Шууд Chart

Б.Мөнхдөл: “Туркойз хилл ресурс” компани Нью-Йоркийн шүүхэд дуудагдана

2014-02-10 09:14:59

“Овоот толгой”-н ордод үйл ажиллагаа явуулдаг “Сaус гоби ресурс”, “Оюутолгой”-н ордын 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компанийг гадаадын хуулийн фирмүүд хувьцаа эзэмшигчдийх нь өмнөөс шүүхэд өгөхөөр болсон талаар сүүлийн үед дэлхийн хэвлэлүүдэд онцлон бичих боллоо. Энэ асуудлаар “Ковер монголиа” компанийн ерөнхий захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч Б.Мөнхдөлтэй ярилцсан юм.

- Өмнийн говьд орших “Овоот толгой”-н нүүрсний ордод охин компаниараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг “Саус гоби ресурс” компанийг “Siskinds” хуулийн фирм хувьцаа эзэмшигчийнх нь өмнөөс шүүхэд өгөхөөр боллоо. Чухам юунаас болоод тэр вэ?
- Тронтогийн болон Хонгконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй бөгөөд манай улсад нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Саус гоби Ресурс” компани 2010 оны сүүлийн улирлаас 2012 оны эхний хагас жил хүртэлх санхүүгийн тайландаа өөрчлөлт оруулсан. Компанийн одоогийн хөндлөнгийн аудитор болох “Прайс уотерхаус куперс” компани, өмнөх хөндлөнгийн аудитор “Делоитт Туш” компаниуд зөвлөлдөж дээрх хугацааны тайланд өөрчлөлт оруулах шийдвэрлэсэн юм билээ. Өмнө нь тус компани “Овоот толгой”-н нүүрсийг худалдан авагчийн овоолгод буулгасан л бол борлуулсанд тооцдог байсан. Гэвч эцсийн худалдан авагч овоолгонд хүргэсэн нүүрсийг авахгүй байх тохиолдол цөөнгүй гарсан гэх мэдээлэл байгаа. Үүнтэй холбоотойгоор борлуулалтын орлого нь худлаа болж таарч байгаа юм. Тиймээс ч тус компани борлуулалтын орлого тооцох аргачлалаа өөрчилж, өнгөрсөн 2.5 жилийн хугацаан дахь санхүүгийн тайландаа засвар оруулсан. Ингэхдээ, овоолгонд буулгасан нүүрсийг бус, худалдан авагчийн машинд ачуулсан нүүрсийг борлуулсанд тооцож, дээрх хугацааны санхүүгийн тайландаа өөрчлөлт оруулсан байгаа.

- Энэ нь “Саус гоби ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийг хохироож, шүүхийн хаалга татахад хүргэсэн хэрэг үү?
- Ямар ч компанийн хувьцааны ханш орлогоосоо хамаарч хэлбэлзэж байдаг. Орлогогүй тохиолдолд ирээдүйд олох орлогын таамгаас шалтгаалж хувьцааны ханш хөдөлж байдаг гэж ойлгож болох талтай. Өөрөөр хэлбэл, компанийн орлого бол хувьцааны ханшид нөлөөлдөг гол хүчин зүйл юм. “Саус гоби ресурс”-ийн борлуулалтын орлого алдаатай байна гэдэг нь, залруулга хийгдсэн 2.5 жилийн хугацаан дахь хувьцааны ханш нь хөөстэй байсныг илтгэж байгаа. Тиймээс ч, 2010 оны тавдугаар сарын 14-нөөс 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл тус компанийн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчид хохирсон байх талтай. Тэдний өмнөөс Канадын “Siskinds” хуулийн фирм шүүхэд хандах гэж байгаа гэсэн мэдээлэл гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Хэрэв манай улсад “Саус гоби ресурс”-ийн хувьцааг дээрх хугацаанд худалдаж авсан хөрөнгө оруулагч байдаг бол, канадын хуулийн фирмэд хүсэлтээ гаргаж болох юм билээ.

- “Саус гоби ресурс” компанийн 56 хувийг “Туркойз хилл ресурс” компани эзэмшдэг шүү дээ. Тэгэхээр “Туркойз хилл ресурс” компанийн санхүүгийн тайлан хүртэл алдаатай, засвар орсон гэсэн үг үү?
-“Сaус гоби ресурс” компани тооцох ёсгүй зүйлийг борлуулалтын орлого дээрээ нэмж тооцсон. Үүнийг залруулахаар тус компанийн 2010 оны сүүлийн улирлаас 2012 оны эхний хагас жилийн орлого бага болж таарч байгаа юм. Охин компанийх нь орлого өмнө тайлагнаж байснаас бага гараад ирэхээр, толгой компани нь болох “Туркойз хилл ресурс”-ийн орлого ч мөн буурна. Тиймээс ч, охин компани нь санхүүгийн тайландаа өөрчлөлт оруулмагц, толгой компани нь хүртэл дээрх хугацааны санхүүгийн тайландаа давхар өөрчлөлт оруулах шаардлага гарсан. “Саус гоби ресурс”-ийн хувьцааны ханш өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд хөөстэй байсан гэж үзэж байгаа бол, “Туркойз хилл”-ийнх ч мөн ялгаагүй болж таарч байна. Хоорондоо уялдаатай эцэг, охин хоёр учраас тэр шүү дээ. “Саус гоби ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн өмнөөс Канадын хуулийн фирм зарга үүсгэх бэлтгэлээ хангаад явж байна. “Туркойз хилл”-ийн хувьцаа эзэмшигчдийн өмнөөс ч гэсэн хэд хэдэн хуулийн фирм зарга үүсгэх гэж байгаа.  

- “Саус гоби ресурс”-ийг бодвол илүү олон хуулийн фирм “Туркойз хилл ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шүүхэд хандах гэж байгаа гэсэн мэдээлэл байна?
- 2010 оны тавдугаар сарын 14-нөөс 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны хооронд “Туркойз хилл ресурс”-ийн хувьцааг авсан хөрөнгө оруулагчдын өмнөөс гадаадын арав гаруй хуулийн фирм АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд зарга үүсгэхээр болсон гэх мэдээлэл байна. Тухайлбал, “Levi & Korsinsky”, “Rosen”, “Brower Piven”, “Pomerants”, “Lieff Cabraser Heimann & Bernstein”, “Curtis V. Trinko”, “Bernstein Liebhard”, “Robbins Geller Rudman & Dowd”, “Wolf Haldenstein Adler Freeman & Herz”, “Ademi & O'Reilly”, “Glancy Binkow & Goldberg”, “Bronstein, Gewirtz & Grossman” зэрэг хуулийн фирмүүд “Туркойз хилл ресурс” компанийг хувьцаа эзэмшигчдийнх өмнөөс шүүхэд өгөх гэж байгаа юм билээ. Мэдээж тэд, өөрсийгөө хохирсон гэж үзэж байгаа хөрөнгө оруулагчдын саналыг авч шүүхэд хандах ёстой. Хуулийн фирмүүд хөрөнгө оруулагчдаас санал авах эцсийн хугацаа маргааш дуусгавар болно. Хэрэв хөрөнгө оруулагчид хуулийн фирмүүдэд хүсэлтээ илэрхийлэхгүй бол шүүх ажиллагаа болохгүй гэж ойлгож болно. Харин гомдол гаргагчид их байвал, олон хохирогчтой буюу класс акшион төрлийн шүүх ажиллагаа явагдах байх. Энэ тохиолдолд хуулийн фирмүүд нэгдэж, нэг хуулийн өмгөөлөлтэй, нэг хохирогчийн төлөөлөлтэй болоод шүүх хуралд оролцдог юм.

- Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн, ихээхэн нөөцтэй орд болохоор монголчууд Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс”-ийн хувьцаанаас заасан хугацаанд худалдаж авсан байхыг үгүйсгэхгүй. Тэд дээрх хуулийн фирмүүдэд хандаж болох нь ээ?
- “Туркойз хилл ресурс” компанийн хувьцааг заасан хугацаанд авч, өөрсдийгөө хохирсон гэж үзэж байгаа хөрөнгө оруулагчид хандана уу гэсэн мэдээллийг хуулийн фирмүүд хэдэн сарын өмнөөс гаргаж эхэлсэн. “Туркойз хилл ресурс”-ийн хувьцааг заасан хугацаанд худалдаж авсан ямар ч хөрөнгө оруулагч маргаашийн дотор хуулийн фирмүүдэд хандаж болно. Бүх хуулийн фирмүүд цахим хуудсандаа өргөдөл гаргах маягт байршуулсан байж харагдсан. Тэнд овог нэрээ, холбоо барих хаягтайгаа бүртгүүлэх ёстой юм билээ. Мөн хэзээ, хэдэн ширхэг хувьцаа худалдаж авсан гэдгээ ч бүртгүүлэх ёстой. Хувьцааны тоо ширхэгээ бүртүүлэхээр хуулийн фирмүүд хэдий хэмжээний алдагдалтай болохыг тооцож, хөрөнгө оруулагчдын өмнөөс шүүхэд хандаж “Туркойз хилл”-ээс мөнгө нэхэмжилнэ гэж ойлгож байгаа.

-Заасан хугацаанд хувьцаа авсан ч, үүнийгээ хожим зарсан бол хуулийн фирмүүдэд хандаж болох уу?
- Миний түрүүн хэлсэн 2010 оны тавдугаар сарын 14-нөөс 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны хооронд хувьцаа эзэмшиж байсан хөрөнгө оруулагчдад энэ мэдээлэл хамаатай. Энэ хугацаанд хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч өөрийгөө хохирогчоор бүртгүүлэх боломжтой. Хожим хувьцаагаа зарсан байх нь хамаагүй. Заасан хугацаанд худалдаж авсан нийт хувьцааныхаа тоог хуулийн фирмүүдэд бүртгүүлээд, дансны хуулгаа тэдэнд гаргаж өгөх ёстой. Заасан хугацаанаас хойш “Саус гоби ресурс” болон “Туркойз хилл ресурс” компанийн хувьцааг авсан хөрөнгө оруулагчдад энэ нь ямарч хамааралгүй мэдээлэл гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

- Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компанийг шүүхэд өгөх нь гадаадын хуулийн фирмүүдэд өөрт нь ямар ашигтай гэж?
- Хуулийн фирмүүд шүүхдээд ялагдвал, тэд гомдол гаргасан хөрөнгө оруулагчдаас  ямар ч төлбөр авахгүй гэж байсан. Ялагдсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдээс ямар нэгэн зардал гарахгүй, хуулийн фирмүүд гарах бүх эрсдлийг өөрсдөө хүлээнэ гэсэн үг л дээ. Харин ялсан тохиолдолд, нэхэмжилсэн мөнгөний тодорхой хувийг авна байх. Ер нь 20-40 хувийг нь авдаг жишиг байдаг юм билээ. 

- Одоогоор хичнээн хөрөнгө оруулагч дээрх хуулийн фирмүүдэд хандаж, гомдол гаргаад байгаа бол. Энэ талаарх судалгаа бий юу?
- Хувьцаа эзэмшигчдээс санал авч дуусаагүй байна. Эцсийн хугацаа нь хараахан дуусаагүй байгаа учраас ямар нэг мэдээлэл хуулийн фирмүүдийн зүгээс хийгээгүй байна. Энэ талаар одоогоор ямар ч мэдээлэл алга. Гэхдээ “Туркойз хилл ресурс” компанийн томоохон хувьцаа эзэмшигчид дээрх хуулийн фирмүүдэд хандсан байх гэж бодож байна. Хандсан болоод л, хуулийн фирмүүд итгэлтэйгээр эрсдэл хүлээж, шүүх хуралд оролцох гэж байна гэж бодож байна. Хуулийн фирмүүд нэгэнт ийм эрсдэлтэй зүйлд хөл тавьж байгаа учраас ялахын төлөө явах байх.

Ярилцсан А.Энхтуул

Нийтэлсэн: А.Энхтуул

Б.Мөнхдөл: “Туркойз хилл ресурс” компани Нью-Йоркийн шүүхэд дуудагдана  
Үзсэн: 6601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-03-24 22:35
duugai l avah yum aa avaach ee dandaa yu ch chadahgui bj olon yum hutsna mongol mongo orj irvel l sain yum bish uu
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-02-10 10:36
hydlaa urij bna

Бидэнтэй нэгдээрэй