Шууд Chart

Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан авчирдаг

2019-02-14 11:32:01

Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр аж. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хорьж, дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ.

Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрбээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурханы өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадгалагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгожээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр "Juno Fеbruata"-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.

Өмнөд Европод Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг долоодугаар сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин хоёрдугаар сарын 14-нд "Трифоны өдөр" гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу хоёрдугаар сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна.

Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь хоёрдугаар сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй/ байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ.

Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй юм. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан авчирдаг. Энэ баяр бол гэгээн хайрын баяр юм.

Валентины баяртай холбоотой сонирхолтой баримтаас хүргэе. 

-Дундад зууны үед хайрын захианы доод талд нэрнийхээ урд “Х” гэж тэмдэглэдэг байжээ. Энэ нь үнсч байгаагийн илэрхийлэл болдог байсан гэдэг. Үнэнч хайрын бэлэгдэл ч гэж зарим судлаачид үздэг.

-Дундад зууны үед залуу хосууд боулинг тоглодог байжээ. Урд нь зассан шонгуудыг унагаах энэхүү тоглоомыг бүтэн долоо хоногийн турш тоглодог байсан гэдэг. Тухайн үед тэрхүү шонгуудыг “би үргэлж чиний зүрхээр гоёно” гэсэн үг бүхий туузаар холбодог байжээ.

-Христийн үеийн нийгэмд зовлонд дарагдсан эмэгтэйг Валентин хэмээдэг байжээ. Тиймээс эмэгтэйн зовлонг тайлах үүднээс тусгай зан үйл хийдэг байсан гэх мэдээлэл байдаг.

-1537 онд Английн Хенри VII Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхийг албан ёсоор зарлигдсан байна.

-1800 онд Ричард Кадбюри зүрхэн хэлбэртэй шоколадны хайрцагыг зохион бүтээжээ.

-Одоогийн байдлаар Валентины өдөр зүрхэн хэлбэртэй хайрцаг 35 сая хувь борлогддог гэсэн тооцоо бий.

-Зөвхөн АНУ-д л гэхэд нэг тэрбум шоколад Валентины өдөр зарагддаг.

-Валентины баяраар эрэгтэйчүүдийн 77 хувь хайртай бүсгүйдээ сарнай сонгодог бол, эмэгтэйчүүдийн 27 хувь нь л хайртай залуудаа цэцэг бэлэглэдэг байна.

-Валентины өдөр АНУ-ын нийт эмэгтэйчүүдийн 25 хувь нь сарнай авдаг ажээ.

-Эртний Ромд улаан сарнайг дээдэлдэг байжээ. Учир нь Венус бурханы дуртай цэцэг нь сарнай байсан гэж тэд үздэг байж.

-Дэлхийн даяар Валентины өдөр нэг улсад дунджаар 119 сарнай зарагддаг гэсэн судалгаа гарчээ.

-Дэлхийн хамгийн анхны хайрын шүлэг МЭӨ 3500 жилийн өмнө бичигджээ. Эртний Шумерийн хотод малтлага хийхэд тусгай хавтан дээр хайрын мөртийг сийлсэн байдаг.

-Жил бүр дэлхий даяар Валентины баяртай холбоотой ил захидал нэг тэрбум гаруй зарагддаг ажээ. Энэ нь Зул сарын баярын ил захидлын дараа орох үзүүлэлт юм.

-Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд Италийн Вероно хотод хайрын захиагаа Жулиетэд гэж хаягладаг уламжлалтай ажээ. Нэг хүн хайртай хүндээ дор хаяж 100 захидал өгвөл гэгээн хайр нь бүтдэг гэсэн сүжигтэй.

-Вельсэд Валентины баяраар модон зүрхийг, түлхүүр, цоож хайртдаа бэлэглэдэг. Урд нь модон түлхүүр зангидсан энэхүү бэлгийн урд нь “Чи миний зүрхийг нээж чадна” гэж сийлсэн байдаг ажээ.


Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан авчирдаг  
Үзсэн: 2497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй