
Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Ичиро Цүкада санамсаргүй хэлсэн үгнээсээ болж огцрох шийдвэр гаргасан тухай “Киодо” агентлаг мэдээллээ.
Ичиро Цүкада нь Фүкүока мужид сонгогчидтойгоо уулзах үеэрээ Ямагүти, Фүкүока мужийн хооронд тавигдаж байгаа шинэ замын барилгын ажлын талаар мэдээлэл өгчээ. Энэ бол Ерөнхий сайд Шинзо Абэ, Шадар сайд Таро Асо нарын төрсөн муж юм. Ард түмний дунд “Абэ-Асо зам” хэмээн алдаршсан энэ төсөл 2008 онд зогссон ч 2017 онд дахин сэргээсэн байна.
Ичиро Цүкада иргэдтэй уулзах үеэрээ төслийг сайжруулах боломжийг төсвийн мөнгөөр судлах үүрэг өгсөн гэжээ. Тэрбээр энэ асуудлаар Ерөнхий сайд, Шадар сайд нараас шууд зааварчилгаа аваагүй ч Шинзо Абэ, Таро Асо нар үүнийг хүсч байсан гэдэгт итгэлтэй байна гэж тэмдэглэн хэлжээ.
Удалгүй тэрбээр хэлсэн үгэндээ уучлалт гуйж, буруу зүйл хэлсэн гэж мэдэгдсэн байна. Сөрөг хүчний намуудаас Ичиро Цүкадаг шүүмжилж эхлэхэд Ерөнхий сайд Шинзо Абэ дэд сайдыг хэлсэн үгэндээ тайлбар тавихыг шаарджээ.
Япон улсын Засгийн газраас энэ зам барилгын төлөвлөгөөний илүү зардлыг улсын төсвөөр барагдуулна гэдгээ өнгөрсөн сарын сүүлчээр зарласан юм.
Дэд сайд Ичиро Цүкада санамсаргүй хэлсэн үгнээсээ болж огцорлоо | ||
Үзсэн: 1145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.