Олон улсын мэргэжлийн дуу, хөгжмийн хоёр дахь удаагийн “Браво” шагнал гардуулах ёслолын эхний өдрийн сонгодог урлагийн шилдгүүдийг шалгаруулах ёслол ОХУ-ын Москва хотын “Их театр”-т 2019 оны гуравдугаар сарын 19-нд боллоо.
ОХУ-ын Соёлын яам тэргүүтэй, ерөнхий ивээн тэтгэгч “Роснефть” компани жил бүр зохион байгуулдаг тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Роснефть” компанийн ерөнхий захирал И.И.Сечиний урилгаар оролцов. Энэхүү ёслолын арга хэмжээнд дэлхийн соёл урлагийн одууд, ОХУ-ын соёл урлагийн сонгодог урлагийн үе үеийн төлөөлөгчид уригдан оролцдогоос гадна цөөн орны Элчин сайд нарыг урьдаг уламжлалтай. Энэ удаад Бүгд Найрамдах Солонгос, Хятад, Энэтхэг болон Казахстан Улсын Элчин сайд нар оролцлоо.

Шагнал гардуулах ёслолыг ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединский нээж “шилдэг театр” шагналыг Бүгд Найрамдах Казахстан Улсын “Астана-Дуурь бүжгийн театр”-т гардуулав. Гол шагналууд болох “шилдэг сонгодог эмэгтэй дуурийн дуучин”-аар ОХУ-ын Их театрын гоцлол дуучин В.Гимадиева тодорч, шагналыг Итали Улсын алдарт тенор дуурийн дуучин Витторио Григоло гардуулав. Харин “шилдэг сонгодог эрэгтэй дуурийн дуучин”-аар шалгарсан БНХАУ-ын Хао Чжан Тянд Их театрын гоцлол дуучин М.Лобанова шагналыг гардуулав. Румын Улсын дуурийн дуучин Анжела Георгиу “Дэлхийн од” шагналын эзэн болж шагналыг энэ үдшийн хүндэт зочдын нэг болох АНУ-ын алдарт жүжигчин Жон Траволта гардуулж өгөв.
Ёслолын арга хэмжээнд Майкл Болтон “Турандот” дуурийн хэсгээс дуулж “шилдэг удирдаач” шагналыг Япон Улсын маэстро Митиёси Иноуэд гардууллаа. Энэ үдшийн бас нэгэн хүндэт зочин болох Английн жүжигчин Хелен Миррен “шилдэг балет”-аар тодорсон “Нуреев” балетын гоцлол дүрийг бүтээсэн Их театрын гоцлол балетчин М.Лантратовт гардуулж өгөв.
Шагнал гардуулах ёслолын үеэр дэлхийн алдарт бүжигчин С.Полунин соло бүжиг, Итали Улсын дуурийн дуучин Алессандро Сафина болон Их театрын прима балетчин С.Захарова шагналтуудын хамт уран бүтээлээ толилуулан дэлхийн сонгодог урлагийн их цэнгүүн боллоо.
“Браво” шагнал гардуулах ёслолын нийтийн дууны шилдгүүдийг шалгаруулах ёслолын үдэш өнөөдөр Кремлийн ордонд болно.
| “Браво” олон улсын мэргэжлийн дуу, хөгжмийн шагнал гардуулах ёслол боллоо | ||
| Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.