Шууд Chart

"Humans in Sweden by Slava"  номын хурим боллоо

2019-01-16 17:31:36

МҮОНРТ-ийн Шведийн Хаант Улсын Стокхолм дахь сурвалжлагч, “Слава” гэрэл зургийн студийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, гэрэл зурагчин Slava Aldersson буюу Р.Хишиг-Алдарын "Humans in Sweden by Slava" нэртэй гэрэл зургийн цуглуулга номын нээлт өнөөдөр Монголын театрын музейд боллоо. Энэ номонд Шведэд суугаа монголчуудын хөрөг болон Шведийн хот, суурин газар, байгаль, цаг уурын онцлогийг харуулсан 900 гаруй гэрэл зураг орсон. Мөн Швед улсын байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрын мэдээлэл, тус улсын нэрийн хуудас болсон алдартай хүмүүс, компани, аж ахуйн нэгжийн мэдээлэл багтсан юм.

Номын хуримд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан буюу Амгаа тэргүүтэй Р.Хишиг-Алдарын багын найзууд, мэргэжил нэгт нөхөд нь зочилсон. Энэ үеэр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар “Р.Хишиг-Алдар маань телевиз, радио, сонин зэрэг сэтгүүлзүйн бүх л төрөлд ажиллаж уран бүтээлээ үзэгч уншигчдад хүргэсэн. Швед улсад ажиллаж эхэлснээсээ хойш сэтгүүлзүйн гол төрлийн нэг гэрэл зурагт татагдаж, мэргэшсэнээр өөрийн номоо өлгийдөж авч байна. Би номонд нь орох зургийг хамт сонгосноос гадна өмнөх үгийг нь бичсэн. Энэ үеэрээ "Humans in Sweden by Slava" номтой танилцан Швед улсын тухай, тэнд амьдарч буй монголчуудын тухай арвин мэдлэг, мэдээлэлтэй болсон” гэв.

Түүнчлэн номын нээлтийн арга хэмжээг “Facebook live”-аар шууд дамжуулсан бөгөөд "Humans in Sweden by Slava" номын зохиогч Р.Хишиг-Алдар номынхоо нээлтэд Шведээс цахимаар оролцсон юм. Түүнчлэн энэ арга хэмжээ энэ оны анхны номын хурим болж байгааг ирсэн зочид онцолж байв.

Э.Дэлгэрмаа: Нөхөр минь өөрийн мэргэжил, хоббигоо орхиогүй

 Р.Хишиг-Алдарын гэргий Э.Дэлгэрмаатай цөөн хором ярилцлаа.

-Танд болон таны гэр бүлийн хүнд шинэ номоо өлгийдөн авч байгаад баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Юуны өмнө Шведэд ажиллаж амьдарч буй 10 мянга гаруй монголчууддаа баярлалаа. Тэдгээр хүмүүс өөрсдийн гэрэл зургаа даруулахыг зөвшөөрснөөс гадна сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Гэр бүлийн хүн маань сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Радио болон телевизэд мэргэжлээрээ олон жил ажиллаж, эрэн сурвалжлах болон бусад чиглэлийн нэвтрүүлэг, уран бүтээлээ үзэгч олонд хүргэж ирсэн. Мөн Орхон-Уул аймагт Хэвлэл мэдээллийн албаны даргын албыг хашиж байсан.

-Шведэд ажиллаж амьдраад хэдэн жил болж байна?

-Бид найман жилийн өмнө Швед улс руу ажиллаж амьдрахаар явсан. Эхэндээ тэнд очоод бусдын жишгээр “хар” ажил хийсэн. Тухайн үед нөхөр минь өөрийн мэргэжил, хоббигоо орхиогүй. Швед улсын тухай мэдээ, мэдээллийг сайт, сошиал орчноор дамжуулж, монголчуудтайгаа хуваалцдаг байсан.

Хоёр жил гаруйн өмнө МҮОНРТ-ийн гадаад дахь сурвалжлагчийн бүртгэл эхлэх үеэр Швед дэх сурвалжлагчаар ажиллах хүсэлт, материалаа илгээсэн. Ийн сонгон шалгаруулалтад тэнцэж, МҮОНРТ-ийн Шведийн Хаант Улсын Стокхолм дахь сурвалжлагчаар ажиллах болсон. Мөн Шведэд “Слава” гэрэл зургийн студиэ байгуулсан. Монголчууддаа тэндхийн тарифаас хямд үнээр үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн Шведэд амьдарч буй өрх бүрийг гэр бүлийн гэрэл зургийн альбомтай болгох төсөл хэрэгжүүлж байна.

-Таны нөхөр хэзээнээс гэрэл зураг авч эхэлсэн бэ?

-Манай хүн гэрэл зураг авч эхлээд таван жил болж байна. Анх өөрийн бичсэн нийтлэл, орчуулгын материалаа дүрсжүүлэх үүднээс сонирхлоороо гэрэл зураг авч эхэлсэн. Дараа нь мэргэжлийн хүмүүсээс зөвлөмж, зөвлөгөө авч мэргэжлийн аппарат хэрэгслээр гэрэл зураг авах болсон.

Нөхөр минь өдөр алгасалгүй гэрэл зураг авдаг. Шведийн бүх л хот сууринд очиж дарсан асар том фото архивтай болсон. Түүнээс 900 гаруй зургийг шилж, сонгон гэрэл зургийн цуглуулга номондоо оруулсан. Үүнээс гадна өөрийн орчуулсан бүтээл болон нийтлэлээ багтаасан байгаа.

-Нөхөр тань Шведэд амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр өөрийн бүтээлүүдээ эмхэтгэн эл номоо гаргасан гэсэн?

-Нөхрийн маань бичсэн нийтлэл мэдээлэл, авсан гэрэл зургууд ихэнхдээ цахим талбарт байрласан. Энэ нь нэг талдаа олон хүнд хүрдэг ч гарт баригдах биет бүтээл биш. Тиймээс энэ номонд хөрөг нь багтсан хүмүүс, тэдний ойр тойрныхонд зургаа харах, хадгалахад зориулж ном болгож хэвлүүлэхээр шийдсэн.

-Шведэд амьдарч буй монголчууд тогтмол уулздаг уу?

-Шведэд амьдарч буй Монголчуудын холбоо гэж бий. Энэ холбоогоор дамжуулаад олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Тухайлбал, Цагаан сар, Наадмаа Монголдоо байгаа мэтээр ёс заншлынхаа дагуу тэмдэглэдэг. Мөн урлаг уран сайхны арга хэмжээнүүд болдог.

Үүнээс гадна монгол хүүхдийг Монгол ахуй, эх хэлнээс нь холдуулахгүй байх зорилгоор монгол хэлний хичээл заадаг “Төгс билэгт”, “Хос жигүүр” гэсэн хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна.

Тэнд суугаа монголчууд бизнесийн салбарт амжилт гаргаж байгаа. Ялангуяа Монголчуудын нээсэн, монгол ажилтнуудтай ресторан “цэцэглэж” байгаа хэлж болно. Тухайлбал, Монгол хүн ажиллуулдаг сүшиний 70 гаруй ресторан бий.

-"Humans in Sweden by Slava" номын нээлт Шведэд болох уу?

-Номын Швед дэх нээлт энэ сарын 20-нд болно. Номоо эхний ээлжинд цөөн хувь хэвлэсэн. Борлуулалтаас хамаарч дахин хэвлэхээр болсон. Монголд “Интерном” их дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байгаа. Уг нь бид хоёр хоёулаа Монголдоо ирэхээр төлөвлөсөн ч тэнд ажилтай, нэг нь үлдэх шаардлагатай болохоор би ганцаараа ирсэн.

Мөн бид хоёр хоёулаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан болохоор Монголд байгаа найз нөхөд, танилуудаа тоохгүй өнгөрөхийг хүсээгүй. Тиймээс Монголд номынхоо нээлтийг хийхээр болсон. Нөхрийнхөө номын хуримаар дамжуулан найзууд болон хэвлэл мэдээллийн салбарынхаа нөхөдтэй уулзахыг хүссэн.

























Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Humans in Sweden by Slava"  номын хурим боллоо  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-22 17:07
Naizdaa tsaashdiin ajild n unduruus undur amjilt husie
Батдорж [127.0.0.xxx] 2019-01-16 20:21
Авьяаслаг гэрэл зурагчин,сэтгүүлч Алдараадаа амжилт хүсэе
СахиУс [127.0.0.xxx] 2019-01-16 18:13
Сайхан мэдээ байна Мундаг байна шүү ах Өшөө их амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй