Шууд Chart

Улсын байцаагчийн гарын үсгийг дуурайсан, гарал үүслийн хуурамч гэрчилгээ үйлджээ

2019-04-10 12:01:59

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн мах ачсан том оврын тээврийн хэрэгсэл саатуулагдсантай холбоотой Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд 14:00 цагийн үед Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу 20 гаруй тонн эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн мах ачсан том оврын тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот орох замд Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх постын хяналт шалгалтаар илэрч саатуулагдсан талаарх мэдээлэл орон даяар цацагдсан.

Тухайн үед тээвэрлэсэн махны Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд тус махыг Өлгий сумын иргэн Ерлан ачуулж, Улаанбаатар хотын Цансэнтианий ХХК гэх Хятад нэртэй компани хүлээж авахаар бичигдсэн бөгөөд гэрчилгээг малын их эмч Ж.Онгар олгож, Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянан баталгаажуулсан талаар бичигдэж, тамга тэмдэг дарагдсан байв.

Энэхүү асуудлын талаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээж шалгах явцад дээрх саатуулагдсан 20 гаруй тонн үхрийн махыг Өлгий сумын иргэн М, түүний эхнэр М, эхнэрийн дүү болох Х.Ерлан нар янз бүрийн хүнээс гарал үүслийн гэрчилгээгүй махыг захын үнээс хямд үнээр худалдан авч цуглаж, хадгалж байсан нь тогтоогдов. Түүнчлэн энэ махыг Улаанбаатарын иргэн н.Баярхүү захиалж, нийт 60 сая төгрөгөөр 20 гаруй тонн мах бэлтгүүлсэн нь, Мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянаж баталгаажуулаагүй, тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гарал үүслийн гэрчилгээг Ж.Онгар олгосон болох нь, мөн уг гэрчилгээнд багийн Засаг даргын тамгыг ямар тамга гэдэг нь мэдэгдэхээргүй бүдэг дарсан. Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн хүчингүй болсон тэмдгийг буюу Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжихээс өмнөх Мал эмнэлгийн хяналтын улсын албаны /2003 оноос өмнөх/ тэмдгийг дарж хуурамчаар үйлдсэн болох нь гэрч холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдов.

20 гаруй тонн махыг одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулж байгаа ба шинжилгээний дүнг үндэслээд хэрхэх асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор Зөрчлийг шалгаж байгаа бөгөөд цаашид гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлэх болно.

Жич: Иргэн “М” нь 2019 оны хоёрдугаар сарын 26-нд Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үхсэн малын махыг бэлтгэн хадгалж байсан зөрчлийг илрүүлж, махыг хураан авч, устгаж, дахин энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар сануулга өгч, Мэргэжлийн хяналтын газраас торгуулийн арга хэмжээ тооцож байсан болно.

Зарим хариуцлагагүй мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн хууль бус үйлдлээс болж аймаг, тухай аймгийн иргэд, Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад төрийн байгууллагуудын нэр  хүндийг унагааж олон нийтэд сөрөг мэдээлэл түгээх, буруу ойлголт өгөх явдлыг таслан зогсоохыг мэдэгдье. Мөн ард иргэдэд байна.

Энэ асуудлын талаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс хэвлэлийн хурал зохион байгуулж, телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргүүлэх болно” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улсын байцаагчийн гарын үсгийг дуурайсан, гарал үүслийн хуурамч гэрчилгээ үйлджээ  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй