Шууд Chart

Улаанбаатар трам төсөл хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулна

2025-11-13 16:30:49

Улаанбаатар хотын 2021 оны түгжрэлийн улмаас алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам.долларт хүрсэн гэдгийг “Эм Эм Си Жи” компанийн 2022 онд хийсэн судалгаа харуулдаг. Иймд нийтийн тээврийн хэрэгслийг төрөлжүүлэх, зорчилт ихтэй чиглэлүүдийн тээврийн урсгалыг оновчтой зохион байгуулах зорилгоор их багтаамжийн нийтийн тээврийн төслүүдийг төлөвлөсний нэг нь “Улаанбаатар трам” төсөл юм. Төсөл нь хотын хойд, төв, өмнөд хэсгийг холбосон хоёр шугамтай байна.

Нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км, 15 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км, 23 зогсоолтойгоор төлөвлөгдсөн. Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээний ажил хийгдэж байна.

“Улаанбаатар Трам” төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа 2-3 дахин багасах, хотын эдийн засгийн алдагдал болон авто машинаас ялгардаг олон зуун тонн хорт бодисыг бууруулах зэрэг байгаль орчин, эдийн засаг, нийгмийн олон талын эерэг нөлөөг бий болгох урьдчилсан тооцоолол гарсан.

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, эдийн засгийн өндөр үр ашигтай байх судалгаа бий. Тухайлбал, нүүрстөрөгчийн давхар исэл /СО2/ 108.9тн, азотын исэл /NOx/ 469.5тн-оор жил бүр буурч, агаарын чанар сайжирч, улмаар хотын хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх үр ашгийг судалгаагаар гаргажээ. Мөн нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/ 5.5 тн хэмжээгээр буурна. Нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5 нь маш нарийн учир амьсгалын замаар дамжин шууд цусны урсгал, уушгины хамгийн гүн хэсэгт нэвтрэх аюултай. Энэ нь зүрх судасны өвчин, уушгины хорт хавдар, амьсгалын замын архаг өвчлөлүүдийн гол шалтгаан болдог тул нийтийн эрүүл мэндэд хамгийн хортой бохирдуулагчид тооцогддог.

Мөн эдийн засгийн үр ашгийн хувьд, авто замын түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бууруулна. Тодруулбал, төсөл хэрэгжих 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардал хоёр чиглэлд өдөрт 99.22 сая ам.доллароор буурна.

Хот байгуулалтын үр ашгийн тухайд, бүсүүдийн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлж, хүн амын төвлөрлийг сааруулна. Өртөөнүүдийн ойролцоох газрын үнэ цэн нэмэгдэж, шинэ орон сууц, бизнесийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт эрчимжинэ.

Нийгмийн үр ашгийн хувьд, иргэдийн зорчих хугацааг эрс хэмнэнэ. Тухайлбал, автобусаар 90-100 минут зарцуулдаг нэгдүгээр шугамын зайг 30-35 минутад, хоёрдугаар шугамын чиглэлд 40-45 минутад зарцуулах нөхцөл бүрдэнэ. Мөн өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр нийт 230,000-270,000 ажлын байр шинээр бий болж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөллийг үзүүлнэ. 


Улаанбаатар трам төсөл хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулна  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй