Шууд Chart

Монгол найрал дуучид Москвад Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцоно

2019-04-01 18:15:20

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан "Болор одод" найрал дууны уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн байранд боллоо. Эл найрал дууны уралдаан хойд хөршид жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ онд 13 дахь жилдээ болсон юм. Хойд хөршийн ШШГЕГ-ын зөвлөх генерал В.Н.Муловын санаачилсан уг найрал дууны наадмыг ОХУ-ын Ардын жүжигчин Иосиф Кобзоны байгуулсан “Кузнецкий мост" сан ивээн тэтгэдэг аж.

Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан "Болор одод" хүүхдийн найрал дууны уралдаанд нийслэл болон орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцсон. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль, Дорноговь аймгийн тавдугаар сургууль болон МСҮТ-ийн баг, “Эрдмийн өргөө” цогцолбор, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургууль, Орхон аймаг, Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль, МУБИС-ийн лицей сургууль, СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль, “Хобби” сургууль, “Улаан бүч” чуулга, Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 13 баг гран-при шатанд өрсөлдсөн.

"Болор одод" Орос, Монгол найрал дууны анхдугаар уралдааныг ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цэргийн прокурор, хурандаа Непомнящих Игорь Витальевич, ОХУ-ын Элчин сайдын яамны атташе Панкова Ксения Юрьевна, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий хормейстр, ахмад О.Эрдэнэцог, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий хормейстер, Соёлын тэргүүний ажилтан Н.Дашбямба, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн,  хормейстер Д.Алтантуул нар шүүсэн юм.

 

“Цагаан лавай” студид 600 найрал дууч эх орны сэдэвтэй дуунуудыг эгшиглүүллээ

Сэтгэмж цогцолбор сургуулийн 11Б ангийн сурагч, МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын найрал дууны ангийн сурагч Б.Учрал: -Манай чуулга нийтдээ 50 гаруй хүүхэдтэй. Түүнээс "Болор одод" найрал дууны анхдугаар уралдаанд 40 хүүхэд оролцож байна. Манай “Улаан бүч” чуулгын 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойгоо угтаж, анхны бие даасан цомгоо гаргасан. Хүмүүсийн гар дээр хэдийнэ очсон байх. Мөн бид түүхт ойгоо тохиолдуулан баярын тоглолт зохион байгуулах гэж байгаа. Энэ тоглолтод “Улаан бүч” чуулгын үе үеийн найрал дуучин ах, эгч нар маань урилгаар ирж оролцоно. Мөн энэ тоглолтоороо “Улаан бүч” чуулгын өмнөх төгсөлтүүдийн найрал дуучдын дуулж байсан хуучны дуугаа сэргээж дуулахаас гадна шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ.

"Болор одод" найрал дууны анхдугаар тэмцээн маш гоё зохион байгуулагдаж байна. Өрсөлдөгч багууд маш хүчтэй байна гэж бодсон. Оролцсон баг бүр цэрэг эх орны сэдэвтэй орос, монгол хоёр дуу дуулж өрсөлдөж байна. Манай найрал дууны хамтлаг монгол дууны төрөлд “Улаан бүч” чуулгын удирдаач, Соёлын тэргүүний ажилтан У.Мөнхжаргал багшийн аяыг нь зохиосон  “Домогт Халхын гол” дууг дуулж өрсөлдсөн” гэлээ.

“Бадмаараг” ахлах сургуулийн 11А ангийн сурагч Г.Агваантөмөр: -“Би багаасаа дуу, хөгжмөөр дагнан хичээллэсэн ч анх удаа найрал дууны уралдаанд орж байгаа болохоор эхэндээ сандарсан. Харин тайз руу гараад дуугаа дуулахад сандрахаа больсон. Манай “Бадмаараг” ахлах сургууль урлагийн мэргэжлээр их, дээд сургуульд элсэхэд мэдэх шаардлагатай анхан шатны мэдлэг, арга барилуудыг олгодог. Мөн урлагийн сургуулийн I, II курсэд ордог хичээлүүдийг сурагчдад заадаг. Миний хувьд морин хуурчаар суралцаж байгаа. Цаашдаа энэ чиглэлээрээ гүнзгийрүүлэн сурч хөгжмийн мэргэжил эзэмшихийг хүсдэг. Хамт олонтойгоо нэг цул болж, “Болор одод” уралдаанд оролцож байгаадаа маш их баяртай байна. Анх найрал дуу дуулахад чихэнд хоногшоогүй хөг, аяыг зөвхөн нот хараад гаргахад бага зэрэг хүндрэл гарч байсан. Хичээл бэлтгэлдээ хамрагдаад хамт олонтойгоо нэгдсэний дараа нэг хүн шиг жигдрээд нэгэн цогц болж дуулах тэр мэдрэмж хамгийн гоё байдаг” хэмээв.

Дорноговь аймгийн МСҮТ-ийн Дуу хөгжмийн багш Г.Сүрэн: -“Бид 16 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дууны баг бүрдүүлсэн. Дараа нь аймгийнхаа тавдугаар сургуулийн 11 дүгээр ангиас найрал дууны хамтлагтаа хүүхдүүд нэмж авсан. “Болор одод” уралдаанд Дорноговь аймгаас 30 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлаг оролцож байна. Мөн дууны сонголтоо хийхдээ хүүхдүүдийнхээ дуу хоолойнд тохируулахаас гадна сэдэвтэйгээ уялдуулж, хүн бүхний мэддэг “Журавли” орос дууг, “Хөх даалимбан тэрлэг” найраглалын “Бүүвэйн дуу”-г сонгосон” гэлээ.

Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн 11Г ангийн сурагч Э.Болормаа: -“Би тавдугаар ангиасаа найрал дууны хамтлагт орсноос хойш дуулж эхэлсэн. Найрал дууны хамтлагтайгаа дуулахаас гадна гоцлож дуулдаг. Мөн тавдугаар ангидаа сургуулийнхаа 20 жилийн ойн тоглолтод оролцсон. Өнгөрсөн жил 25 жилийн ойн тоглолтдоо оролцсон. Манай Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дууны хамтлаг олон уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Мөнгө хамтлагийнхан маань байнга хамт байдаг учир бие биенээ маш сайн мэддэг болсон. Жишээлбэл, бие биенийгээ юунд дуртай, юунд дургүй гэдгийг мэднэ. Найрал дуугаар хичээллэснээр урлагийн мэдрэмж болон багаар ажиллах чадвар хөгждөг” гэв.

“Болор одод” анхдугаар уралдаанд “Бадмаараг” сургуулийн найрал дуучид түрүүллээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар анх удаа Монгол Улсад зохион байгуулагдсан “Болор одод” найрал дууны уралдааны дүн гарахад СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” ахлах сургуулийн Я.Алтансувд багштай найрал дууны хамтлаг 343.5 оноогоор тэргүүн байрт шалгарч, ОХУ-ын Байгаль далайн зусланд долоо хоног удирдсан багшийн хамт амрах эрхийн бичгээр шагнууллаа. Харин дэд байрын эзнээр 341.5 оноогоор МҮОНРТ-ийн дэргэдэх хүүхдийн найрал дууны У.Мөнхжаргал багштай “Улаан бүч” чуулга тодорч, удирдагч багшийн хамт “Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичгийн эзэд болов. Удаах буюу гуравдугаар байрт 333 оноогоор Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн Соёлын тэргүүний ажилтан Л.Отгонцэцэг багштай “Цагаан сарнай” найрал дууны хамтлаг шалгарч өргөмжлөл, хоёр сая төгрөг хүртсэн юм.

Мөн “Болор одод” найрал дууны анхдугаар уралдааны шүүгчид шилдэг хоёр удирдаач багш шалгаруулсан бөгөөд “Улаан бүч” чуулгын хормейстер, Соёлын тэргүүний ажилтан У.Мөнхжаргал, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хормейстер Л.Отгонцэцэг нар шалгарч, өргөмжлөл, 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртэв.

Түүнчлэн “Болор одод” найрал дууны анхдугаар уралдаанд түрүүлж, Үндэсний ялагч болсон “Бадмаараг” ахлах сургуулийн найрал дууны хамтлаг ОХУ-ын нийслэл Москва хотын "Улаан талбай"-д болох Ялалтын жагсаалын дараах хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөнө.

Үүнээс гадна Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулах Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын гала концертод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Тус гала тоглолтод Монгол, Оросын найрал дууны хамтлаг, найрал дуучид оролцож, ая дуугаа үзэгч түмэнд өргөх юм.

Шагнал гардуулах үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, “Болор одод" найрал дууны анхдугаар уралдааныг санаачлагч Л.Нинжжамц: -“Анхдугаар уралдаан маань “Цагаан лавай” студид амжилттай зохион байгуулагдаж, найрал дууны 13 хамтлагийн 600 орчим хүүхэд цугларан дуу хуураа өргөлөө. Энэ тэмцээнийг зохион байгуулснаар Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд ямар их авьяастайг харж, сонсож, бахархаж байна. Тиймээс МҮОНРТ-ээс “Болор одод” тэмцээнд оролцсон бүх баг, хүүхдийг шагнаж урамшуулахаар болсон. Тухайлбал, 10 баг, хамтлагт нийслэл, тухайн орон нутгийнхаа зусланд долоо хоног хамтлагаараа, багштайгаа амрах эрхийн бичиг, 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо. Мөн есдүгээр сард МҮОНРТ-ээс Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулж Улаанбаатар хотноо зохион байгуулах баярын гала концертод “Эрдмийн өргөө” цогцолбор, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургууль, Орхон аймаг, Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль, МУБИС-ийн лицей сургуулийн хамтлагийг оролцохыг урьж байна. Хүүхэд та бүхний дуулсан найрал дуунууд аав ээждээ, эмээ өвөөдөө, эх орондоо барьсан хамгийн сайхан бэлэг байлаа” гэсэн юм.

СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургуулийн Дуу хөгжим, найрал дууны багш Я.Алтансувд: -“Найрал дуугаар хичээллэснээр хүүхдүүд багаасаа урлагийн тухай ойлголт мэдлэгтэй болдог. Мөн өөрийн гэсэн арга барилаа эзэмшдэг. Манай сургуулиас “Болор одод" анхдугаар уралдаанд 40 найрал дуучин, хоёр морин хуурч хүүхэд оролцсон. Эл анхдугаар уралдаанд оролцож, өрсөлдөх хүсэл манай багш нар, сурагчдад аль алинд нь байсан. Тиймээс тэмцээний удирдамжтай танилцсан даруйдаа бэлтгэлдээ орсон.

“Болор одод" тэмцээнд хамтлагаараа оролцож, найрал дуучдынхаа дуу хоолойг өргөж, тэргүүн байрт шалгарсандаа маш их баяртай байна. Хүүхдүүд маань ОХУ-д тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцохоор болсон нь маш том шагнал байлаа” гэлээ.

МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын хормейстер, Соёлын тэргүүний ажилтан У.Мөнхжаргал: -“Болор одод” анхдугаар уралдаан үнэхээр сайхан болж өндөрлөлөө. “Улаан бүч” чуулгын түүхт 40 жилийн ой энэ онд тохиож байна. Би түүхэн ойн тоглолтын бэлтгэлээ хэдийнэ эхэлсэн. Тоглолтынхоо бэлтгэлийн хажуугаар “Болор одод” найрал дууны уралдаанд бэлдэж, амжилттай оролцсондоо баяртай байна. “Улаан бүч” чуулга энэ онд анхны бие даасан цомгоо гаргасан. Энэ цомогт “Улаан бүч” чуулгын өнгөрсөн 40 жил дуулж, амилуулсан найрал дуунууд орсон. Мөн манай чуулга дөрөвдүгээр сарын 16-нд Монголын хүүхдийн ордны концертын танхимд ойн баярынхаа тоглолтоо хийхээр болсон. Энэ тоглолтод “Улаан бүч” чуулгын үе, үеийн хормейстер, найрал дуучид оролцоно.

Манай чуулгын найрал дуучид “Болор одод” уралдаанд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондовын шүлэг “Домогт Халх гол” бүтээлийг дуулсан. Энэ дуу маань Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын Уран сайхны зөвлөлийн захиалгаар бүтээгдсэн. "Улаан бүч" чуулгын найрал дуучид энэ дуугаа ирэх есдүгээр сард МҮОНРТ-ээс Улаанбаатар хотод зохион байгуулах Халх голын ялалтын 80 жилийн ойн гала тоглолтод дуулна гэж бодож байна” гэв.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол найрал дуучид Москвад Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцоно  
Үзсэн: 5805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-13 22:40
Телевизээр үзэж байгаа. Үнэхээр сайхан тэмцээн болжээ. Оролцсон багш хүүхдүүд их урамтай байгаа нь харагдсан. Огшмоор сайхан болжээ. Амжилт хүсье.
Наран [127.0.0.xxx] 2019-04-04 23:17
Найрал дууны тэмцээнээ хэзээ ТВ-р гаргах вэ. МNB ТВ-р олон нийтэд гаргаасай гэж хусч байна. 25 жилийн омно Соелын Коллежид Алтансувд багшаар найрал дуу заалгаж байлаа. Мундаг багшдаа Баяр хургэе!
Зочин [127.0.0.xxx] 2019-04-02 10:55
uneheer goy temtseen bolson. mnb noimor 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1
Өргөс [127.0.0.xxx] 2019-04-02 10:16
Сэтгэгдлээ биччихээд нэрээ мартжээ. Уучлаарай.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-02 10:13
Зочин 127. 0 чиний сэтгэгдэл жинхэнэ "хар атаархал" гэдгийн сонгодог жишээ боллоо доо. Үхэх нь ээ чи. Монголчууд оюун ухаан, авъяас чадлаараа дэлхийд гайхуулсаар олон жил боллоо. Ная гарсан хөгшин дэлхийн аваргаас 3 алт, нэг мөнгө гээд 4 медаль аваад байгааг чи дуулаа ч үгүй байх өө. Хөгшин хүнийг үхүүлэх гэж тийш нь явууллаа гэх нь. Чамд Монголоо гэсэн сэтгэл бахархал гэж байдаг юм уу. Монгол хүүхдүүд агуу их ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор болсонд Монгол түмэн бахархан баярлаж байна. Чамаас бусад нь!!! Хичээл, хичээл гэнэ ээ. Тайзны их гэрэлд 2 цаг зогслоо л гэнэ. МҮОНТ анхнаасаа "Бадмаараг" -ийг явуулах зорилготой байсан ч гэх шиг. Жинхнэ "солиорол" гэдгийн жишээг ч харууллаа. Даанч дээ. Нинжжамцад баяр хүргэх хэрэгтэй. Маш мэдрэмжтэй бүсгүй гэдгээ ч харууллаа. Баяр хүргэе. "Бадмаараг" сургууль яалт ч үгүй Монголдоо сургууль. Олон сайхан уран бүтээлчдийг төрүүлсэн дээ. Хэлэх үг олдсонгүй үүнээс цааш. Ингээд зогсоё.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-02 10:11
энэ уралдаан уу эсвэл шоу байсан уу. хүүхдүүд уралдаанд оролцож нэг дуу дуулах гэж 1цаг 30 минут агааргүй орчинд зогсож сүүлдээ залхаж байсан Ер нь их л хэцүү ужралдаан болсон доо . Мэргэжлийн урлагийн сургуулийг жирийн ЕБС- тэй уралдуулж л байдаг . энэ уралдаан ч дээ хүүхдүүд битгтй хэл шүүж байгаа шүүгч нар хүртэл залхсан.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-02 09:37
найрал дууны жил бүрийн тэмцээн болж байхад дахиад ийм тэмцээн явуулаад цаана нь энэ олон хүүхдийн сурах суралцах хугацаанаас хумсалж байна гэж бодож болдоггүй юм уу хүүхэд тоглоом биш
Зочин [127.0.0.xxx] 2019-04-01 22:29
tanai television anhnaasaa badmaaragiig ywuulah zorilgotoi bsn ymshg sanagdsan temtseenii 2dahi udur oroh 5hamtlg oroogui baihad l badmaargiig tanaih turuulsen gej duudsan baisan gene bilee.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-02 00:32
Hvvhdvvdin hvch hudulmuruur show hiihee bolimoor yum. Taizni hvnd gereld 2 tsag zogsoj bichleg hiij 2 bsna duuluuldag temtseen haana ch baihq shv temtseen bish zver show hiichle shv de .

Бидэнтэй нэгдээрэй