусгай мэргэжлийн зам гэж шинэ ангиллын зам гарч ирсэн.  Уул уурхайн бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээний замынх шиг үзүүлэлтээр тээвэрлэх юм бол тээвэрлэлтийн үр ашиг мэдээж байхгүй.  Авто тээвэр төмөр замыг бодоход  зардал өндөр. Яг өнөөдрийн мэдээгээр  “Ганц мод”-ны боомт дээр угаасан нүүрс 132 орчим долларын үнэтэй, түүхий нүүрс буюу коксжих нүүрс  120 гаруй долларын үнэтэй байна. Гэтэл өнөөдөр авто замын  тээвэрлэлтийн  зардал 1 тонн тутамд 30 гаруй ам доллар ногдож байна. Үүнд тээврийн зардал, авто замын хураамж, “Цагаан хад” дээр буулгаж, ачиж буй зардал гээд бүгд орно. Нүүрсний үнийн 24-30 орчим хувийг эдгээр зардал эзэлж байна гэсэн үг. Тиймээс ч тээвэр логистикийн өндөр зардлыг  бууруулах нь  хамгийн чухал. Гэтэл Гашуунсухайт төмөр замын ТЭЗҮ-ээр  1 тонн нүүрсийг 7 доллароор яг энэ маршрутаар “Ганц мод” боомтод   хүргэж  өгөх тооцоо байна.  7 доллар гэдэг бол өнөөдрийн ханшаар 5 орчим  хувь  нь  гэсэн үг.  

Тусгай зориулалтын зам нь  зөвхөн дотоодын хууль тогтоомжоор зохицуулагдах, мөн нэг тэнхлэгт нь 18 тонн ачаалал ногдохоор нийтдээ ачаатай болон ачаагүй тээврийн хэрэгслийн жин нь 95 тонн байхаар зохицуулсан байдаг.  Ингэж тооцоод машины 25 тн-ыг хасахаар цаана нь 65-70 орчим тн  нүүрс тээвэрлэх боломжтой. Шинээр барих  зам яг ийм байдлаар төлөвлөгдөж байна.

-Шинэ  замыг  хэзээ барьж дуусгахаар төлөвлөж байна вэ?

-Ер нь хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн.   Хүнд даацынх учраас бетонон суурьтай, нэлээн ажиллагаа  ихтэй, өртөг өндөртэй байх болов уу.

-Тавантолгойд зарим компани  замын ачаалал, өртөг зардлыг бууруулахын тулд машинаа чиргүүлтэй явуулдаг туршлага ч байна. Ийм байдлаар яг өнөөдрийн хувьд нүүрс тээвэрлэлтэд бага ч гэлээ  зохицуулалтууд хэрэгтэй юм болов уу гэж  санагдах юм?

-Сая шинээр гарсан Тусгай зориулалтын замын тухай журмаар чиргүүл чирч явах зохицуулалт орж ирсэн.   Даанч  чиргүүл чирээд явахаар 40-өөд метр урт цуваа болно.  Огцом эргэлт, уруу гэсэн Тавантолгойн замын өнөөгийн  нөхцөлд энэ нь хэр тохирох бол.  Харамсалтай нь зам нарийхан учир тээвэрлэлт хийх нөхцөлийг  хангаж чадахгүй байна.  

-Нүүрс тээвэр, экспортыг тухайн үйлдвэрлэлийг эрхэлж байгаа иргэдийн  ажиллах орчин нөхцөлтэй нь хамтад нь ярихгүй байна гэж Тавантолгойн бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд шүүмжилдэг.  Энэ тал дээр таны байр суурь?

-Өнөөдөр хил гааль, уурхай, зам, тээвэр дээр гээд түгжрэл аль аль шатандаа байна.   Эдгээр  гацааг  арилгахгүй бол түгжрэл арилахгүй. Нэгдүгээрт, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбооны асуудал. Хоёрдугаарт, гадаад хүчин зүйлс. Хятадтай шууд холбоотой. Өнөөдөр Хятад улс нүүрс тээвэрлэлт дээр өөрийн талыг  оруулах сонирхолтой  байдаг. Ингэхийн тулд тодорхой хязгаарлалтыг хийгээд байгаа.  Үүнийг  хэрхэн зохицуулах талаар Засгийн газар ярьж байна. Бид уурхайнуудтай ч  ажиллаж байна.  Нүүрс тээвэр гацахаар  жолооч нар зам дээр хононо.  Ингээд хонож өнжихөөр өнөө хоол, унд, эрүүл мэндийн үйлчилгээ,  архи дарс,  тоглоом наадмын асуудал гарч ирнэ. Энэ бүхнийг  дагаж хэрэг зөрчил ч нэмэгдэнэ.  Харин энэ жил зам тээвэртэй холбоотой хүн амины осол  буурсан гэсэн мэдээ байна. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл  /2018.01 сараас 09 сар хүртэл/ 206 удаагийн осол гарсан,  зам тээврийн ослоор 3 хүн нас барсан.  Хоорондоо зодолдож байгаад нэгнийхээ аминд хүрсэн  тохиолдол  бас бий.  Тавантолгойн асуудлыг шийдэж, ажлаа сайжруулахын тулд бүх оролцогч талууд  хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм.  

-Төрийн байгууллагууд ингэж  хамтарч  чадаж байна уу?

-Хамтарч чадахгүй байна.  Жишээ нь, гаалийн тухайд хилээр гарахад лац өгдөг. Үүнийгээ ядаж гарц,  хаалганы тоогоор өгөх гэх зэргээр.  Бид жолооч нарын нийгмийн асуудалд анхаарах үүднээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалд хамрагдсан жолооч нарыг  тээвэрт явуулж байгаа. Энэ талын ажил  нэлээн сайн хэрэгжиж яваа.  Харин тээврийн жолооч нарын амрах орчин нөхцөл, засвар үйлчилгээ хийх кемпийн асуудал шийдэгдэхгүй байгаа нь үнэн.  Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй  гэсэн мөртлөө газар олдохгүй байна.  Өөрсдийн ажиллаж амьдрах, орон байрыг барих газар олдохгүй байна. Дандаа лицензтэй байх жишээтэй.  Жишээ нь, Шивээхүрэнгийн боомтоор  тээвэр хийж буй 5-6 мянган машин бий.  Тэдгээр  тээврийн компаниуд  нь  Монголд бүртгэлтэй ч  Хятадын нутагт  байр байшингаа барьчихсан  ажиллаж байна.  Хилээс 25 км-ээс дотогш газар  бүгд лицензтэй байх жишээтэй.  Хэдий ийм боловч бид зохих хэмжээгээр асуудлыг шийдээд явж байна.  Өнгөрсөн 4 сард Засгийн газраас БХБЯ, манай яам хоёр асуудал  оруулж байгаад Гашуунсухайт боомтоос 8 км орчимд нэг аж ахуйн нэгжид 43 га газар шийдвэрлэж өгсөн. Одоо жолооч нарын  хооллож, амарч,  усанд ордог асуудлыг шийдэхээр  цогцолбор  барьж байгуулах ажил  эхэлчихсэн явж байна. Мөн Цогтцэций сумаас 10 км зайд бас нэг аж ахуйн нэгжид 10 га газар авч өгсөн. Тэнд тээвэрчдийн хотхон байгуулахаар ажиллаж байгаа.

-Нүүрс тээвэрлэгч нартай уулзахад дийлэнх машины эзэд нь  Хятадууд байдаг  юм байна.  Тэд машинаа бариулж мөнгө л олж байвал гэсэн сэтгэлгээтэй байдаг тухай зарим нь тэднийг шүүмжилдэг?

-Төрийн байгууллагууд  энэ асуудал дээр бас ойлголцохгүй байгаа. Өнөөдөр Гашуунсухайт  чиглэлд тээвэр хийж буй компанийн 60 орчим хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай, Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд.  Өнөөдөр 14-15 мянган тээврийн хэрэгсэл нүүрсэнд явж байна. 14-15 мянган жолооч гэсэн үг. Энд нэг ч Хятад жолоочийг  бид ажиллуулаагүй.   Нэг ч гэсэн монгол хүн ажилтай,  амьдралтай байг гээд Хятадын компанийг оруулж  ирэхгүй  байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулагч нь хятад боловч  Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд тээвэр хийдэг. Үүнд ашиг орлого, татвараа авах  асуудал ч орж байгаа.  

- Тавантолгойн жолооч нартай уулзаж байхад “Би Эрүүл мэнд, Нийгмийн даатгал төлмөөргүй байна”  гэх нь байна.  Мөн  ямар ч туршлагагүй  хүмүүс тээвэр хийж байгаагаас осол их гарч байгааг хэлж байсан. Цаашдаа  жолооч нарыг хэрхэн хариуцлагажуулах  вэ?

-Манайхан нэг талдаа маш их өндөр эрх эдлэхийг хүсдэг. Нөгөө талд хариуцлага байхгүй.  Зөвхөн нэг удаагийн жаахан ахиухан л мөнгө хүсээд байдаг. Бид жолооч нарын дунд судалгаа хийж үзсэн.  Тэгэхэд Тавантолгойн нийт жолоочийн 10 хувь  нь цалингаараа тоглоод, уугаад явж  байна гэсэн дүн гарсан.  Гэр орноо өөд нь татаад, дараагийн ажлаа төлөвлөөд явж буй жолооч нар ч олон бий.  Сард 15 сая төгрөгийн цалин авч байхад 300-400 мянган төгрөгийн цалинтай жолооч  ч бий.  Гэхдээ бүгдэд нь боломж бий. Тийм учраас бид аж ахуйн нэгжүүдээ шахаж жолооч нарт  аль болох тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэхийг сануулдаг.  Манай яаманд жолоочийн мэдээлэлтэй холбоотой тээвэр зохицуулалтын мэдээллийн санг байгуулаад  дуусч байна. Энд жолоочийн хариуцлагатай холбоотой асуудал бүртгэгдэнэ. Цагдаа болон манайд бүртгэгдээд мэдээлэл нь нэг санд орно. Зөрчлийн оноо нь нэмэгдэх тохиолдолд  тухайн жолоочийг тээвэрт  оролцуулахгүй байх арга хэмжээг авч эхэлнэ.                                                                   

Нийтэлсэн: Д.Даваадулам

С.Батболд: Тавантолгойн  асуудал дээр төрийн байгууллагууд хамтарч чадахгүй байна  
Үзсэн: 1567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй