
Цагдаагийн ерөнхий газраас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, хурандаа Э.Бат-Эрдэнэ “Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэгтэй холбоотой иргэдээс ирдэг өргөдөл, гомдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар буурсан. Цаашлаад энэ төрлийн гэмт хэрэг 49 хувиар буурсан. Цагдаагийн байгууллагаас 2019 оны нэгдүгээр улиралд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн. Олон талт ажил, арга хэмжээний дүнд гэмт хэргийн тоо буурсан гэж дүгнэж байна.
Гэвч нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай болсон тул нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон “Улаанбаатар смарт карт” компани, нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтран уулзалт зохион байгуулсан. Уулзалтын дүнд ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтийн тээвэрт явж байгаа бүх автобусыг камержуулахаар болсон. Мөн эмнэлэгт гардаг хулгайн хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ-тэй хамтраад “Аюулгүй бүс” аян зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд ЭХЭМҮТ-д 32 камер, ХСҮТ-д 96 камер суурилуулах бэлтгэл ажил хангагдсан. Эдгээр арга хэмжээний хүрээнд зохион байгуулалттай гурван бүлэг, 18 этгээдийг дайчлан баривчилж шалгасан. Хууль бусаар гар утас, эд зүйлийг худалдан борлуулдаг гурван ченжийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээр ченжээс нийт хууль бусаар олж авсан, эх сурвалж нь тодорхойгүй 70 гаруй гар утас хураан авч хохирогч тогтоох ажиллагаа явуулж байгаа. Цаг агаар дулаарахаар халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Гудамж, талбайд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул иргэд өөрсдийн эд зүйлээ алдахаас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.
Нийтийн тээврийн бүх автобусыг камержуулна | ||
Үзсэн: 722 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.