Шууд Chart

“Утгын чимэг-22” наадмын түрүүг Өвөрхангайн зохиолч С.Дамдиндорж хүртлээ

2019-01-09 10:45:45

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй богино өгүүллэгийн . “Болор цом”-оос 14 насаар “дүү” “Утгын чимэг” ах наадамтай харьцуулахад “даруухан” зохион байгуулагддаг ч гэлээ үзэгч түмэнд өгөх утга зохиолын охь шим нь адил билээ.

Энэ жилийн утгын чимэг наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд үргэлжилсэн үгийн мастерууд багтсан. Тухайлбал, ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Балжирын Догмид, шүүгчээрТөрийн шагналт, Хүүрнэл зохиолын үндэсний төв(ХЗҮТ)-ийн гишүүн, зохиолч Далхаагийн Норов, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Бидэрийн Баярсайхан, Нацагдоржийн нэрэмжит шагналт, ХЗҮТ-ийн гишүүн, зохиолч Т.Баасансүрэн, Б.Сарантуяа нар ажилласан.

Энэ жилийн “Утгын чимэг” наадамд Улаанбаатар хот болон орон нутгийн 62 зохиолч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 бүтээл шалгарсан. Тодруулбал, зохиолч М.Уянсүхийн “Алтан худаг”, Ц.Ганболдын “Араатан”, Г.Даваасүрэнгийн “Байлдааны морьд”, М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол”, С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс”, Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой”, П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”, С.Оюуны “Тэнгэрийн хүү”, Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” богино өгүүллэг шилдгийн шилдэг бүтээлийн төлөө өрсөлдсөн юм.

Эдгээр бүтээлийг Ардын жүжигчин  Гомбын Равдан, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, соёлын тэргүүний ажилтан, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Даваа, Мөнгөнтулга, нэвтрүүлэгч Сайнтод, уран уншигч Энхдөл, Монголын радиогийн нэвтрүүлэгч Одбаяр, СУИС-ийн багш Билгүүнсар нар уншсан.

Үүнээс хүүрнэх урлагийн нэрт төлөөлөгч Гомбын Равдангийн үзэгчдэд хүргэсэн Өвөрхангай аймгийн зохиолч С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс”, зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн бээлийнхэн чинээ охин амиа золиослон нялх дүүгээ аварч, хожмоо дүү нь долоон хүүхдийн аав болж байгаа гуниг, баяр хосолсон түүхийг өгүүлэх “Олон болоорой”, амьдралынхаа эхэн үеийг буюу бага насаа хүчирхийлэл дунд өнгөрөөж, өтөл насаа асрамжийн газар үдэж буй Долгорын өр өвтгөм амьдралыг хүүрнэх “Булангийн зогсоол”, гоо сайхны мэс заслын “сүүдэр” нүд аньсан хойно хоёр ертөнцийн дунд гацааж, сүнсэн биеийг “аргамжиж” байгааг өгүүлсэн “Сүүлчийн зүсэлт” богино өгүүллэг үзэгчдийн сэтгэлийг илүүтэй “донсолгов”.

Ийн “Утгын чимэг-22” наадмын дүн гарч бол Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” богино өгүүллэг гутгаар байрт шалгарлаа. Харин бусад долоон зохиолчийн бүтээлд тусгай байрын шагнал олгосон юм.

С.ДАМДИНДОРЖ: С.ЭРДЭНИЙН “НАРАН ТОГОРУУ” БҮТЭЭЛ БОЛ МИНИЙ АМЬДРАЛЫН ИХ СУРГУУЛЬ

Наадмын дүн гарсны ард “Утгын чимэг-22” наадмын эзэн, Өвөрхангай аймгийн зохиолч С.Дамдиндоржтой цөөн хором ярилцлаа.

-Энэ жилийн “Утгын чимэг” наадмын түрүүг хүртсэнд баяр хүргэе.

-Монголын хүүрнэл зохиолын урлалыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулж буй эл наадамд түрүүлсэндээ маш их баяртай байна. Эл наадамд богино өгүүллэгийн төрлөөр жил бүр амжилттай оролцох үүд хаалгаа нээлээ гэж бодож байна. Дараа дараагийн удаад энэ удаагийн бүтээлээсээ илүү сайхан богино өгүүллэг туурвиж оролцоно.

-Уралдааны дүн гарч, шагнал авах мөчид юу бодогдож байв?

-“Нар шингээгүй”, “Саран сургуульд ирсэн нь” зэрэг гайхалтай өгүүллэгүүд бичсэн Пэрэнлэйн Лувсанцэрэн, миний амьдралын их сургууль болсон “Наран тогоруу” гайхамшигт номыг туурвисан Сэнгийн Эрдэнэ тэргүүтэй богино өгүүллэгийн нэрт мастеруудаа бишрэн хүндэлж байна. Тэр мундгуудын буянаар би зохиол бүтээлтэй орооцолдож, бичиж туурвиж явна.

-Энэ жилийн наадам МЗЭ-ийн тэгш ойгоор зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог. Түүхт 90 жилийн “Болор цом”-ыг Завхан, “Утгын чимэг”-ийг Өвөрхангай аймгийн уран бүтээлч хүртлээ.

-Тиймээ. Надад хоёр, найм, есийн тоо ээлтэй байдаг. Тиймдээ ч би 2019 онд МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан, “Утгын чимэг-22” наадамд түрүүлсэн болов уу. Энэ түрүүгээ азтай, ивээл буянтай байна гэж бодож, баярлаж байна даа.

-Та өмнө нь хэдэн онд “Утгын чимэг”-т зодоглож байв?

-1999 онд “Чоно тарвагацах тоглоом” богино өгүүллэгээ “Утгын чимэг” наадамдаа сойж, хоёрдугаар шатны шилдэг 9-д үлдэж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа бүтээлээ сойсон.

-“Гурван хэмжээс” бүтээлээр уншигчдад юуг хэлж, ойлгуулахыг хүссэн бэ?

-Хүн өдөр тутам ухаажиж байх хэрэгтэй. Хэчнээн ухаантай хүн байлаа ч гэсэн өдөр тутамдаа өөр хэн нэгний алдаанаас суралцаж, боловсорч гэгээрч байх ёстойн болов уу. Жижиг ч гэлтгүй бусдын алдаа том туршлага, багш болдог гэдгийг хэлэхийг хүссэн.

 



































































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Утгын чимэг-22” наадмын түрүүг Өвөрхангайн зохиолч С.Дамдиндорж хүртлээ  
Үзсэн: 2514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эрка [127.0.0.xxx] 2019-01-09 11:37
Ойрд сонсоогүй сайхан мэдээ байна. Танд уран бүтээлийн их амжилт хүсэе.

Бидэнтэй нэгдээрэй