
Ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл” найраглалыг мэдэхгүй монгол хүн ховор.
“Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь гэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юм” хэмээн өгүүлэх тус найраглалд хүний нутагт очоод хэл чимээ тасарсан хүүгээ санагалзах үхтэл үр харам эхийн сэтгэлийг өгүүлдэг. Тиймээс үр хүүхдүүд нь ээждээ хэл чимээ дуулгаж, сэтгэлийн үгээ илэрхийлвэл амьд бурхныхаа ачийг багаахан ч гэсэн хариулдаг бололтой.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны шилдэг арван захидлыг үзэгч, сонсогчдодоо танилцуулж, тэдгээр захидлын эздийг алдаршуулах гала тоглолт боллоо.
“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалтыг ”МЗЭ-ийн нэрэмжит шагналт, зохиолч М.Эрдэнэбат, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Отгонтогос нар шүүсэн.
Энэ жилийн уралдааны шилдэг аравт:
- Дорноговь аймгийн Эрдэнэ суманд суугаа Х.Цэрэндолгороос Төв аймгийн Баянцогт суманд суугаа ээж Дэнсмаадаа,
- Архангай аймгийн Эрдэнэбулган суманд суугаа О.Цэнгэлсайханаас ээж Лхамаадаа,
- Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ,
- Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн О.Адьяагийн Эрдэнэт хотод суугаа ээж Д.Буянжаргалдаа,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Д.Батцэцэгээс Дархан-Уул аймагт амьдарч буй ээждээ,
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Энхзаяагаас эмээдээ, Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэн А.Төмөрсүхээс ээж Аюушжавдаа,
- Хөвсгөл аймгийн Их-Уул суманд суугаа Батцэцэгээс хоёр ээждээ,
- Чингэлтэй дүүргийн өндөр настан Я.Мөнхбаяраас ээж С.Янжинсүрэндээ,
- оролцогч Г.Лхамсүрэнгээс ээж С.Янжиндуламдаа бичсэн захидал шалгарлаа.
Дээрх арван захидлыг соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бямбаа, Б.Гантигмаа нарын МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид болон жүжигчид захидлын эзэн ээж нарт нь болон үзэгчдэд, олон нийтэд уншиж сонордууллаа.
Мөн “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдааны гала тоглолтод гавьяат жүжигчин, дуучин С.Ганзориг, Э.Бүрнээбаяр, соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Наранцогт, Б.Отгончимэг, Б.Нямзагд, Б.Хандмаа, Т.Амина, нийслэлийн Улаанбаатар чуулгын хөгжимчид оролцож, ээжийн тухай олон сайхан дууг үзэгч сонсогчдод хүргэсэн. Үүнээс гадна 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдаан энэ жилээс эхлэн дуутай болсон бөгөөд М.Эрдэнэбатын шүлэг, Н.Чулуунхүүгийн хөгжим “Ээждээ захидал бичээрэй” дууг соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн, Г.Энхнаран нар дуулж, олон нийтэд хүргэсэн билээ.
Ийн шилдэг захидлын улсын уралдааны шүүгчид дүнгээ гаргахад Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн О.Адьяагийн Эрдэнэт хотод суугаа ээж Буянжаргалдаа бичсэн захидал гуравдугаар байрт, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидал дэд байрт шалгарч, Архангай аймгийн Цэцэрлэг сумын оролцогч А.Төмөрсүхээс ээж Аюушжавдаа бичсэн захидал тэргүүлэв. Тэрбээр шагналаа гардах үеэрээ “Маш их баяртай байна. Өглөө хань минь утсаар яриад өнгөрсөн шөнө хонь хургалж хоножээ. Манай ихэрлэдэг хамар цагаан хонь ихэр хурга гаргасан гэхээр нь өнөөдөр сайхан мэдээ дуулах нь гэж бодож байлаа. Бүх сайхан ээжүүддээ Мартын 8-ны баярын мэнд хүргэе” гэлээ.
Шагнал гардуулах үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц ““Ээждээ захидал бичээрэй” уралдаанд оролцож, ээждээ захидал бичсэн эрхэм хүндэт үзэгч, сонсогч, залуус, багачуулдаа МҮОНРТ-ийн хамт олны өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Монголын бүх ээж нарт, эмэгтэйчүүдэд үр хүүхдийнх нь, нийт залуусын өмнөөс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал халуун мэнд хүргэе. Мөн энэ сайхан уралдааныг зохион байгуулахад жил бүр тусалсан УИХ-ын эмэгтэй гишүүд, эмэгтэй гишүүдийн бүлэгт чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ жилийн уралдааныг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг нарт баярлалаа” гэсэн юм.
“Ээждээ захидал бичээрэй” уралдаанд Архангай аймгийн оролцогч А.Төмөрсүх түрүүллээ | ||
Үзсэн: 8161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.