Шууд Chart

Монголоос 30 жилийн дараа Артек явах сурагчид тодорлоо

2019-04-01 14:05:01

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Монголын багачууд” төрийн бус байгууллага, “КСОРС Монголия”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Мы поедем в Артек” буюу “Бид Артек явна” тэмцээнийг сэргээн дахин зохион байгууллаа. Гурван шаттай зохион байгуулагдсан тус уралдааны финалын шатны шалгаруулалт гуравдугаар сарын 29, 30-нд МҮОНРТ-ийн төв байранд болж, Монголоос 30 жилийн дараа олон улсын Артек зуслан руу явах сурагчдын нэрс тодорлоо.

Тус уралдааны талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц: -““Мы поедем в Артек” мэдлэг боловсрол, авьяас чадвар, авхаалж самбаа зэрэг олон төрлийн шалгууртай тэмцээн 30 жилийн өмнө зохион байгуулагддаг байсан. Энэ тэмцээнээс шалгарсан баг хойд хөршийн Артек зусланд амардаг байсан. Артек зусланд олон орны орос хэлтэй хүүхдүүд амарч, хоорондоо танилцаж, нөхөрлөж, бие биенээсээ суралцдаг. Энэ жилээс “Мы поедем в Артек” тэмцээнийг Монгол Улсынхаа хэмжээнд урт хугацааны дараа дахин зарлаж, зохион байгуулж байна. Эхний шат тухайн сургууль, орон нутагт нь болсон. Хагас шигшээ нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан. Харин МҮОНРТ-ийн байранд аваргуудаа тодруулах гэж байна.

Өдгөө Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдад эх хэлээ зааж сургахаас гадна Англи, Хятад зэрэг бусад орны хэлийг судлан суралцах боломж нээж өгсөн. Гэхдээ энэ дундаас хойд хөршийнхөө хэлийг сурахын давуу тал нь ОХУ-аас зарладаг маш олон их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдаж тухайн оронд суралцах боломжтой болно. Мөн ОХУ манай мөнхийн хөрш орон учир сурсан хэл нь байнга ашиглагдана. МҮОНРТ залуу үеийнхэндээ сурч боловсроход нь түлхэц үзүүлэх, тэтгэлэгт хамрагдах олон боломж байгааг мэдээлэх үүрэгтэй. Энэ утгаараа ОХУ-ын ЭСЯ-наас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармагийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтарч зохион байгуулсан. Үүний дараагийн арга хэмжээ болох “Мы поедем в Артек” тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ тэмцээн, нэвтрүүлгийг үзсэнээр Монгол хүүхдүүд хэл сурах өндөр авьяастайг харж болно. Монгол хүүхдүүд хойд хөршийнхөө хэлийг эх хэл шигээ эзэмшсэн байна. Энэ тэмцээнд хүүхдээ бэлдэж оролцуулж буй аав ээж, эмээ өвөө, ах эгч нар, багш, сургуулийн хамт олонд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хамт олны өмнөөс талархаж байна. Энэ тэмцээнийг сэргээх санаачилга гаргасан болон зохион байгуулж буй ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, “Монголын багачууд” ТББ болон бусад зохион байгуулагч, хамтрагч байгууллагын хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Ш.Батчимэг: Энэ зун 18 сурагч Артек зусланд амарна

“Монголын багачууд” ТББ-ын тэргүүн Ш.Батчимэг: -“Мы поедем в Артек” тэмцээнийг 1970-аад онд тухайн үеийн Боловсролын яам, Монгол телевиз (МҮОНРТ), Фионерийн төв зөвлөл хамтран Монгол орон даяар зохион байгуулж байсан. Тухайн үед Анастасия Цэдэнбал-Филатова болон намын дарга нар энэ тэмцээнд маш том ач холбогдол өгдөг. Тэмцээний ялагчдыг олон улсын хүүхдийн “Артек” зусланд үнэ төлбөргүй амраадаг байсан. 1989 оноос хойш энэ тэмцээн тасалдаад 30 орчим жил болсон. “Монголын багачууд” ТББ-ын монгол хүүхдүүдээ дэлхийн нэг номерын “Артек” зусланд амрааж байя гэсэн зорилго тавиад энэ төслийг дахин сэргээсэн. 30 жилийн дараа энэ тэмцээнийг хуучин форматаар нь зохион байгуулж байна.

-“Мы поедем в Артек” тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хэнтий, Төв зэрэг дөрвөн аймгийн нийт 26 баг оролцсон. “Мы поедем в Артек” уралдааныг орос хэлний гурван өөр түвшний мэдлэгтэй сурагчдын дунд зохион байгуулж байна. Тухайлбал, эхний ангилалд ЕБС-ийн долоодугаар ангиас орос хэлний хичээлд хамрагдсан, долоо хоногт хоёр цаг л судалдаг хүүхдүүд оролцож байгаа. Мөн монгол сургууль, гүнзгийрүүлсэн сургалттай, орос сургууль гэсэн гурван төрөлд сурагчдыг өрсөлдүүлж, үүнээс 18 баг шигшээ шатанд шалгарсан. Үүнээс нийт есөн баг алт, мөнгө, хүрэл медаль хүртэнэ. Мөн төрөл тус бүрийн ялагчид буюу гурван багийн 15 хүүхэд, багштайгаа “Артек” зусланд амарна. Аваргалсан сурагчдын амрах зардлыг хойд хөршийн Засгийн газраас гаргаж байгаа.

Орос хэл дэлхийн албан ёсны таван хэлний нэг. Мөн соёл шинжлэх ухааны хэл учраас орос хэлний хүртээмжийг дээшлүүлэх тал дээр бид анхаарч байгаа. Төр засгийн удирдагчид, бүх л салбарын манлайлагчид орос хэлтэй байсан. Тиймээс ирээдүйн боловсон хүчин, мэргэжилтнүүдээ багад нь энэ хэлийг сургая. Хүүхдэд багаараа хөдөлмөрлөхийг сургах, дуу, бүжгийн хичээлд хамрагдах идэвх төрүүлэх, тэдний чармайлтыг нь өсгөх даалгавруудыг “Мы поедем в Артек” тэмцээний хөтөлбөрт оруулсан. Мөн багш, сурагч нартайгаа хамт нэг баг болоод өрсөлдөж байгаа учир эерэг гоё харилцаа үүсэж байгаа. Тэмцээний гол зааварчилгаа зөвлөмжийг Артек зуслангаас өгсний дагуу хөтөлбөртөө оруулсан. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз энэ тэмцээнийг дэлгэцийн бүтээл болгон Монгол орон даяар цацахаар ажиллаж байна. ОХУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв маш их туслалцаа үзүүлсэн. Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хэлтсийн дарга Алексей Крохалев шүүгчдийн бүрэлдэхүүнийг даргалж байгаа. Мөн тус нэвтрүүлгийг 30 жилийн өмнө зохион байгуулагдаж байхад нь хөтөлж байсан Оросын нутаг нэгтнүүдийн холбооны тэргүүн, “Монголын багачууд” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн В.И.Павлов багш, “Монгол туургатны радио 107.5”-н захирал, сэтгүүлч Ц.Ариунаа нарын бүрэлдэхүүн шүүж байна. 

Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар орон нутгийн оролцогчид багийн байрлах газрыг бүрэн хариуцаж ажилласан. Үүнээс гадна зохион байгуулагчдын зүгээс мөнгө, хүрэл медаль авсан багийн ахлагчдад Артек зусланд амрах эрх олгоно. Мөн тусгай байрт орсон сурагчдад Эрхүүгийн зуслангийн гурван эрх, Өмнөговь аймгийн Артек зуслантай хамтарсан олон уулсын ээлжийн гурван урилга өгөхөөр болсон. Үүнээс гадна Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас Улаанбаатар хотын зуслангийн зургаан эрхээр нэмж шагнана. "Туяа" хүүхдийн хөгжлийн академиас үнэгүй суралцах эрх гурван хүүхдэд олгохоор болсон” гэв.

Хүүхэд бүр Артек зусланд очихыг мөрөөддөг

Орхон аймгийн 19 дүгээр сургуулийн багш Е.Г.Горобцова: -“Би ОХУ-ын Омск хотоос 2015 онд Монголд ирсэн. Тухайн цаг үеэс монгол сурагчдад орос хэл, уран зохиолын хичээл заасан. Эрдэнэтийн 19 дүгээр сургууль ОХУ-ын боловсролын стандартын дагуу хичээл ордог. “Мы поедем в Артек” тэмцээнийг олон жилийн дараа дахин сэргээж зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Артек бол маш гоё зуслан. Хүүхэд бүрийн очиж үзэхийг хүсч, мөрөөддөг газар. Манай сургуулийн 6-8 ангийн сурагчдын баг энэ тэмцээнд оролцож, финалд өрсөлдөх эрхээ авсан. Хэдий тэмцээнд үндсэн таван сурагч, хөгжөөн дэмжигч таван сурагч, гурван багш оролцож байгаа ч манай сургуулийн бүх л багш, сурагчдын хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн. Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байна. Хамгийн сайн бэлдэж оролцсон баг Артек явна гэж бодож байна. Манай сурагчдын мөрөөдөл биелэх болтугай гэж хүсэж байна” гэлээ.

А.Анужин: Артек зуслан руу явах зорилго тавьсан

Орхон аймгийн 19 дүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч А.Анужин: -““Мы поедем в Артек” тэмцээн 30 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байна. 30 жилийн өмнө манай Орхон аймгийн сурагч ах, эгч нар энэ тэмцээнд түрүүлж, хойд хөршийн Артек зусланд амарч байсан юм билээ. Тиймээс бид Эрдэнэт хотоо төлөөлөн энэ тэмцээнд амжилттай оролцож, Артек зуслан руу явах зорилго тавьсан. Энэ тэмцээнд оролцсоноор сурагчдын орос хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна багш, сурагчид хамтран багаар ажиллах чадварыг сайжруулж байна гэж ойлгож байгаа. Сургуулиас тэмцээнд оролцож буй сурагчдыг хичээлээс нь чөлөөлж бэлтгэлээ хийх боломжийг бүрэн хангаж өгсөн. Бид нартай хамт манай сургуулийн гурван багш ирсэн ч гэсэн бүх багш нар минь биднийг дэмжиж, бэлтгэлд минь тусалсан”.

Б.Баясгалан: Орчин үеийн гоё зүйл бол дээр үеийн мартагдсан зүйл

“Мы поедем в Артек” тэмцээний хүндэт зочин Б.Баясгалан: -“Намайг Орос хэлний багшийн дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байхад тухайн үеийн Монгол телевиз (МҮОНРТ)-ийн баг хамт олон манай сургуульд ирж, “Мы поедем в Артек” тэмцээний орос хэлтэй хөтлөгчийг сонгон шалгаруулсан. Төгсөх курсийн Ононг эмэгтэй хөтлөгчөөр, намайг эрэгтэй хөтлөгчөөр сонгож, би 1984-1985 онд “Мы поедем в Артек” тэмцээнийг хөтөлж байсан. Мөн тухайн үед бидний гүйцэтгэлээс хамаарч тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал өгдөг байсан. “Мы поедем в Артек” тэмцээнийг хөтөлснөөр оюутан байхдаа 80-120 төгрөгийн цалин авдаг байлаа. Энэ тэмцээнд Улаанбаатар хотын Монгол, Орос гэлтгүй бүх л сургуулиас баг оролцдог байсан. Мөн намар хичээлийн шинэ жил эхлэхэд орос хэлний багш багаа бүрдүүлээд тухайн үеэс л тэмцээний бэлтгэл эхэлдэг байсан. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтыг бүх сургуулийн захирал ирж үздэг, багаа дэмждэг, хөгжөөн дэмжигчийн үүрэг гүйцэтгэдэг байсан юм. Би “Мы поедем в Артек” тэмцээний хөтлөгч төдийгүй үнэнч үзэгч нь байсан бол дараа нь сурагчдаа оруулдаг болсон доо. 

Би 1986 онд сургуулиа төгсөөд Дорнод аймгийн нэгдүгээр сургуульд орос хэлний багшаар багшилж эхэлсэн. Тухайн цаг үеэс хүүхдүүдээ “Мы поедем в Артек” тэмцээнд бэлдэж, оролцуулж эхэлсэн. Мөн Дорнодод “Бид Гарнец явна” тэмцээн зохион байгуулагддаг байсан. 1986 онд энэ тэмцээнд дөрөвдүгээр ангийн хүүхдүүдээ бэлдэж ороод түрүүлж, сурагчидтайгаа Чита мужийн "Горница" зусланд амарч байлаа.

Монголчууд хойд хөршийнхөө буюу орос хэлийг сурах хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч  “Мы поедем в Артек” тэмцээнийг сэргээн зохион байгуулж байгаад баяртай байна. Цаашдаа эрчээ алдахгүй байгаасай. Ингэсэн тохиолдолд сургууль бүр бэлдэж сурагчдаа оруулдаг болно. Энэ арга хэмжээнд оролцсон чинь залуу насандаа эргээд ирсэн юм шиг болж байна. Орчин үеийн гоё зүйл бол дээр үеийн мартагдсан зүйл байдаг.

 “Мы поедем в Артек” тэмцээний санаачлагч, анхны найруулагч, редактор гурвуулаа гавьяат цол хүртсэн

“Мы поедем в Артек” тэмцээний хүндэт зочин, ахмад сэтгүүлч, Радио, телевизийн тэргүүний  ажилтан Д.Дондогмаа: -“Зохиолч, сэтгүүлч Р.Ганбаатар анх “Мы поедем в Артек” тэмцээнийг санаачилж, М.Чойжамц найруулагчаар ажиллаж байсан. Би 1980-1988 оныг хүртэл “Мы поедем в Артек” нэвтрүүлгийн багт ажилласан. Тухайн үед анхны редактор Т.Оюут надад зааж, зөвлөж нэвтрүүлгээ хүлээлгэж өгч байсан. Миний дурдсан дээрх гурван хүн буюу анхны уран бүтээлчид нь гурвуулаа Соёлын гавьяат зүтгэлтэн болсон байна. Энэ тэмцээнийг хүүхэд залуусын орос хэл сурах хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Гэгээрлийн яам, тухайн үеийн Монгол телевиз (МҮОНРТ) болон Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, Орос хэлний багшийн дээд сургууль, хүүхдийн байгууллагууд хамтран зохион байгуулдаг байлаа. Артек явах эрх авсан сурагчдын зардлыг Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллага гаргадаг байсан. Найруулагч Даваасүрэн, Цэрмаа, редактор, сэтгүүлч Эрдэнэцэцэг нарын олон уран бүтээлч нэвтрүүлгийн багт ажиллаж байлаа. Тухайн үед хоёр ангилалд буюу зөвхөн орос хэлний сургуулийн сурагчид оролцдог байсан бол одоо бүх л сургуулийн сурагчид оролцох боломжтой болжээ. Гэхдээ зөвхөн нийслэлээс гэлтгүй Увс, Ховд, Завхан, Архангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Дархан, Эрдэнэт хотоос гээд бүх л аймгаас сурагчид маш идэвхтэй оролцдог байлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр, Гадаад харилцааны сайд асан Ш.Алтангэрэл нарын эрхмүүд сурагч ахуй цагтаа энэ тэмцээнд оролцож өндөр амжилт гаргаж байсан. Мөн энэ тэмцээний оролцогч сурагчдаас арван жилээ төгсөөд хойд хөршид дээд боловсрол эзэмшсэн олон хүн бий. Тиймээс “Мы поедем в Артек” тэмцээн хүүхдийн орос хэл сурах хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэх болоод цаашдын замд нь маш том хөшүүрэг болж байсан.

1990 оноос цаг үеийн байдлаас болоод зохион байгуулагдахаа больсон. Тухайн үеэс хүүхэд, залуус англи хэлийг сонгож суралцах болсон. Манай Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз “Мы поедем в Артек” тэмцээнийг зохион байгуулахад хамтран оролцож, энэ нэвтрүүлгээ дахин эфирээрээ цацаж байгаад маш их баяртай байна. Мөн “Монголын багачууд” ТББ-д маш их баярлаж байна. Англи хэл ч, орос хэл ч тэр мэдлэгийн их булаг. Манай ихэнх сэхээтнүүд орос хэл сурч, хойд хөршид боловсрол эзэмшиж байсан. Урлагийн анхны том зүтгэлтнүүд бүгд л хойд хөршид сурч, их дээд сургууль төгссөн байдаг. Тиймээс “Мы поедем в Артек” нэвтрүүлгийн үзэгч хүүхдүүд шинэ үг тогтоож, хэл сурах хүсэл сонирхолтой болно. Хөрш орныхоо соёл, зан заншлын талаар ерөнхий мэдлэг мэдээлэлтэй болно” гэв.

Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн багш Н.П.Заиграева: -“Манай сургууль 2000 гаруй сурагчтай. “Мы поедем в Артек” тэмцээнд хоёр баг оролцсон ч харамсалтай нь нэг баг маань финалын шатанд шалгарсан. Энэ тэмцээнийг сэргээж  дахин зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Монгол хүүхдүүд ой тогтоолт сайтай. Би Монголд ирж багшлаад гурван жил болж байна. Монгол хүүхдүүд хэл сурахдаа авьяастай хурдан хугацаанд маш сайн сурдаг. Сурагчидтайгаа хамт энэ тэмцээнд оролцсоноороо бэлтгэлийн явцад болон өрсөлдөгч багуудаасаа маш олон зүйл сурч мэдсэн . “Мы поедем в Артек” тэмцээний зохион байгуулагч нарт маш их баярлалаа” гэлээ.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий: -“Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар “Мы поедем в Артек” тэмцээнийг хамтран зохион байгуулагчаас гадна үндсэн ивээн тэтгэгчээр оролцож байгаа. “Монголын багачууд” ТББ уг тэмцээнийг сэргээн зохион байгуулах санаачилгаа манай байгууллагад танилцуулсан. Энэ төсөл хүүхдийг хөгжүүлэх, тэдний багаар ажиллах чадварыг сайжруулах, хэлний мэдлэгийг нь нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай. Мөн зуслан бол хүүхдийг хүмүүжүүлдэг орчин. Тиймээс Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар энэ үйл ажиллагааг дэмжиж сурагчдыг олон улсын болон дотоодын зусландаа амраах зорилгоор хамтран зохион байгуулж байна. Энэ тэмцээнд орж буй сурагчдыг харахад Монголын багачуудын орос хэлний мэдлэг өндөр түвшинд байгаа нь харагдаж байна. Мөн хойд хөршийнхөө талаарх ерөнхий мэдлэгийн болон Халх голын тулалдааны 80 жилийн ойтой холбоотой асуултуудад маш сайн хариулж байсан” гэсэн юм.

Сар гаруйн хугацаанд зохион байгуулагдсан “Мы поедем в Артек” тэмцээний финалын шатны шалгаруулалт хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргахад Монгол сургуулийн төрөлд “Ирээдүй” цогцолборын “Голос дети” баг аваргалж, Хэнтий аймгийн “Звезда”, 84 дүгээр сургуулийн “Мечта” баг удааллаа. Харин гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын төрөлд Дархан аймгийн СОЮЗ “Комета” баг түрүүлж, “Галакси” сургуулийн “Галакси”, Эмпати сургуулийн “Полёт” баг мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Орос сургуулийн төрөлд Эрдэнэтийн 19 дүгээр сургуулийн “Сокровише Эрдэнэта” баг алтан медаль хүртэж, СМРШ-Орос баг мөнгө, Плехановын нэрэмжит сургуулийн “Найрамдал” баг хүрэл медалийн эзэн болсон юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголоос 30 жилийн дараа Артек явах сурагчид тодорлоо  
Үзсэн: 2505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-17 21:24
энэ нэвтрүүлгээр гарах уу Хэзээ гарах вэ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 19:04
Хүүхэд насны мөрөөдөл
зочин [127.0.0.xxx] 2019-04-04 08:11
Одоо Артек сонин биш 30 жилийн өмнө сонин байсан байх, шал хэрэггүй юм хийж байхын
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 19:03
Артек өнгө төрхөө өөрчлөн улам сайхан болсон бна билээ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-01 21:42
Ene nevtruulgeer garah ve
Зочин [127.0.0.xxx] 2019-04-01 15:17
Гарнец гэдэг зуслан байхгүй. "Горница" байх. Дуудлагыг нь төслүүлээд буулгаж, сэтгүүлч!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-05-31 11:44
Фионерийн бус Пионерийн

Бидэнтэй нэгдээрэй