
Цагдаагийн ерөнхий газраас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Товуудорж “Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний гурван сард нийтийн байр, ААН байгууллагатай байгуулсан гурвалсан гэрээ, ломбард гэсэн арга хэмжээ зохион байгуулсан. Нийслэлд орон нутгаас ирж гэмт хэрэг үйлдэж буй хүний тоо өсөх хандлагатай байна. Эдгээр хүний дийлэнх нь хотод нийтийн байр түрээсэлж амьдарч, шөнө оройн цагаар гарч гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар 649 аж ахуйн нэгж, байгууллага нийтийн байр түрээслэх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 195, ямар нэг зөвшөөрөл аваагүй 454 аж ахуйн нэгж, байгууллага бий. Дээрх шалгалтын явцад цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол, этгээдийг нийтийн байранд байгааг олж тогтоосон.
Үүнээс гадна дээрэмдэх гэмт хэрэг I, IV улиралд ихсэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор хэсэгчилсэн арга хэмжээг бусад нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна. Үр дүнд нь дээрмийн гэмт хэрэг үйлдээд гадуур шалгагдаж буй 17-35 насны 143 иргэнд хууль таниулах, давтан гэмт хэрэг үйлдэхгүй байх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ авсан. Цаашлаад дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласны үр дүнд 21 этгээдийг баривчилж, 76 гэмт хэрэг илрүүлсэн” гэлээ.
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд нийтийн байранд байжээ | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.