Шууд Chart

Ч.Ганзориг: Улс төржилтөөс болж тамирдаж байна

2019-01-08 10:52:16

Өнөөдөр дэлхийн ТОП их сургуулиуд инноваци, энтерпрэнершипийн үйл ажиллагаагаараа хөгжингүй орнуудын энтэй баялаг бүтээж байна. Жилд дунджаар 4000 орчим гарааны бизнесийг бий болгож, олсон  баялагаараа  үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 улстай өрсөлддөж буй их сургууль ч бий гэх юм билээ. Хөгжлийн ийм л чиг хандлага руу залуусыг уриалж, сургахыг зорьж, инноваци, энтрепренершипийн  хөдөлгөөнийг  бэхжүүлэхийн  төлөө ажиллаж буй “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, хими болон техникийн ухааны доктор Чимидийн Ганзоригийг Монголын радиогийн “Асуулт байна” нэвтрүүтэгт урьж ярилцлаа. 

-“Шинэ Монгол” сургуулийн Инноваци, технологийн төвийн нээлтэд АНУ-ын тэрбумтан оролцож, лекц уншлаа гэж мэдээлж байсан. Энэ мэдээллээс ярилцлагаа эхэлье.

-“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн Инноваци, технологийн төв өчигдөр /2018 оны 11  сарын 16-нд/ нээгдлээ. АНУ-ын тэрбумтан бизнесмен Терри Жонс   манай сургууль дээр ирж оюутан залуучуудад ирээдүйд гарааны бизнесээ хэрхэн яаж эхлэх талаар сонирхолтой лекцийг уншлаа.  Хүмүүс дандаа амжилттай компаниудыг ихэвчлэн ярьдаг. Гэтэл энэ хүн дандаа алдаж, эрсдэлд орж, унаж байсан гарааны компаниуд, мөн өөрийнхөө байгуулсан 5 старт апп-ын тухай ярьж, оюутан залуусд маань үнэтэй зөвлөгөө өглөө.  Монголд нийт 8-10 лекц уншина гэж ярьж байна лээ. Манай сургуулийн хаяг руу орж тэр лекцүүдийг авах боломжтой.

-Та өмнө нь МУИС-д ажиллаж байхдаа бас ийм төв байгуулж байсан.  “Шинэ Монгол”-ынх хоёр дахь нь уу?

-Би 2008 онд МУИС-ийн Сургууль эрхэлсэн тэргүүн дэд захирал, 2010-2013 онд  МУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа  С.Төмөр-Очир захирлын удирдлагаар МУИС дээр анхны технологи дамжуулах төвийг  н.Дамдинбаяр, н.Батхуяг, н.Энх-тайван  гурван залуутай байгуулсан. Өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна.   Олон залуу судлаач, багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг гаргасан. Энэ төвөөр МУИС-ийн багш, доктор, оюутнуудаас гадна бусад их дээд сургуулийн оюутнууд ч үйлчлүүлдэг сайхан нээлттэй төвийн суурийг тавьсандаа баярлаж явдаг. Хамтран үүсгэн байгуулсан залуустаа баярлалаа.

-“Бизнес хийх юм бол их дээд сургуулиа түшиж, технологи руу ороорой” гэж та хэлдэг. Таны хэлээд буй энэ бодлого чиглэл  манайд ямар төвшинд байна?

-Ер нь инновацийг дотор нь нийгмийн, технологийн гэж хоёр ангилдаг. Монголд миний ажиглалтаар нийгмийн инноваци түлхүү хөгжих хандлага байна. Хүмүүсийн мэдэж байгаа “пицца хат”,  дэлгүүрүүдийн сүлжээ, шатахуун түгээх станцууд, кофе шопуудын үйл ажиллагааны шинэлэг тал нь нийгмийн инновацаар гарч ирж байна. Технологийн инноваци бол яах аргагүй их сургууль, шинжлэх ухааны байгууллагын оюуны өмчийн эрхээр хамгаалагдан гарч ирдэг учир үүнд судалгаа хэрэгтэй. Энэ технологийн инновацийг гаргаж ирсэн дэлхийн алдартай том компаниудыг ярихад “Гүүглэ”, “Фэйсбүүк”, манайхаас бол “Ай Ти Зон”, “Лэнд.мн” байна. Сүүлийн 5 жилд залуус технологийн инновацийг ОУ-ын зах зээлд гаргах тал дээр ажиллаж буй  нь ажиглагдаж байна. Үүнд монголын томоохон компаниуд,  хөрөнгө оруулж дэмжвэл залуусын оюуны өмчийг бизнест шилжүүлэхэд ойрхон байна.

-Инновацийн тухай хуулийг боловсруулахад та сургуулийнхаа багийг ахлан оролцож байсан. Тухайн үед бизнес эрхлэгч аж ахуй нэгж, их дээд сургуулиудын хооронд энэ чиглэлээр ойлголцож хамтран ажиллахдаа сул юм байна гэж дүгнэж байсан. Өнөөдөр яг ямар түвшинд хүрсэн бол?

-Тэр үед МУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал байсан учраас МУИС-ийн багийг ахалж энэ хуулийг гаргахад оролцож байсан. Үүндээ их баяртай байдаг. Энэ хууль 2012 онд батлагдсан. Тухайн үеийн хуулийн агуулгаар бол Монголын нийгэм эдийн засагт, их сургуулийн судалгаа инновацид томоохон дэвшлийг авчирсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд бусад хуулиуд дээр орох нэмэлт өөрчлөлтүүд, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө жаахан муу хийгдсэнээс өнөөг хүртэл хууль тааруухан хэрэгжиж байна. 2012 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хэр байгааг ажлын хэсэгтэй хамтран судлахад их сул байсан. Таван  жил өнгөрөхөд дорвитой томоохон ахиц гарахгүй байна. Инновацийг зөвхөн их сургууль, судлаачид хийдэггүй.  Мөн хувийн хэвшил, их дээд сургуулийн маш нандин хамтын ажиллагаа, харилцан ойлголцох соёлын том тогтолцоон дээр  бидний хүсээд байгаа гарааны бизнес үр дүнгээ өгнө.

Ер нь инновацийн гол хөдөлгөгч хүч нь  их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагаа. Үүнийг хүмүүс анзаардаггүй. Манай залуучууд  инноваци, гарааны бизнесийн хандлага, соёл, ур чадваруудыг эзэмших тал дээр маш их мэдээлэлтэй байгаад би бахархаж байна.  Тэднээс өөр хөгжил дэвшил ажиглагддаг. Үүнийг миний үеийнхэн, дунд насныхан,  гарааны бизнесийг байгуулах гэж  унаж, босч байсан дунд үеийнхэн ажиглаж, дэмжиж бойжуулаасай. Бүгд энэ талаар нэг ижил хэл, соёлтой байж, ижил түвшинд  ярьж байвал  босгож чадахгүй зүйл гэж байхгүй.

-Би энтерпрэнершипийн талаар ганц нэг тодорхойлолтыг харлаа. Дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэн байгуулагч Блүүмбэргийн хувьд  “аль нэг бэрхшээлийг давуу тал, боломж болгосон хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон байх юм.

-Ер нь янз бүрийн тодорхойлолтууд бий.  Энэ үг франц, итали гаралтай. Язгуур нь урьд өмнө байгаагүй, шинэ бизнесийг эхлэх, үйл ажиллагаа эрхлэх гэсэн үг. Энэ нь тухайн хүний одоогийн байгаа хандлагыг л өөрчилдөг. Хоёрдугаарт, алдаагаа ойлголцоод юмыг шинэ өнцгөөр харах. Хуучин бидний  ээж аав, ахмад хүмүүс “шинэ бүтээл, оновчтой санал” гээд ажилладаг  байлаа шүү дээ. Түүний шинэ хэлбэр гэж хэлж болно. Монголчуудын хувьд шинэ зүйл биш. Үүнийг харин тухайн байгууллага, хувь хүн өөртөө брэнд болгох, өөрийн болгох арга зам, хандлагыг хэлээд байгаа юм. Дараа нь өөрийгөө хөгжүүлэх маш том платформ, том урсгал, мэдлэгийн соёл гэж ойлгож болно.  Энтерпрэнершип нь мэдлэгийн зургаа  дахь том өөрчлөлт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа юм.

-Бид үүнээс хоцорвол юу алдах вэ?

-Их олон айдастай үлдэнэ. Эрсдэл хийхээс айна. Мөрөөдөлгүй байх хандлага бий болно. Тасралтгүй сурах үйл ажиллагаа зогсож ч магадгүй. Тийм учраас инноваци бол  хүн цаг ямагт суралцах асар их мөрөөдлийг авчирдаг. Инноваци бол эрсдэлийг дандаа боломж талаас нь гаргаж ирж байдаг. Тиймээс алдаанаасаа  тасралтгүй суралцах, алдаагаа өөрөө ойлгодог,  бусдын үгийг сонсдог болох энэ сайхан соёл бүхэл бүтэн дэлхийн их сургуулиудыг өөрчилж байна. Шинжлэх ухааны байгууллагуудыг өөрчилж байна.  Бизнесийн орчинг өөрчилж байна. Үүнийг ялангуяа залуучууд их өөр өнцгөөс харж, түүн рүү айж эмээлгүй орох хэрэгтэй. Хамгийн энгийнээр хэлэхэд би залуусыг номын санд очоосой л гэж хэлэх байна. Ном их уншаасай. Бизнесийн хүмүүст ч гэсэн бас л ном уншаасай. Шинэ бүтээл, шинэ туршилтууд хийх гэж оролдоосой. Зөвхөн Америк, Япончуудын хийдэг зүйл гэж орхилгүй их бага хэмжээгээр ч гэсэн хийгээсэй. Их сургуулийнхан Засгийн газар ч юм уу, хууль болохгүй байна,  хөрөнгө оруулалт байхгүй байна гэж үглэж, тэднийг буруушаах гэхээс илүү хамтран ажиллаж, гарцуудыг хамтдаа хайж,  өөрсдөдөө тохирсон бизнес инновацийг  хийж сурах хэрэгтэй. Тэр мэдлэгээрээ ОУ-аас томоохон хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.  Гаднын их сургуулиудад гологдохгүй  чадварлаг залуучууд, оюутнуудыг бэлдэх ёстой. Үүнд нэг их төсөв хэрэггүй л дээ.  Монголын зах зээл, манай төсөв болж байна. Өөрсдийнхөө асуудлыг шийдчих юмыг л олж хараасай гэж хүсэж байгаа юм. Хамгийн энгийн зүйл дэлхийн нийтийн мэдээллийг интернетээр дамжуулан унших,  ном л их унших хэрэгтэй.

-Дэлхийн тэрбумтан танай сургууль дээр ирээд лекц уншихдаа дандаа унаж байсан гарааны бизнесийн туршлагуудаас ярьсныг та дээр хэллээ. Бид бол харин ихэвчлэн сайн, болж бүтсэн жишээг л  хайгаад, түүнээс суралцах гээд байдаг.

-Бидэнд  дандаа л амжилттай яваа хүмүүсийг дуурайх гэдэг хандлага бий. Гарааны компанийн 75 хувьд нь бүтэлгүйтдэг. Үүнд шантрах, буцах, мөрөөдлөө гээх гэсэн асуудлууд цөөнгүй гардаг. Хөрөнгө оруулалт байхгүйгээс зогсдог, баг нь тардаг, даампуурдаг гээд олон асуудлууд бий. Үүнд манлайлал хамгийн чухал. Гарааны компанийн хамгийн том давуу тал бол багийн ажиллагаа.  Терри Жонс дөчөөд жил ажиллахдаа таван  гарааны бизнесийг амжилттай босгосон. Мөн өөрийнх нь унагасан, амжилтгүй болгосон компаниуд маш олон бий гэдгийг хэлсэн.  Үүнд эмээж болохгүй. Шантарч болохгүй.  Ерөнхийдөө гарааны компани гэхээр одооны компани байгуулж байгаа мэтээр ойлгож болохгүй. Энэ бол жижигхэн өөрийнх нь бодож байсан бодол, нэг хуудас цаасан дээр бичсэн хамгийн анхны бизнес төлөвлөгөөнөөс л  старт апп  эхэлж байгаа юм. Би мөрөөдлөөс эхэлнэ гэж хардаг. Миний харж байгаагаар монголд энгийн инновацийн бүтээгдэхүүн 2-3 жилийн хугацаанд нөр их  хөдөлмөрийн үр шимээр  босно. Энэ хугацаанд тасралтгүй суралцана, мөрөөдөл нь өөрчлөгдөнө, баг нь тарна, хөрөнгө оруулалтгүй болно.  Гарааны бизнесийг зөвхөн мөнгө гэж харж болохгүй. Энэ бол мэдлэг, тухайн хүний бахархал. Оюутан залуучуудын ирээдүйг их гоёор төсөөлж харж байгаа. Хөрөнгө оруулагч, бизнесменүүд үүнд онцгой анхаарах ёстой. Та бүхний хамгийн том инженер, бизнесмэнүүд чинь оюутны ширээний ард сууж байна гэж хэлмээр байна. 

-Та өөрөө бизнесмен биш ч гарааны бизнес дээр ажиллаж байсан туршлагатай юм билээ. Босгосон, унагасан ямар бизнесүүд байгаа вэ?

-Би гарааны бизнес эрхлэх гэж байгаа оюутнуудад зөвлөгөө өгдөг. Хувь хүний хувьд “новелти” гээд нанотехнологийн старт аппыг байгуулаад найман  жил болж байна. Монголын зах зээл дээр тодорхой хэмжээгээр танигдсан. Шүршдэг,  гадаргуу дээр нимгэн үе үүсгэх үед тоос бага  тогтоодог, ус нэвтэрдэггүй  гээд монголын зах зээлд дээр танигдсан. Үүнийг Япон болон бусад оронд  гаргахаар гэрээ хэлэлцээр хийж байна. Миний хоёр дахь  дахь старт апп нь “Шинэ монгол” технологийн дээд сургууль.  Ж.Галбадрахтайгаа нийлээд нэрийг нь цаасан дээр бичихээс  эхэлж байлаа.  Одоо тав дахь  жилдээ үйл ажиллагаагаа эрхэлж  байна. Тодорхой хэмжээний зээлтэй, ашгаа өгч эхлээгүй л байгаа.  Миний гарааны бизнесүүд дотроос хамгийн хүнд нь энэ.  Гэхдээ дэлхийн түвшний инженерүүдийг бэлтгэнэ гээд ирээдүйгээ би их гоёоор харж байгаа.  Мөн гурав  дахь гарааны бизнесээ бодож байна.

-Таны  намтрыг  уншиж байхад Японы “Мицүбиши” компанид  таван  патент эзэмшдэг гэж байсан. Одоо хэвээрээ юу?

-1997-2006 он хүртэл Японд  10-аад жил Технологийн их сургуульд нанотехнологийн лабораторид судалгаа хийж байхдаа “Мицүбиши”, “Панасоник” компанид сэргээгдэх эрчим хүчний таван патент хийсэн байдаг.  Патентынхаа рояалтыг авчихсан. Энэ туршлагаараа Монгол нанотехнологийн анхны лабораторийг байгуулсан. Олон судлаач залуус энэ чиглэлээр бэлтгэгдэж байна. Саяхан манай нанотехнологийн  лабораторийн 10 жилийн ой болсон. Үүнээс дүгнэхэд нийт 80 гаруй ЭШ-ний  ОУ-ын өгүүллийг хэвлүүлсэн,  14 доктор хамгаалсан,  100 гаруй магистр гадаадын их дээд сургуульд суралцаад байна. Үүнд би өөрөө ч их гайхсан. Энэ бол зөвхөн МУИС-ийн байгалийн ухааны сургуулийн хими суурьтай хүүхдүүдийн бүтээл.  Үүнтэй адилаар инновацийн боловсрол, соёлыг хөгжүүлээд өгвөл монголын залуус ямар их оюуны,  бизнесийн чадвартай нь харагдана. Би ойрын 5-10 жилдээ монголд гарааны бизнес,  шинэ технологийн бизнес эрхлэх залууст зөвлөх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, мөн гадаадын их дээд сургуулиудад сургахад нь туслахаар төлөвлөж байна. Дээд боловсролын салбартаа тус нэмэр болъё. Мөн аж үйлдвэрлэгчиддээ сайхан инженерүүдийг бэлдэж өгье л гэж зүтгэж байна даа.

-Цахим орчныг ажиглахад бид улс төр, эсвэл аар саархан зүйлд цаг заваа их үрж  байна уу даа гэсэн бодол төрөх юм.  Энэ байдал  бидний цаг хугацаанаас хэр хумсалж хулгайлж байгаа бол таныхаар?

-Том утгаар бол нийгэм, эдийн засгийн хөгжилд, бидний ярианы хүрээнд инноваци, гарааны бизнесийг хамгийн хойш нь татаж, удаашруулж байгаа үйл явц.  Миний үеийнхнээс эхлээд оюутан залуус улс төржилтөөс болж тамирдаж байна. Үүнийг орхих хэрэгтэй. Улс төр бидэнд хөрөнгө оруулалт, мөнгө өгөхгүй. Бидэнд шаардлагатай тодорхой хуулиудыг гаргаад гацаагаад байсангүй. Бид зүгээр л ажлаа хийж, суралцах хэрэгтэй байна.  Би Японоос ирээд 10 жил болж байна. Ирэхэд л ийм  байсан. Одоо ч хэвээрээ л байна. Үүнийг  анзаарахгүй байж болохгүй, оролцоод байж болохгүй. Би өөрөө албан тушаал, карьер хөөх дургүй. Оюутнууддаа ч тэгж сургадаг. Ямар ч ажлыг голохгүй хий, суусан газраасаа шороо атгах боломж бий гэдэг.  Хамгийн гол нь мөрөөдлөө биелүүлэхийн төлөө маш шаргуу ажиллах хэрэгтэй. Суралцах хэрэгтэй.  Хөрөнгө оруулалт, мөнгө бол хоёр дахь зүйл.  Харж байхад  манай зарим оюутнууд их удаан.  Нийгэм өөрөө хоцрогдолтой, бухимдалтай  байна л даа.

-Таныг Японд байх үед тухайн орны  залуус хэр улс төрждөг байсан бэ?

-Арав гаруй жил Япон улсад амьдрахад энэ талын ойлголт нэг их аваагүй.  Ер нь профессорууд ч ярьдаггүй. Энэ бол их өөр систем.  Манайд өөрсдийгөө улс төрөөс хамаатай болгоод байдагт л их санаа зовдог.  Улс төр бол цөөхөн хүний  хийх ажил. Улс төрчид гэдэг чинь ард түмэндээ, их сургуульдаа, судлаачиддаа үйлчлэх үйлчилгээний  байгууллага. Үүнийг бид ойлгох хэрэгтэй. Хөдөлмөрийн хуваарийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Ч.Ганзориг: Улс төржилтөөс болж тамирдаж байна   
Үзсэн: 1959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бямбаа [127.0.0.xxx] 2019-01-08 12:09
Мундаг.

Бидэнтэй нэгдээрэй