Шууд Chart

“Тавантолгой”-нхны эрх ноцтой зөрчигдсөнийг нотоллоо. Тэгээд яах вэ...

2018-10-24 14:17:58

Тавантолгойн бүлэг уурхайн олборлолт, тээвэрлэлтэд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангуулах, мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Улмаар дээрх эрхийн зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай байна.”

Бодлогын инновацийн хүрээлэнгийн судалгааны дүгнэлтээс

Задалж яривал 7000-10 000 орчим хүн байнга амьдарч, ажилладаг  Цогтцэцийн суурингаас  1-10 км-т нүүрсийг ил аргаар олборлодог. “ЭТТ” компани уурхайн амнаас Гашуун сухайтын зам хүртэл шороон замаар нүүрсээ тээвэрлэдэг. Эдгээр нөхцөл байдал сумын тоос, тоосжилт байх хэмжээнээс 10-15 дахин ихэсэхэд гол нөлөө үзүүлсэн гэж үзжээ.  Цогтцэций сумын нийт өвчтэй хүмүүсийн  тал хувь  нь  амьсгалын замын өвчнөөр оношилогдсон,   сумын өвчлөл  ихэнхи сумаас  15-20 дахин өндөр болсон. Гэсэн ч  “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой”, ”“Энержи ресурс” компанийн уурхайнууд тоосны хэмжилт, түүнтэй холбоотой  мэдээллээ  солилцдоггүй, мэдээлэл нь ил тод бус гээд нийгмийн хариуцлага маш бага   байгааг  судалгаанд өгүүлсэн байна.  

Сүүлийн 8 жилд  Цогтцэций сумын хүн ам  3  дахин өсөж буй ч   төсвөөс олгох эрүүл мэнд, нийгмийн зардал нь огт  нэмэгдээгүй,  нүүрсний тээвэр хэт ихэснээс Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гарч, тэр хэмжээгээр  иргэд эд хөрөнгөөрөө хохирдог,  сард нэг хүн амь насаа алддаг гээд нүүрс олборлолт нэмэгдэх бүр дагаж өсч буй  хүний  эрхийн ноцтой зөрчлүүдийг  уртаар жагсааж болохоор байна.

 Энэ бол  ХЭҮК-ийн захиалга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Шведийн БО-ны агентлагийн дэмжлэгээр  “Бодлогын инновацийн хүрээлэн”–ээс  Таван  толгойн бүлэг ордод хийсэн судалгааны дүн.

ХЭҮК 2017-2018 онд хийсэн тус судалгааны дүнг  холбогдох байгууллага, орон нутгийн удирдлага, иргэдэд хүргэхээр энэ сарын 18, 19-ны өдөр  Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций  суманд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт  аймаг, сумын удирдлага, орон нутаг дахь төрийн  зарим байгууллага, УУХҮЯ, ЭМЯ, “ЭТТ” ХК, “ТТ” ХК, “Энержи ресурс” ХХК  компани, мөн нүүрсний тээвэрчдийн  төлөөлөл оролцлоо. Харин БОАЖ-ийн яам ирээгүйг оролцогчид шүүмжиллээ.  

"Цагаан хад"-ны үйл ажиллагааг түр  зогсоох санал  гаргалаа

Тавантолгойн нүүрсийг өнөөдөр 12 000 жолооч тээвэрлэж байгаа юм.  Тэдгээр жолооч нарын  90 хувь нь эрүүл мэндийн анхан шатны оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжгүй байгаа нь судалгаагаар гарчээ. Тухайлбал  нүүрс олборлолт, экспортоор тэргүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК, мөн орон нутгийн гэгддэг  “Таван толгой” ХК нь нүүрс худалдан авагч “Шэнхуа”, “Чалко”, “Вэйнсвэй”, “Пушин” зэрэг компанид тээвэрлэлтийн асуудлаа даатгаж, тэдэнд ямар нэгэн шаардлага тавихаас зайлсхийж байгааг судалгаанд  өгүүлжээ. 

ХЭҮК-ийн ажлын албаны дарга Ч.Алтангэрэл: “Ялангуяа  “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компани нүүрс худалдан авагч компаниуддаа тэээрлэлтээ  даатгаад өөрсдөө хариуцлагаас бултах   зайлсхийх, өөрөө  ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа   байдал нь асуудлыг улам бүр даамжруулж байна. Энэ хандлагыг эрс өөрчлөх ёстой. Нийт жолоочийн 90 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ, анхан шатны тусламж, даатгал зэрэгт хамрагдахгүй байна.  МУ-ын хөдөлмөрийн тухай хууль болон бусад  хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхээ  эдлэх,  эрхээ шаардах боломжгүй байна гэж гарч ирсэн. Мөн  БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль тогтоомж зөрчсөн  тохиолдолд эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах болмжгүй байна  гэсэн асуудал ихээр гарч ирж байна”

Мөн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсд хүний эрх ноцтой зөрчигдснийг Бодлогын инновацийн хүрээлэнгийн  судалгааны тайланд өгүүлжээ.  Цахилгаан үүсгүүр, усаа зөөврөөр авч хэрэглэдэг,  суурингийн ямар ч төлөвлөлтгүй тус газарт өнөөдөр 15 000 хүн ирж очин амьдардаг гэсэн албан бус тоо бий. Харин ҮСХ-ны бүртгэлээр  75 хүүхэд амьдардаг байх нь.  Тиймээс хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах наад захын нөхцөлийг хангах хүртэл Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг түр  хаах зөвлөмжийг  ХЭҮК гаргасан байна.

 Зураг,  төсөв нь бэлэн зам баригдахыг 4 жил хүлээсэн гэв                  

Тавантолгойн бүлэг орд дахь уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн нөлөөллийг бууруулахад  хаа хаанаа анхаарахгүй бол байдал улам бүр дордож, доройтож байгааг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байлаа.  МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрсөн 4-р сард Таван толгойн нөхцөл байдалтай танилцаж, тодорхой үүрэг даалгаврыг шат шатанд өгсөн. Гэсэн ч доороо хэрэгжих нь удаан байгааг  нутгийн иргэд шүүмчилэв.  Тухайлбал төсөв хөрөнгө, зураг нь бэлэн болчихсон УБ-Цогтцэций сумын  59 км замыг барих гэсээр 4 жил болж байгааг сумын Засаг дарга ийн мэдэгдэв.

 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч: “Өнөөдөр энэ замын ажил Үндэсний хөгжлийн хороо,  Сангийн яаман дээр гацчихаад байж байна. Концессийн гэрээгээр өнгөрсөн оны 11 сарын 29-нд  800 сая төгрөгөө байршуулчихаад байхад  зөвлөхийн тендэрийг МУ-ын Ерөнхий сайдыг  улсын хилээр наашаа давдаг өдөр зарлаж байгаа юм. Таван  сар гацаасан гэсэн үг.  Зураг төсөв батлагдаад 4 жил, зам тавих компани нь шалгараад 2 жил болж байна. Ажил хийх гэсэн компаниуд  нь Цогтцэций сумын нутаг дээр буучихсан кемп, үйлдвэрээ байгуулчихсан байж байхад өнөөдөр ч энэ асуудал гацаатай л байнаМөн У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа 2016 оны 11 сард  “ЭТТ” ХК-д  уурхайн амнаас Гашуун сухайтын зам хүртэлх хамгийн их тоос дэгдээдэг газарт  зам тавих чиглэл өгсөн.  Ингээд “ЭТТ” компани  8,2 км замыг  энэ онд ашиглалтад оруулна эгж байсан ч бас л  чадахгүй болж байна” 

18 мянган хүн амд үйлчлэх ёстой  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлгийн ачаалал Таван толгойн уурхайн үйл ажиллагаа эрчимжсэнээр 2 дахин нэмэгджээ. Үүнээс болж өвчтөнүүдэд бүрэн үйлчилгээ үзүүлж чаддаггүй, эмнэлгийн ажиллагсад 2-3 дахин ачаалалтай ажилладаг, жил бүр өр хуримтлагддаг  гээд  асуудлууд өдөр ирэх бүр нэмэгдэж буйг Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч н.Сэлэнгэ мөн мэдэгдэв.   

ЭМЯ ч Цогтцэций сумын сум дундын эмнэлгийг  нэгдсэн эмнэлэг болгон өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэнээ хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.

ЭМЯ-ны мэргэжилтэн Я.Болормаа: “ЭМЯ-ны газрын дарга энэ 7 хоногт  Цогтцэцийн сум дундын эмнэлгийн  нөхцөл байдалтай танилцаад  үнэхээр нэгдсэн эмнэлэг болгох шаардлагатай юм байна гэж үзсэн.  Гэхдээ  нэгдсэн эмнэлэг байгуулснаар, эмнэлгийг  томруулснаар  эрүүл мэндийн асуудлыг шийдэхгүй.  Бусад салбарын нөлөөлөл их байна. Компаниуд нь замаа тавьчихвал осол гэмтэл, тоосжилт буурч  өвчлөл багасна.  Мөн ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах нь чухал байна.”                         

Төрийн ажил мөнгөгүй  гэх сэтгэлгээнд  чөдөрлүүлж буйг шүүмжлэв

"Баян зам" ТББ-ын тэргүүн М.Нямжав  дээрх хэлэлцүүлгийн үеэр ингэж мэдэгдэж байсан юм.  Тэрээр  “сүүлийн 8 жил  бусад жолооч нарын адил гэр бүлтэйгээ биш “явдаг нүүрстэй”  хамт ажиллаж, амьдарч байна” гээд  Гашуунсухайтын замын түгжрэл, ослыг бууруулахад хувь нэмэр оруулах гэж  зарим ажлыг санаачлан жолооч нөхөд, тэдний гэргий нартай хамтран  хийж байгаагаа танилцууллаа.

"Баян зам" ТББ-ын тэргүүн М.Нямжав”Эрдэнэс Монгол” компанид асуудлуудаа тавихад үнэхээр хол юм билээ.  Ер нь төрийн албаны  хүмүүс  “Бидэнд мөнгө байхгүй. Манайх  төрийн байгууллага” гэдэг байсан. Өнөөдрийн байдлаар жолооч нарын гэргий “Хурдлахгүй шүү”, “Хурд 40-50 км шүү” гэсэн бичигтэй 400 ширхэг хулдаасан хэвлэлийг  машинуудад уяж өгөөд явж байна. Мөн жолоочийн гэргий нарын дунд  ханьдаа бичих захидлын уралдаан зарлаж, эздэд нь захидлыг нь гардуулж өгөөд байна. Замын хөдөлгөөний соёл, хүндэтгэл хүлээцтэй байхад энэ ажил нөлөөлж чадах болов уу.  Гашуун сухайтын зам дээр өдөрт 10-аад  осол бүртгэгдэж байсан бол ийм ажил хийх үед эрс буурсан.”

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын мэргэжилтэн Г.Намчинсүрэн“Тавантолгойн нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг энэ оны 6 сард батлуулан ажиллаж байна. Тогтоолд автозам, төмөр зам, усан хангамж, цахилгаан станцуудыг барьж байгуулах талаар үүрэг өгсөн. Үүний дагуу Таван толгойд хүнд даацын авто замыг өргөтгөн барих концессийн гэрээ байгуулах асуудал ЗГ-т ойрын үед орох болов уу. Төмөр замын ажил бас хэдэн хэдэн хувилбараар явж байна. Төмөр замын суурь бүтцийн  51 хувь нь төрийн эзэмшилд байх ёстой гээд хуульчлаад өгсөн байдаг. Хөрөнгө босгох ажил дээр “ЭТТ” болон бусад уул уурхайн компаниуд оролцох сонирхлоо илэрхийлдэг.

Зөрчил  гаргагчдын үйл ажиллагааг зогсоох зөвлөмж гаргалаа

ХЭҮК Тавантолгойн бүлэг орд дахь төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг  судлаад  УИХ, ЗГ-ын төвшинд асуудлыг хэлэлцэж, шийдэх ёстой гэсэн зөвлөмж гаргалаа. Харилцан зөвшилцлийн ажлын хэсэг гаргаж ажиллуулах санал дээр ч  орон нутгийн удирдлага, иргэд, компаниудын төлөөлөл  нэгдлээ.  

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж: “Хүний эрх гэж юу юм бэ. Нийгэмдээ амьдрах боломж нөхцлийг хэлж байгаа юм. Тэр боломж нөхцөлийг хамгийн түрүүнд тэнд байгаа иргэдэд хангаж өгөөч гэж байгаа юм. “ЭТТ” компани гэхэд  Агаарын бохирдлын санд жилд 10 тэрбум төгрөг төвлөрүүлдэг юм байна. Гэтэл нэг ч төгрөг тэр агаарын бохирдолд өртөж байгаа хүмүүст зориулагдаггүй.   Энэ шударга явдал мөн үү. Үүнээс л ажил эхлэх ёстой. Тийм учраас хуульд ч өөрчлөлт оруулах шаардлага байна. Орон нутагт стратегийн ач холбогдолтой уул уурхай ажилласнаар нутгийн иргэд хохирох бус харин ч тэд  бусдаас түрүүнд үр шимийг нь хүртэх ёстой.”

-Танай тайлангаар хүний эрхтэй холбоотой ноцтой мэдээлэл цөөнгүй байна. Олон талын зөвлөмж гаргалаа. Яаж ажил хэрэг болгох вэ?  

-Хууль, бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайдад зөвлөмж хүргэж, биелэлтийг нь шаардаж ажиллана.

-ХЭҮК 2012 оноос Тавантолгойн асуудалд анхаарал хандуулж эхэлсэн гэсэнНөхцөл байдал яагаад ингэж хуримтлагдсан гэж үзэж байна?

-Ерөөсөө бие бие рүүгээ түлхдэг зовлон ярьдаг асуудалд гол нь байгаа юм.

Тавантолгойн орд дахь бүхий л үйл ажиллагаа орон нутгийн иргэд, тэнд ажиллагсдын эрхийг ноцтой зөрчиж байгааг  хөндлөнгийн, хараат бус, иж бүрэн судалгаагаар анх удаа гаргаж байгаа нь энэ. Тухайн орд уурхайн ажил эрчимжсэн 2010 оноос хойш сэтгүүлчид, хүний эрхийн төлөөх зарим байгууллага, орон нутгийн удирдлага, иргэд энэ асуудлыг сөхөж, нэг биш удаа шүүмжилж байсан. Гэсэн ч олонхи нь энэ ордын бүхий л асуудлыг  зөвхөн “орлого, ашиг” аар төлөөлүүлэн ярьж, энэ хүрээнд л ойлгож ирлээ. Нэг үгээр биднийг тэжээж байгаа нүүрсийг хүн  үйлдвэрлэдэг, үйлдвэрлэлийнх нь дэргэд  сум суурин байдаг  гэдгийг мартсан байлаа.

-Тавантолгойн бүс нутгийнхны, тээвэрчдийн эрх ноцтой зөрчигдөж буйг ийн нотоллоо. Нотлоод яах вэ?

 ХЭҮК-оос гаргаж буй зөвлөмж

 

-Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааны улмаас хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг УИХ-ын Хүний

эрхийн дэд хороогоор хэлэлцүүлж, хүний эрхтэй холбоотой зөрчлийг арилгах ажлын явцын талаар улирал бүр тайлагнах үүргийг Засгийн газарт үүрэг болгох

- Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрдөхгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас хүний амь нас, эрүүл

мэнд, хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулж, хүний эрхийн зөрчил гаргасаар буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох

шаардлагыг хүргүүлэх, улмаар одоогийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй, харилцан уялдаатай арга хэмжээг төрийн холбогдох

байгууллага, уурхайн компаниуд, бусад аж ахуйн нэгжүүд авч хэрэгжүүлэхийг даалгах, хэрэгжилтийг үнэлэх

-Хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах наад захын нөхцөлийг хангах хүртэл Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох, мөн

Хөдөлмөр, эрүүл ахуйн стандартыг мөрдөөгүй, мөрдөхөөс татгалзсан тээврийн байгууллагууд, нийтийн хоолны газар, засвар үйлчилгээний газрын үйл  ажиллагааг түр зогсоох, холбогдох Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах

- Энэхүү танилцуулж буй Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх, Оролцогч талуудын зөвшилцлийн механизм бүрдүүлэх, байгаль орчны, хог хаягдлын, тээвэрлэлтийн зэрэг асуудлаар хамтарсан хяналт, мониторингийн тогтолцоотой болох, тулгарч буй бэрхшээл, саадыг шийдвэрлэх, шаардлагатай төсөв, хөрөнгийг дундын санд төвлөрүүлж, хамтарсан шийдвэр гаргах зэргээр хамтын  хүчин чармайлт гаргах гэх мэт.  

      

Нийтэлсэн: Д.Даваадулам

“Тавантолгой”-нхны эрх ноцтой зөрчигдсөнийг нотоллоо. Тэгээд яах вэ...   
Үзсэн: 4505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2018-10-25 20:47
ёо миний ийм их эрх зөрчигддөг юм уу

Бидэнтэй нэгдээрэй